З.Энхболд: Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан

 

Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхав. Бараалхалын үеэр хоёр орны хамтын ажиллагааны тухай болон бусад асуудлын талаар талууд санал солилцсон юм.

 

Энэ үеэр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет УИХ-ын даргаас нэгэн сонирхолтой асуултыг асууж, байр суурийг нь тодруулсан юм.

 

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэсэн юм.

 

Түүний асуултад УИХ-ын дарга З.Энхболд "Энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.

 

Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна" гэжээ.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.26.195.214)

    2016-05-30

    Ийм байж яаж хууль батлаж хурал даргалж байсан новш вэ.бодлоор биш биетээр хуулийг тайлбарлах хэрэгтэй

  • (112.72.11.118)

    2016-05-30

    enhbarig bitgii songooroi . ardchillaa hamgaalah helegtei

  • bold (103.229.123.90)

    2016-05-30

    enkhbayriig songuulid oruulaachee