Наадмын хонь 60-180 мянган төгрөгийн үнэтэй байна

 

        Нийслэлд наадмын уур амьсгал орж эхэллээ. Үндэсний их баяр наадмаараа нийслэлчүүд шинэ хонины шөл уудаг. Хөдөөнийхний хувьд хоттой хониноосоо шилж, сонгодог бол нийслэлчүүд хотын зах руу хонины эрэлд гардаг. Тиймд зургаадугаар сарын эхээр хөдөө орон нутгаас нийслэлийг зорих мал ачсан автомашины цуваа наадам хүртэл тасардаггүй. Улаанбаатарт малыг хөлөөр нь зарах зөвшөөрөлтэй хоёр цэг байдаг. Үүний нэг нь хотын баруун захад байрлах “Эмээлт” зах юм.

 

Харин нөгөө нь Баянзүрхийн товчооны цаахна байрладаг. Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед хонь, ямааны мах ямар үнэ ханштай байгааг сонирхохоор “Ургах наран” хорооллын замын урд байрлах малын худалдааг зорив. Тэнд хэсэг газарт модон хашаа хатгаж, хонь, ямаагаа хашсан байх бөгөөд хажууханд нь нэлээд хэдийг портерийн тэвшин дээр ачсан байлаа. Энэ хэсэгт ихэвчлэн зүүн аймгийн малчид ирж малаа борлуулдаг байна. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Багануур, Төв аймгийн зарим сумын малчин малаа ачиж иржээ. Малын худалдаачид тэнд ирсэн хүмүүсийг “Ямар мал хайж байгаа юм. Хэдэн төгрөгт багтааж, ямар мал авмаар байна. Ярьж тохироод ав” хэмээн өөр өөрсдийн малыг бусдаас өрсөж худалдаалахаар хичээцгээж байв. Эндээс хонь, ямаа худалдан авсан хүн малаа төхөөрүүлж, гэдсийг нь цэвэрлүүлж чанахад бэлэн болгоод авах боломжтой гэнэ.

 

Гэхдээ энэ ажлыг ихэвчлэн хувь хүмүүс гэртээ хийдэг бөгөөд хөлсөнд нь 10 мянган төгрөг авдаг байна. Тэд “Наадам дөхөх тусам шөлний хонь асууж, сураглах хүмүүс нэмэгддэг. Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр борлуулалт сайн байдаг. Ялангуяа наадмын дараа амралт, зугаалгаар явж байгаа хүмүүс хорхогны хонио эндээс авдаг” гэв. Харин энэ үед малчид малаа олноор оруулж ирдэг учраас малын ханш одоогийнхоос буурах магадлалтай аж. Энд төлөг 60-80 мянга, нас гүйцсэн хонь жингээсээ хамаарч 150-180 мянган төгрөгийн ханштай байна. Харин ямаа 60-80 мянган төгрөгийн үнэтэй. Өнгөрсөн жилийнхийг бодвол малын үнэ унасан учир ийм ханштай байгааг тэд онцлов. Тухайлбал, өнгөрсөн жил төлөг 80-100 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 20 мянгаар хямдарчээ. Үүнийг малчид иргэдийн худалдан авалт буурсантай холбон тайлбарлаж байсан юм. Ингээд малчидтай уулзаж малын үнэ ханш болон борлуулалтын талаар мэдээлэл авлаа.

 

Иргэдийн худалдан авах чадвар муу байна

 

