Нийслэлийн хэмжээнд 1077 угсармал орон сууц дулаална

 

Журмын дагуу эрчим хүчний аудитын дүгнэлтийг үндэслэн, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дулааны алдагдлыг үе шаттайгаар бууруулах ажлыг хэрэгжүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан угсармал 1077 орон сууц байдаг бөгөөд эдгээр барилга нь өвөл хүйтэн, сантекникийн шугам нь хуучирсан, борооны ус дээвэр, цонхоор нь гоождог, хана туурга, таазаараа дулаан алдагдал ихтэй байдаг байна.

 

“Дулаан техникийн шинэчлэлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу дулаалгын ажлыг эхлүүлснээр угсармал орон сууцуудыг зөвхөн гадна талаас дулаалаад орхих биш дээвэр, сантехник гээд цогцоор нь шинэчлэх юм. Журмын дагуу иргэд төсөлд хамрагдахын тулд байрныхаа СӨХ-ны хурлаар хэлэлцүүлж, саналаа дүүргийн ЗДТГ-т хүргүүлнэ. Тухайн дүүргийн Засаг Дарга нь төсөлд хамрагдах хүсэлтийг зөвшөөрч, батламжлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ.

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь дулаан алдагдлын зэрэглэл тогтоож, тухайн объектод тохирсон дулаан техникийн шинэчлэлийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, сууц өмчлөгч болон гүйцэтгэгч компанитай гурван талт гэрээ байгуулснаар төсөл хэрэгжинэ. Одоогоор Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 9 байр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 31-дүгээр байр, Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны 10 дугаар байранд зураг, төсөв боловсруулах, их засвар хийх ажлыг эхлүүлсэн байна. Ингэж шинэчилснээр тухайн барилгын насжилт 50 жилээр нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)