АСЕМ-ын гишүүн орнуудын хүнсний бодлого тодорхойлогчид Монголд чуулна

 

АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болно.

 

Хоёр жилийн өмнө Милан хотод болсон АСЕМ-ын 10 дугаар дээд түвшний уулзалтын даргын мэдэгдлийн хавсралтад тусгагдсаны дагуу АСЕМ-ын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсон юм. Иймээс өнөөдөр МОНЦАМЭ агентлагт байрлах АСЕМ-ын мэдээллийн төвд ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирал М.Цэнгэг, ХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа нар уг уулзалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

 

Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, олон улсын байгууллага болон Европын холбооны төлөөлөл оролцоно.  Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэгджээ. Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшинг тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэгт түлхүү анхаарах юм.

 

Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн 3 сэдвийн хүрээнд зохиогдоно. Үүнд, Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал буюу хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам, Хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалт, Зах зээлийн чиг хандлага, Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага, Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, Хил дамнасан малын халдварт өвчин, Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ зэрэг илтгэл тавигдах юм.

 

Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын санал дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөлдөх уулзалтын зөвлөмж” болгон гаргана. Ингэснээр 11 дэх АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүргүүлэх юм. Энэхүү зөвлөмж нь улам бүр хурцаар тавигдаж буй хүнсний аюулгүй байдлын асуудалд улс орнуудын анхаарлыг хандуулан тулгамдаж буй бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтын хүчээр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх юм.

 

Б.Туул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)