Сонгогдохын төлөөх сонгуулийн PR арай л дэндэв үү

 

        Сонгууль ойртоод улс төр халж эхэллээ. Энэ нь намуудын сонгуулийн сурталчилгааны хар шар, элдэв өнгийн PR-аас нь мэдрэгдэж байна. Хувь хүн хийгээд намууд руу хандсан үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд ар араасаа хөвөрч уншигч үзэгчдийг залхаах болов. Хаана ч явсан гудамж, автобус, ажил, дэлгүүр гээд бүх л газар хэзээний танил юм шиг инээсэн хүмүүсийн зураг, түүн дээрх уншихад л алт болохоор сайхан үг хаа сайгүй байх болжээ. Зарим нэр дэвшигчдэд байрлуулах газар олдоогүй бололтой олон хүн явдаг болов уу гэмээр газар түшүүлээд тавьсан байхтай ч нэг бус удаа тааралдав. Хүний нүдэнд л өртөж л байвал зураг нь газарт хэвтэнэ үү, гудамжинд хаягдана уу хамаагүй бололтой шүү. 

 

Мөн сүүлийн хэд хоногт хэвлэлээр гарсан мэдээллийг шүүгээд үзэхэд төлбөртэй зорилтот нийтлэл, мэдээ, мэдээллүүд байх болж. Улс төр л юм чинь өрсөлдөгчөө шүүмжлэх зүйл байлгүй л яахав. Гэвч сонгуулийн сурталчилгаа эрчимжихийн хэрээр шүүмжлэх биш муулах гүтгэх, дайран үгүйсгэх, илт нэгнийгээ харлуулах нь хэмрээд байна. Мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогоо уралдуулж өрсөлдөхийн оронд бусдыг муулж гүтгэх тактикийг барих болжээ. Нэг ёсондоо намууд ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялалт байгуулах гэж улайрч, өрсөлдөгчдөө хэвлэлээр намнаж эхлэв. 

 

Уул нь өнөөдрийн парламентыг өөрчлөе гэж бодсон бол эртнээс өөрчлөх байсан болов уу. Учир нь энэ парламентын дампуурал, төрийн сульдаатал нь сонгуулийн гаж үнэлэмж, иргэдийн улс төрийн боловсрол сул байгаагаас болж буй нь илт байна.  

 

Гэхдээ өнөөдрийн сонгууль улс төрийн бодлогыг бус, хувь хүний мөнгийг сонгочих иргэд олон буй. Ийн хэлэхийн шалтгаан нь нөгөө л нэг эдийн засгийн хямрал. Хоногийн хоолны мөнгөгүй хүнд бэлэн хоол өгье гэвэл хүн тухайн үеээ л бодож авах нь гарцаагүй ийм амьдралыг нийгэмд бидэнд өгчээ. Бид бодох, сэхээрэх цаг гарцаагүй хаяанд тулаад байна. 
 

Нөгөөтэйгүүр, намууд улс төрийн үзэл баримтлалын гэхээсээ илүү албан тушаалд хэн нэгнийг хүргэх механизмын шинж рүү илүү хурдацтай хөгжөөд байна. Тийм болоод бизнесменүүд, бүр сүүлдээ өөрсдийгөө од гэж бодсон хүн бүр би улс төрч болчихлоо хэмээн бодоцгоож, нам гэх үзэгдэл маань бизнес клуб, оддын цэнгүүнээс нэг их ялгагдахаа байж байна.
 

Улс төрд бодлого, ёс зүй хоёрыг мөнгө орлох болж, ажил хариуцлага гэхээсээ албан тушаал, ашиг гэж ярих санхүүгийн бүлэглэлүүд бодитойгоор улс төрийн тавцанд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бид чухам юуг хүсээд байгаа нь ойлгогдохгүй болсон төдийгүй улс төр, бизнес хоёр холилдохоороо ямар эмгэнэлтэй зүйл болдогийг дахин туршиж үзэх гээд буйг бодууштай. 
 

О.Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Irgen (150.129.143.133)

    2016-06-18

    Man iinhan heterhii ih har pr tsatsaj baina. Hevlel medeelel site uud hudaldagdsan baina gedgiig ene songuuliar oilgomjtoi baina