Хот ба Эрүүл мэнд

        “Азийн цагаан дагина “ гэж монгол хүн болгоны зүрхэнд хоногшсон эх орны минь нийслэл өдрөөс өдөрт хөгжин дэвжиж, өндөр сүрлэг байшингууд тэнгэрт сүндэрлэн цоройж, зам харгуй нь дурайж, хөдөө хотыг ойртуулж, хот хөдөөгийн ялгаа багасаж, нийслэлчүүд  бид нүүр бардам эх хотоороо бахархах болсон. Улаанбаатар нийслэл маань 1778 онд “Өргөө” нэртэйгээр Монголын Богд Гэгээнтнүүдийн албан ёсны өргөө болон үүсгэн байгуулагдаж цаашдаа “Их Хүрээ, Да Хүрээ” гэж нэрлэгдэж байсан түүхтэй. Богд гэгээн Бээжингээс Хиагт руу явах замын дунд орших Богд уулыг сонгон авч суурьшсан байна. Богд Хаант улс нь 1911 оны арван нэгдүгээр сарын гучны өдөр Манжийн Амбан захирагчид гадаад Монгол бол тусгаар улс гэдгээ зарлан мэдэгдэж хотоос хөөн, 1912 онд  “Нийслэл Хүрээ” гэдэг нэрийг Богд Хаан хайрлан, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон тунхаглагдаж “Өргөө” нь “Улаанбаатар” гэж өөрчлөгдөн нэрлэгдэх болсон. 1924 оны арван нэгдүгээр сарын хорин зургаанд Анхдугаар их хуралдаанаар анхны үндсэн хуулийг батлан нийслэл хотын нэрийг хэлэлцэх үед “Баатар хот” гэж Чингис хааныг дурсан өгөх санал гарч байсан ч Ардын монгол түрэмгийллийг дэмжих ёсгүй, тийм учир улаан гэж заавал үг орох ёстой гэж  коментернийхэн зөвлөсний дагуу “Улаан” гэж орсон түүхтэй юм билээ.

 

 20-р зууны эхээр “Да Хүрээн”-нд хорин таван мянган хүн амьдарч байснаас арван мянга нь лам, сүм хийдэд амьдардаг хүмүүс байсан бөгөөд 1919 он гэхэд зуун мянган хүн амтай болон өссөний гучин мянга нь монголчууд, тэдгээрийн хорин мянга нь лам нар, арван мянга нь жирийн иргэд, үлдсэн далан мянга нь хятадууд, гурван мянган оросууд оршин сууж байжээ. Тэгвэл өнөөдөр, нийслэлийн хүн ам 1,3 сая хол гарсан буюу далан мянган хятадуудыг эс тооцвол ерэн долоон жилийн дотор 45,4 дахин өсөж нийт хүн амын 42 хувь нь нийслэлдээ оршин сууж, амьдарч байна. 1921 онд хүн амын дундаж наслалт дөчин хоёр байсан бол өнөөдөр Монгол хүний дундаж наслалт 67,3 болсон байна. Бидний өвөг дээдэс, ахмадуудын маань гавьяа асар их юм. Гагцхүү бид түүхээ дээдэлж, ямар их үнээр, ямар их хүч хөдөлмөрөөр өнөөгийн материаллаг болон оюун санааны дэвшилд хүрснээ үл мартан, ухамсарлан ойлгож хүрсэн амжилтаа бууруулахгүй, авчирсан аз жаргалаа дундруулахгүй байх л ухаантай байх ёстой, бас үүрэгтэй. Гэтэл тэгж чадаж байгаа билүү? Бодох л асуудал.., бүүр сайн бодох асуудал.    

