Б.Түвшин: Нийслэлийн хөгжлийн чиглэл нь “ухаалаг засаглал”, “ухаалаг хот” юм

        НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин “Өнгөрсөн 4 жилд хотод хийгдсэн  ажлын хамгийн том ололт нь иргэдийн сэтгэлгээний хувьсгал байлаа” хэмээн дүгнэсэн байна. Энэ талаар бид түүнтэй дэлгэрүүлж  ярилцсанаа толилуулъя.

 

-Нийслэл хотод өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа үр дүнг Та иргэдийн сэтгэлгээний хувьсгалтай холбон тайлбарласан байсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

 

-Нийслэлийн удирдлагын баг өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, менежментийн   эрс шинэчлэлийг хийж чадлаа. Нэг үгээр бүтээн байгуулалтын хувьсгал хийсэн гэж хэлж болно. Гэхдээ бидний хийсэн ажил нэг талдаа бүтээн байгуулалт мэт харагдавч, нөгөө талдаа тэр ажлууд маань иргэдийг их хотын хариуцлагатай, нийтийн ухамсартай соёлд хөтөлсөн давхар агуулгатай байсан. Өөрөөр хэлбэл, хотын иргэдийн сэтгэлгээнд маш том хувьсгал гарсан гэсэн үг. Ингэж иргэдийн сэтгэлгээнд хувьсгал хийж чадсанаараа иргэдийн ухамсар, хариуцлагад тулгуурласан дараа дараагийн олон ажлууд маань амжилттай хэрэгжих суурь болж өглөө. 

 

-Тухайлбал?

 

-Олон жишээ байна л даа. Хотын хувьд олон жил яригдаж, байнга иргэдийг бухимдуулдаг байсан асуудлын нэг нь хур хог байсан. Бид хог хаягдлын цогц менежмент хийж асуудлыг шийдвэрлэсэн. Энгийнээр хэлэхэд хог тээвэрлэх автомашины парк шинэчлэл, тогтмол тээврийн үйлчилгээ, тээврийн хөлсийг хийснээр нь тооцож олгох, ахуйн хог хаягдлыг зориулалтын уутанд хийлгэж хэвшүүлэх, нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээг өргөжүүлэх, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон ажлууд энэ менежментийн хүрээнд хийгдсэн. Хамгийн чухал нь нэг талдаа иргэд, аж ахуйн нэгж, нөгөө талдаа хог тээвэрлэдэг, цэвэрлэдэг компаниуд аль аль  нь энэ менежментийг хүлээн зөвшөөрч, цаашид хотын хэн нэгэн даргын шаардлага, шаахаасгүйгээр гүйцэтгэдэг тогтолцоонд шилжсэн. Энгийн амьдралд ногоон уут тараахаа больсон ч гэсэн иргэд хогоо ил задгай хаяхаа больж уутанд хийдэг болсон. Энийг миний дээр хэлсэн сэтгэлгээний хувьсгал гэж ойлгож болно. 

 

 -Дээрх ажлыг хийхэд хүндрэл бэрхшээл олон л тохиолдож байсан байх?

 

-Хүндрэл бэрхшээл байлгүй яахав. Олон жил тогтсон, хэвшмэл арга барилаар цааш явах гэсэн хуучинсаг нөхдүүд, тэдний удирдлагад олон жил явсан гүйцэтгэгчид, шинэчлэлд үл итгэсэн цөөн хэсгийн шаргуу шүүмжлэл гээд л. Гэхдээ бид тэдэнтэй ойлголцоод, хамтраад явж чадсан. Ингэж олон жил бугшсан хуучинсаг тогтолцоог халж чадсан учраас бид  сэтгэлгээний хувьсгал гээд байгаа юм. 

 

-Энэ бол хотын менежментийн багийн ажлын үр дүн гэж хэлж болох  байх?

 

-НИТХ  бол хувийн байгууллага  биш. Тэгэхээр энэ бол багийн ажил. Багаараа ажиллаж байж бид үр дүнд хүрдэг. Манай баг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлээр ахлуулан 4 жил шаргуу ажиллалаа. Энд алдсан зүйл бий ч, оносон нь илүү их. Мөлхөж яваа хүн унадаггүй, харин гүйж яваа хүн л бүдэрдэг гэдэг биз дээ. Хамгийн том хүндрэл бол манайд төдийгүй дэлхий даяар нүүрлээд байгаа эдийн засаг, санхүүгийн хямрал. Энэ хямрал бэрхшээл  бидний ажлыг санаж төлөвлөснөөс удаашруулсан нь үнэн. Гэвч өнгөрсөн дөрөвхөн жилд өмнөх 20 гаруй жилд хийснээс илүүг хийсэн нь бас үнэн. 

