Ж.Энхбат: Мотоциклийн ослын улмаас он гарсаар 18 хүн амиа алдсан

 

        Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн иргэд мотоцикль, дугуйтай замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Үүнийг дагаад зам тээврийн осол өсөх хандлагатай болдог. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбаттай ярилцлаа. 

 

-Он гарсаар мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн хэчнээн осол гарсан бэ?

 

-Манай орны хувьд цаг агаар дулаарахад замын хөдөлгөөний нөхцөл байдалд өөрчлөлт ордог онцлогтой. Тухайлбал, хүүхэд, залуус дугуй болон мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцдог. Энэ нөхцөл байдал нь зам тээврийн осолд өртөх, цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох явдлыг өсгөх хандлагатай байдаг. Ялангуяа орон нутагт мотоцикльтой хөдөлгөөнд оролцож осолд өртөх нь нийслэлээс хэд дахин их. 2014 онд мотоциклийн ослын улмаас нийт 143 хүний амь нас хохирч, үүний найм нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт гарсан байгаа юм. Өнгөрсөн онд 81 хүн амь насаа алдсан. Өмнөх онтой харьцуулахад бууралттай байгаа ч энэ төрлийн осол гарсаар байна. Он гарсаар 18 хүний амь нас хохирсон.

 

-Иргэд мотоцикльтой хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах ёстой вэ. Яагаад ийнхүү осолд өртөөд байна вэ?

 

-Албан ёсны жолооны сургалтад хамрагдаж, жолооны дүрэм, хууль судлаагүй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй насанд хүрээгүй хүүхэд мотоцикль барьж хөдөлгөөнд оролцож байна. Мөн хамгаалалтын малгай, хэрэгслийг огт хэрэглэдэггүй, гэрэлтүүлэг байдаггүй, хурд хэтрүүлдэг, согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцох зэрэг шалтгаанаас болж мотоциклийн осолд өртөж, улмаар амь насаа алдсаар байна. Ер нь мотоциклийн осол хүнд хөнгөн гэлтгүй хүнийг амь нас, эрүүл мэндээр нь хохироодог. Амь насаа алддаггүй юм гэхэд бүх насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг. Учир нь, мотоцикльтой хүн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөд ил сууж явдаг гэдэг утгаараа мөргүүлэх, шидэгдэх, дайруулах зэрэг осолтойгоос ихэнхдээ амь нас эрсдэх аюултай. Мотоциклийн осолд өртсөн хүмүүсийг судлаад үзэхэд 15-35 насны залуус байдаг. Улсын хэмжээнд жилийн хугацаанд зам тээврийн ослоор 600 гаруй хүний амь нас хохирсны 100 гаруй нь зөвхөн мотоциклоос болж эрсэдсэн байдаг. Тиймээс орон нутаг төдийгүй нийслэлийн иргэд мотоциклиор хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хамгаалалтын эд хэрэгслийг бүрэн хэрэглэж, бага насны хүүхдийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагатай.

 

 -Сүүлийн жилүүдэд залуус маш чанга дуутай мотоцикльтой хөдөлгөөнд оролцох болсон. Энэ нь иргэдийг бухимдуулдаг. Үүнийг хэрхэн хянадаг вэ?

 

-Ер нь мотоцикль болон автомашины үйлдвэрээс гарсан яндангийн дицбалл гэж бий. Үүнийг Автотээврийн үндэсний төвийн оношлогооны төвүүд хянаж, дицбаллын хэмжээг тогтоодог. Хэрэв хэтэрсэн бол багасгах, яндангийн кушитлыг өөрчлөх шаардлага тавьдаг. Гудамж, замын хөдөлгөөнд чанга дуутай мотоцикльтой оролцож байх үед манай алба хаагчид зогсоож шалган арга хэмжээ тооцож байгаа. Яг оношилгоонд орохдоо өөр яндантай орчихоод гарч ирээд сольж замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчил бий. Үүнд өдөр тутам хяналт тавьж ажиллаж байдаг ч зөрчил гарсаар л байна.