 

 2030 гэхэд дэлхийн хүн амын жаран хувь нь хот суурин газар амьдран гэсэн дүгнэлтийг НҮБ гаргаж байна. Улаанбаатарчууд өдрөөс өдөрт ам бүл нэмэгдэж, хараа хяналт, бодлогогүйгээр сүүлийн хорин жилд  хийгдсэн дотоод шилжилт хөдөлгөөний үр дүнд 1990 оныхтой харьцуулбал нийслэлийн хүн ам бараг хоёр гаруй дахин нэмэгдсэн нь тухайн үеийн хүн амын тоонд нийцүүлэн төлөвлөгдсөн эмнэлгийн барилга байгууламж, тусламж үйлчилгээний хүчин чадал хүрэлцэхгүй болсоор удаж байна. Манайх шиг өргөн уудам нутагтай мөртлөө зөвхөн нийслэлдээ хүн амынх нь тал хувь нь бөөгнөрч суурьшсан улс орон цөөхөн юм билээ. Бид хотын хөгжлийг төлөвлөхдөө юуны түрүүнд “Хүний хөгжлөө” бодож төлөвлөх ёстой. Хот нь хүнийхээ эрүүл мэндийг тэтгэсэн, эрүүл тайван, аюулгүй, стрессгүй орчин, цаашлаад сурч боловсрох, аж амьдралаа авч явах бүхий л бололцоог бүрдүүлсэн байх ёстой. Энэ бүгд нийлээд Монгол хүний  эрүүл мэндийн асуудал юм. Өвчин хоёр хэлбэрээр л ирдэг. Нэгд удамшиж, хоёрт олдмол байдлаар. Өөрөөр хэлбэл эрүүл саруул эхийн хэвлийгээс мэндэлсэн тэр цаг мөчөөс хорвоогийн бүхий л сайн муу зүйл тэр цэврүү шиг ариун бяцхан хүнд  нөлөөлж, хорвоогийн тоосыг үнэртэн анх найтаахаас эхлээд хүн төрөлхтөн бидний өөрсдийн гараар бүтээсэн “Өвчин” гэгч бүтээлээс  хүртэж эхэлж байгаа юм. Тэгэхээр халдвартай ч бай, халдваргүй ч бай бүгд олдмол юм. Иймээс, олж болдог муу бүхнээс л ангид байх орчинг бүрдүүлэх нь зүй ёс.  

 

Хотын менежмент орчин үеийн нийгмийн хөгжил, бодлогын чухал бүрэлдэхүүн болж байна. Нийслэл хот бол бүүр онцгой байх ёстой. Нийслэл хот нь эдийн засаг, соёлын гол төв байх бүхий л нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Хотын усны хангамж, ариун цэврийн байдал, агаарын бохирдолт, гэмт хэрэгтэй тэмцэх талаар маш тодорхой төлөвлөгөө гаргаж, иргэддээ танилцуулж, зөвшөөрлийг нь авч гүйцэтгэх учиртай юм. 

 

Судалгаанаас харахад агаарыг бохирдуулах эх үүсвэрүүдэд дулааны цахилгаан станцууд, нам даралтын уурын зуух, гэр, ердийн халаалттай орон сууцны зуух, авто тээврийн хэрэгсэл, хотын эдэлбэр дэвсгэр нутагт байгаа зүлэгжүүлж тохижуулаагүй эвдэрсэн талбайн хөрс, хатуу хог хаягдлын цэг, үнсний сан, уурхайн овоолго, карьер хаягдлын аж ахуй гэх мэт үүсвэрүүд ордог. Улаанбаатар хотод өвлийн улиралд агаар бохирдуулах хорт бодисуудын хоногийн дундаж нийлбэр агууламжаар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн давтамж 3.28 буюу дундаж агууламжаар “хүчтэй” бохирдолтой гарсан судалгаа байна. Хамгийн хортой тоосонцор бол PM2,5 юм. Энэ тоосонцор нь астма, зүрх судасны өвчин, уушигны архаг өвчнүүдийг үүсгэдэг бөгөөд ДЭМБ энэ тоосонцор нь 10µg/m³ -аас хэтэрч болохгүй гэж зөвлөсөн байдаг. Гэтэл олон улсын судалгаагаар манайд 64 µg/m³ байна.  Ингээд харахад Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх түвшинд хүрээд байна. Энэхүү хүчин зүйл нь ураг зулбах, амьгүй төрөх, нярайн эндэгдэл, гажиг, ургийн жин багасах, дутуу төрөх магадлалыг өсгөдөг. Сүүлийн жил төрсөн нярайн төрөх үеийн жин 950-5800 гр байсан ба нийт төрөлтийн 7% нь хугацаанаасаа өмнө төрсөн мэдээлэл байна. Эхийн тээлтийн 2,  3 дахь сард агаарын бохирдлын хэмжээ хамгийн их сөрөг нөлөөлдөг буюу ургийн жин багасах, ургийн төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 