 

 -Smart city буюу ухаалаг хот, ухаалаг засаглал гэж сүүлийн үед их ярих боллоо. Иргэдийн ухамсар сэтгэлгээний хувьсгалд суурилсан дараа дараачийн ажил гэдэгт энэ орох уу?

 

-Тэгэж хэлж болно. Ер нь хотыг хөгжүүлэх асуудлыг ярихдаа нэн түрүүнд хотын өөрийнх нь чиг үүргийн тухай ярих шаардлагатай. Хотын чиг үүрэг нь иргэддээ үйлчлэх. Урьд нь иргэдэд  үзүүлдэг энэ үйлчилгээ нь иргэд рүүгээ чиглэсэн биш, иргэд нь гуйж, гүйж авдаг үйлчилгээ байлаа шүү дээ. Хотын иргэд  ямар нэг үйлчилгээ авах гэж хэн нэгний үүдийг хэд хоногоор сахьдаг.  Дарга нарын гарын үсгийг авах гэж олон газраар орж хайран  цагаа үрж, уур бухимдлаа бардаг байсан. Энэ бол социализмын үеэс өвлөж авсан хөшүүн царцанги, хүнд сурталд суурилсан систем юм. Ийм нөхцөл нь  авилга, хээл хахуулийг бий  болгож, төрийн үйлчилгээг танилын үйлчилгээ болгоход хүргэсэн гол шалтгаан байлаа. Эдгээр асуудлыг шийдэх гарц нь ухаалаг засаглалыг хэрэгжүүлж, цахим үйлчилгээг нэмэгдүүлэх гэдэг дээр манай баг санал нийлж ажилласан. Үүнийгээ улам боловсронгуй болгохын тулд зөв оновчтой аргаар мэдээлэл цуглуулж, дүгнэлт, тооцоолол хийж, боловсруулсан мэдээллийн нэгдсэн баазыг  үүсгэх зэрэг дараагийн шатны ажлуудыг гүйцэтгэж байна. Бид энэ ажлаа  “Цахим шийдэл“ гэж нэрлэж байгаа. Ер нь “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой, шуурхай шийдвэрлэж байх цомхон, чадварлаг бүтэцтэй, энгийн ойлгомжтой дүрэм журам бүхий үйлчилгээтэй хотыг бүтээхээр зорьж ажилласан.

 

-Ухаалаг хот, ухаалаг засаглалыг иргэд хэрхэн ойлгож хүлээж авч байна вэ?

 

-Нийгэмд ухаалаг засаглал, ухаалаг хотын талаар нэгэн хэвшмэл буруу ойлголт байдаг. Тэр нь юу вэ гэхээр мэдээллийн технологийн шийдэл буюу software, hardware дээр тулгуурласан хэдэн том сервер байхад л болчих мэтээр ойлгодог.  Гэтэл энэ нь ердөө л ухаалаг засаглал, ухаалаг хотыг бий болгоход хэрэглэх хэрэглэгдэхүүн юм. Хамгийн гол нь системийн төлөвлөлт  буюу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын уялдаа холбоог нягт төлөвлөж, ажиллах зарчмыг тодорхойлоход оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийг ашиглан иргэдэд бага зардлаар төрийн олон төрлийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх явдал. Энэ ажлын нэг тод жишээ нь ТҮЦ машин болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв юм. Бид ийм үйлчилгээний гурван ч төвийг байгуулсан. Эхнийх нь Дүнжингарав худалдааны төв дэх үйлчилгээний нэгдсэн төв. Хоёр дахь нь Драгон төв, удаах нь төвийг бид саяхан Мишээл экспо худалдааны төвд байгуулаад байна. Иргэд маань өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс  төрийн захиргааны 25 байгууллагын 230 гаруй үйлчилгээг ямар ч чирэгдэлгүй авдаг болсон.