Б.Балжинням: /Төв аймгийн Баянцагаан сумын малчин/

-Өнгөрсөн жилийг бодвол малын үнэ их унасан. Дор хаяж 20- 50 мянган төгрөгөөр унаад байна. Өнгөрсөн жил жингээсээ хамаарч төлөг 80-100 мянга байсан бол энэ жил 60-80 мянган төгрөгийн үнэтэй болсон. Нас гүйцсэн хонь 150-180 мянган төгрөгийн үнэтэй. Ямааны хувьд мөн адил хямдарч 60-80 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингэж хямдарсан байхад иргэдийн худалдан авалт муу байна. Уг нь одоо үнийн хөөрөгдөл байхгүй болсон. Харин ч махны үнэ буурч байна. Үнэхээр сүүлийн хоёр жил хотынхонд махыг бололцооны үнээр худалдаж байна. Би Төв аймгаас өчигдөр орой 45 хоньтой ирсэн. Одоо 12.00 цаг болж байхад ганцхан хонь зарлаа. Наадмаар хүн бүр шинэ шөл уухыг боддог. Тиймээс энэ үеэр худалдаа нэмэгдэж, үнэ ханш улам буурна. Учир нь, худалдаалж буй хонины тоо олон болохоор үнээ бууруулахад хүрдэг.

 

Сүхбаатарын хонь борлуулалт сайтай

 

М.Мөнхжаргал: /Сүхбаатар аймгийн малчин/

-Би Сүхбаатар аймгаас долоо хоногийн өмнө 100 гаруй тоо толгой малтай ирсэн. Одоо 60 гаруй мал үлдсэн байна. Ер нь иргэдийн худалдан авалт муу байна. Гэхдээ наадмын өдрүүдэд борлуулалт нэмэгддэг. Сүхбаатарын хонь илүү нугаламтай, мах нь амттай байдаг болохоор борлуулалт сайн. Хонь, ямааны үнэ ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага зэрэг буурсан. Миний хувьд төлөг 80, хонь 110-120, ямааг 60-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Харин нас гүйцсэн хонь 160 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хамгийн бага жинтэй нь 16 орчим кг байна.

 

Баяр наадам дөхөхөөр малын худалдааны цэгт хонь зардаг хүмүүс нэмэгдэж, автомашин зогсох зайгүй болдог байна. Хонь авах гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн 12.00 цагаас өмнө, мөн орой ажлын цаг тарах үед нэмэгддэг аж. Малыг хотноосоо ченжүүдэд зарахад төлөг 40-45, том хонь 110-120 мянган төгрөг байдаг аж. Харин энд авч ирээд хонийг 150-160 хүргэж зардаг ч хонийг амьдаар нь авбал хамаагүй хямдхан тусдаг гэдгийг малчид хэлж байсан юм. Х.Жаргалбаатар “Би хонь 100 мянгаар авлаа. Ер нь хонины үнэ нь боломжийн байна. Үүнээс илүү үнэтэйг дийлэхгүй. Үүнээс хямдхан гэхээр зарж байгаа хүмүүст нь бас хэцүү байна. Гэхдээ кг-ын махнаас үнэ ханшийн хувьд хамаагүй хямд тусч байна. наашаа ирэхээсээ өмнө Дэнжийн мянгын захаар орсон. Тэнд мах үнэтэй байна. Нэг гулууз мах 130 мянгаас доошоо буухгүй байна” гэв.

 

Энд малын худалдаа хийж буй малчид гарал үүслийнхээ бичгийг тухайн сум, орон нутгаасаа авдаг байна. Харин хотод ирээд тэд зөвшөөрөлгүй газарт тус худалдаагаа хийдэг аж. Тодруулбал, тэдний байрлаж буй энэ цэгт малын худалдаа хийх зөвшөөрөл олгоогүй учраас дүүрэг, хорооноос тэднийг Налайхад байрлах зөвшөөрөлтэй цэг рүү явахыг удаа дараа шаардаж байгаа ч тэд явдаггүй гэнэ. Уг нь жил бүр харьяа дүүргээс хонь зарах түр цэг гаргадаг. Харин энэ жил гаргаж өгөөгүй юм байна. Тэд “Бид Налайх руу явбал хотоос холдчихно. Угаасаа “Эмээлт”-д малын зах бий. Гэтэл бид тийшээ нүүвэл хүмүүс хонь авахаар Налайх руу явахгүй л болов уу. Тиймээс бид борлуулалтгүй болно. Уг нь бид холбогдох газраас “Зөвшөөрөл авъя” гэж асуусан. Гэтэл сонгуулийн дараа өгнө гэсэн” гэв.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.94.147)

    2016-07-01

    ЗӨВ ШҮҮ