Гэр хорооллын төлөвлөлтийг зөв хийхгүй бол хөрсний болон орчны бохирдолтонд асар ихээр нөлөөлж эргээд эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Нийслэлийн нийт өрхийн 38.1 хувь нь сууцны дотор, 60.9 хувь нь сууцны гадна бие засах газартай бол 0.9 хувь нь тогтсон бие засах газаргүй, нийт өрхийн 39.3 хувь бие засах газраа бусадтай хамтран ашигладаг байна.

 

Автомашины тоо, чанарт хяналт тавихгүй бол угаарын хий эрсдэл ихтэй бүлэг болох эхийн хэвлий дэх ураг, нярай, зүрх судасны архаг өвчтэй, цус багадалттай, амьсгалын замын архаг өөрчлөлттэй хүмүүс, хөгшдөд  илүүтэй хортойгоор нөлөөлж, архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болсоор байна.
Орчны бохирдлыг бид зөвхөн агаарын бохирдлоор төсөөлөөд байдаг. Гэтэл бидний бүхий л мэдрэхүйг хордуулах хүчин зүйлсүүд эргэн тойрон бий болсон байна. Жишээ нь бид асар их дуу чимээн дунд амьдарч байна.  ДЭМБ гадна болон дотор орчны дуу чимээний хэмжээ шөнө 45, өдөр 55 децибелээс хэтэрч болохгүй гэж үздэг байхад, манайд 62 децибел байгаа нь стрессийг нэмэгдүүлэх хэмжээнд байна. Яг барилга баригдаж байгаа талбайн ойролцоо бол бүүр 84-90 децибел байна. 

 

Ногоон байгууламжийн хувьд дэлхийн нийслэлүүд хоорондоо уралдаж байна. ДЭМБ-ын тогтоосноор нэг хүнд дор хаяж есөн ам метр талбай бүхий ногоон байгууламж ногдох ёстой гэж үздэг. Вена хот бол нэг хүнд ногдох ногоон байгууламжаараа дэлхийд тэгүүлдэг бөгөөд нийт газар нутгийнх нь 51 хувь буюу нэг хүнд 120 ам метр ногоон байгууламж ногдож байна. Энэ мэтээр биднээс шалтгаалахгүйгээр бидний эрүүл мэнд алхам тутамд эрсдэлд орж байна.    

 

Хотын хөгжлийн асуудлыг улс төржихгүйгээр, эрдэм шинжилгээний нотолгоон дээр суурилан хүний эрүүл мэнд, тогтвортой хөгжлийг хангах шаардлагын үүднээс харах хэрэгтэй. УБ хот бол манай улсын нийслэл, улс орны бэлэгдэл. Төрөлх нийслэлээ хөгжүүлэхэд иргэн бүрийн хүчин чармайлт, оролцоо, салбар болгоны хөгжлийн зөв философи байх ёстой. Улаанбаатар хот минь миний амьдралын хроник болсон хот юм. 

 

Ж.ЦОЛМОН, АУ-ны Доктор
2016.06.24

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (103.229.123.181)

    2016-06-25

    Ene xuuxen zailuul Said bolchix geed l uzeed baina daa