 

-Энэ үйлчилгээг хэрхэн бий болгосон талаар арай дэлгэрэнгүй ойлголт өгөөч?

 

-Эхний ээлжинд шийдвэр гаргах үйл явцыг шинээр дахин ангилж, хүнд суртал үүсгэж байсан дүрэм журам, заавруудыг эргэн харж, цэгцлэх, дээрх өөрчлөлтүүдийг эрх зүйн орчинд нийцүүлэх, төрийн байгууллагуудын эрэмбэ дарааллыг тогтоож, үл ойлголцол, ялгаа зөрүүтэй байдлыг арилгах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, үйлчилгээний хяналт, үнэлгээний бүтцийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийсэн. Үүний үр дүнд мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн иргэдэд нэг цонхноос үйлчлэх боломж бүрдсэн. Энэ үйлчилгээг хэрэгжүүлснээр иргэдийн цаг, зардлыг багасгаж чадсан гэхээсээ илүүтэй хүнд суртлын үйлчилгээний тогтолцоог өөрчилж, шинэчилж болдог, хамгийн гол нь ухаалаг засаглалыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг иргэдэд ойлгуулж, бодитой харуулж чадсанд ач холбогдол нь оршиж байгаа юм. Иргэд энэ үйлчилгээнд сэтгэгдэл маш өндөр байгаа. Дашрамд хэлэхэд, ухаалаг засаглалын технологийн гүйцэтгэлийг монголчууд өөрсдөө нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдэг нь харагдсан. 

 

-Төрийн үйлчилгээг ийнхүү цахимжуулах нь төрийн захиргааны чиг үүрэгтэй яаж уялдаж байна вэ?

 

-Төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг нь засаглалыг хэрэгжүүлэх, нөгөө нь иргэдэд үйлчлэх юм.  Хүчтэй засаглалыг хэрэгжүүлэх, иргэдэд үйлчилгээг улам ойртуулах гэсэн хоёр талд тэнцвэртэй ажиллах нь бидний гол зорилго. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг авилгагүй, хүнд сурталгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэх, нөгөө талд нь нээлттэй, ил тод, сайн засаглалыг бий болгох. Жишээ нь, эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар газар олгодог зэргээс болж газартай болно гэдэг жирийн иргэний хувьд танил талтай байх, эсвэл гар цайлгах ёстой гэсэн ойлголт тогтсон байсан. Энэ “газрын наймаа” гэх бусармаг үйлдлийг зогсоож, газар эзэмших, ашиглах эрхийг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, цахим газар олгол зэргээр олгож, газрын маргаантай асуудлуудыг ямартай ч цэгцэллээ. 

 

-Энэ бүгд танай багийн амжилт гэж хэлж болох уу?

 

-Дээр дурьдсан энэ бүх ажлыг хотын удирдлагын хамт олон нэг баг болж, санаа сэтгэл нэгтэйгээр хэрэгжүүлж чадсан нь өөрөө том амжилт мөн.  Гэхдээ амжилт бол зорилгод хүрсэн эсэхээр тодорхойлогдоно. Бид зорилгоо дөрвөн жилийн өмнө тодорхойлж, одоо үр дүнгээ иргэдээрээ үнэлүүлэх л үлдэж байна. Ер нь хотын удирдлагыг амжилттай ажилласан эсэхийг хотын хөгжлийн индекс үзүүлэлт буюу бүтээн байгуулалт, хийгдсэн ажлууд нь нийгмийн давхарга бүрт хүрч чадсан эсэхээр нь үнэлдэг олон улсын жишиг аргачлал байдаг. Дэлхийн олон хотууд 1996 оноос НҮБ-аас гаргасан энэ индексээр ажлаа үнэлүүлдэг болсон. Энэ аргачлалаар хотын хөгжлийг үндсэн таван үзүүлэлтээр тодорхойлж байгаа юм. Бүтээмжийн, дэд бүтцийн, хог хаягдлын, эрүүл мэндийн, боловсролын зэрэг асуудлуудыг цогцоор нь тооцдог. Манай баг эдгээр чиглэлүүдээр нүдэнд харагдахуйц ажлуудыг хийж чадсан. 

 

-Бидэнтэй цаг гарган ярилцсан Танд баярлалаа. Таны болон танай баг хамт олонд амжилт хүсье. 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)