 

-Нийслэлд дугуйн зам дутагдалтай байдаг. Тиймээс хотын төвийн автомашины замаар дугуйгаар зорчиж байгаа харагддаг. Үүнийг зөвшөөрдөг юм уу?

 

-Замын хөдөлгөөний дүрэмд 14-өөс дээс насны хүн дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Гэхдээ жолооны дүрмээ судалсан, дугуй унахад юуг анхаарах, баруун зүүн гар тийш эргэхдээ яаж дохио өгөх, ямар гэрэл дохиогоор явах гээд энэ болгоныг судалж, мэдсэн байх шаардлагатай. Гэтэл 14-өөс доош насны хүүхэд олноороо дугуй унах, нийтийн эзэмшлийн явган хүн зорчих хэсгээр дугуйтай явах зэрэг зөрчил гаргадаг. Ингэсэн тохиолдолд эцэг эхэд нь хариуцлага тооцно.

 

-Мотоцикль гэлтгүй сүүлийн үед нийтийн тээврийн автобусны осол их гарах болсон. Он гарсаар хэчнээн осол гараад байна вэ?

 

-Он гарсаар нийтийн тээврийн автобус зам тээврийн осолд холбогдсон 349 тохиолдол байна. Гуравдугаар сард нийтийн тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтсэн бол өнгөрсөн сард 13 хүн гэмтсэн. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалааны орчимд “Тэнүүн огоо” компанийн автобус явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон. Ийм ослууд сараар нь харахад буурч байгаа ч гарсаар байна. Замын цагдаагийн газар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нарт ур чадвар, самбаа , хуулийн мэдлэг, жолоочийн ёс зүй гэсэн олон чиглэлээр сар бүр сургалт явуулдаг. Энэ нь үр дүнгээ өгч байгаа.

 

-Автобусны жолоочид ямар шаардлага тавьдаг вэ?

 

-Зам тээврийн осол бүр өөрийн шалтгаан нөхцөлтэй байдаг. Яг нэг хэлбэрийн шалтгаанаар осол гараад байхгүй. Нийтийн тээврийн автобус өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, түүний улмаас хүний амь нас хохирох, үл хөдлөх зүйл мөргөх, огцом тоормослох зэрэг шалтгаанаар автобусанд зорчиж яваа хүмүүс унаж бэртэх, амь насаа алдах зэрэг олон янзын төрөл шалтгаан бий. Нийтийн тээвэр бол онцгой тээвэр. Энэ утгаараа маш сайн шалгагдсан хамгийн шилдэг жолооч байх ёстой. Одоогийн мөрдөж байгаа дүрмээр нийтийн тээврийн жолооч нар мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдаж давхар үнэмлэхтэй явж байгаа. Мөн 21 нас хүрсэн, Д ангилалаар 3-5 жил автомашин барьж туршлага хуримтлуулсан жолоочийг нийтийн тээврийн байгууллагууд шалгаруулж авдаг. Гэсэн хэдий ч осол гарч байгаа нь жолоочийн хариуцлагагүй байдалтай холбоотой.

 

-Автобусны жолооч нар нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэж аваар осол гаргах тохиолдол байдаг. Харин шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр энэ байдал буурсан уу?

 

-Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч нар зарим үед уралдах, бие биенийхээ урд хойно гарах, хурд хэтрүүлэх зөрчил гарсаар байгаа. Ялангуяа хотын гаднах автозам, хяналт багатай газар ийм явдал гардаг. Зогсоож шалгахад “Цагаасаа хоцорсон”, зарим тохиолдолд “Түгжрэлээс боллоо” гэж тайлбарладаг. Одоо бол Энхтайвны өргөн чөлөө бүхэлдээ түгжрэлгүй явах боломжтой. Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр явж байгаа учир тус эгнээ чөлөөтэй байгаа. Гэтэл хотын захын замуудад гарч байгаа зөрчлийн тайлбар тийм байдаг нь жолооч нарын өөрсдийн алдаа гэж үздэг. Үүнийг манай Замын цагдаагийн алба хаагчид өдөр тутам, ялангуяа камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцоод Нийтийн тээврийн газар руу албан ёсоор шилжүүлдэг.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.117.242)

    2016-05-27

    БОЛЬЁ ОО