С.Баярцогт Сэлэнгийнхнээр “турхируулж” нэр дэвших санаа өвөртлөв үү

 

        Оффшор бүсэд данстай төрийн  олигархуудын буухиа одоо ч тасраагүй байна. Тэдний анхдагч гэж хэлж болох эрхэм бол яалт ч үгүй УИХ-ын гишүүн С.Баярцогт юм. Биднийг оффшор данс гэж сонссоо ч үгүй явахад тэрээр оффшор бүсэд данстай гэдэг нь олон нийтэд ил болж багагүй шуугианыг дэгдээсэн даруй тэрээр тухайн үед өөрөө албан тушаалаа огцорч явсан нэгэн. Энэ асуудал санасныг бодвол тэгэсхийгээд л намжсан. Тэгвэл саяхан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс дэлхий нийтэд оффшор бүсэд данстай эрхмүүдийн асар их баримтыг дэлгэсэн юм. Тэнд мөн л нөгөө С.Баярцогтын нэр “хавчуулаастай”. Энэ удаад тэр ганцаараа биш намынхаа олон нөхдөөр сүүл мушгиулсан нь сайн “оффшорчин” болохыг нь баталлаа.

 

Даравч далдайж, булавч бултайсан С.Баярцогтын дахин дэлгэгдсэн оффшор дансны мөрөөр Ерөнхийлөгч болон намын дарга нь гээд нэлээдгүй хүмүүс ам нээгээд амжих нь тэр. Тодруулбал, Ерөнхийлөгч Дарханы иргэдэд тайлангаа тавьж байхдаа “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн” гэсэн бол намын дарга З.Энхболд "Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхлэнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна" гэсэн юм. Мөн тэрбээр С1 телевизийн "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлэгээр орохдоо С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй хэмээн албан ёсны байрын мэдэгдлийг хийсэн нь олны анхаарлыг татаж тухайн үедээ л АН оффшорчдынхоо булхайг хаацайлж С.Баярцогтыг “золигт” гаргах нь хэмээн шуугиад амжсан. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам С.Баярцогтыг өмгөөлсөн мэдэгдэл гаргаад амжсан. Мэдэгдэлд "Сүүлийн үед түүний талаар эх орноо худалдсан, эрлийз хурлийз гэх мэтээр цоллон, ор үндэслэлгүй гүтгэлгийн чанартай зүйлээр олон нийтийн толгойг эргүүлэх, тэдний дэмжлэгийг авах, нийгмээр нь жигшээх, нэр хүндийг нь унагах зорилгоор хэвлэл мэдээллийг хэрэгслийг ашиглах, дайрч доромжлох явдал хэрээс хэтэрч, түүнийг нь манай намын тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс дэвэргэж, өөгшүүлэх, санхүүжүүлэх явдал байгааг бид удаан харж, тэвчиж ирсэн. Ялангуяа энэхүү бусармаг үйлдэл нь сөрөг хүчний зүгээс бус, манай намын журмын нөхөд, фракцуудын зөрчилөөс гарч, удаа дараа увайгүй үйлдэл хийгдэж байгаад Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид бид гүнээ харамсаж байна" гэсэн байв.

 

Тэгвэл өчигдөр намуудын тойргийн хороонууд хуралдаж нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн байна. АН-ын нэлээд хэдэн тойргийн хороо хуралдаж нэр дэвшигчдээ ярилцсан аж. Үүнээс хамгийн их сонирхол татсан нь Сэлэнгэ аймгийнхан нэр дэвших хүмүүсээ тодорхойлжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны 33-р хуралдаанаар УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг 100 хувийн саналаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мандат олголоо. Мөн Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болжээ. Ийнхүү УИХ-ын сонгуулийн 25, 26, 27- р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид тодорхой боллоо. Харин З.Энхболд даргын илэрхийлсэн оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудлыг Сэлэнгийнхэн тоосонгүй бололтой.

 

Намын даргын хэлсэн үг хий “хийрхэл” байв уу, эсвэл С.Баярцогт “том толгой” гаргав уу, нөгөө талдаа Сэлэнгэ аймгийн АН хороо “үхэн хатан” С.Баярцогттой чаргууцалдахын учир юу? гээд олон асуултын хариу ҮЗХ-аар эцэслэнэ.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • зочин (103.26.193.10)

    2016-05-26

    Баярцогт одоо яах гэж,юу дутлаа гэж УИХ-н гишүүн болох гээд байгаа юм бол..,Улсад хэрэгтэй юм хийхүү,өөртөө хэрэгтэй юм хийхүү...

  • aa (182.160.41.162)

    2016-05-26

    shorond hii

  • aa (182.160.41.162)

    2016-05-26

    yu ner devshih shorond hii

  • (182.160.1.164)

    2016-05-26

    ичих нүүр гэж байхаа больж дээ. 2 тэрбум төгрөгтэй хүн дуртайгаа хийх байх даа

  • монгол (103.229.120.121)

    2016-05-26

    Офшор Баярцогт хуужаа одоо зайлаач ээ

  • Ундрам (43.228.129.101)

    2016-05-26

    Bayartsogt ardchilsan huwisgald manlailan oroltsson. Mongold hamgiin olon huuli sanaachilsan, uls turiin hund achaa bolgoniig Bayartsogtod l uuruuldeg. Jishee n 2008 onii ediin zasgiinhyamral, odoogiin turiin ordnii chingis haanii hushuu tsogtsolbor, oyutolgoi, tom tom tusluudiig ter l gardaj hiidegshde. mongolchuud yum hiij bga hunee l muuldagshd.Nuguu Vvl dargiin helseneer zahialgat komment bichdeg ***** zunduu bga do. neg l*l*r 1000 comment udurt bichdeg gee bizde?

  • шудрага үнэн (103.23.51.3)

    2016-05-26

    Ичиж үхмэр