Дасгалгүйгээр гэдэсний булчингаа чангалах арга

 

ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж. Иймээс Та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийгээрэй.

 

Хүн бүхэн өөрийн сонирхсон биеийн тамирын төрлийг сонгон хичээллэх нь эрүүл байх хамгийн зөв шийдэл. Биеийн тамирын дасгал дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал явган алхах юм. Алхах үедээ Та толгойгоо эгцлэн цээжээ цэх байлгах хэрэгтэй. Эрүүл хүн өдөрт 30-аас доошгүй минут эрчимтэй алхах ёстой. Биеэ эгцлэн гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалан алх. Ингэж алхаж сурвал нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг.

 

Алхах үед гар, мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэгтэй. Гарын атгалтыг зөөлөн байлгаж мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг зөвлөе. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгал аваад хоёр тасалж гаргах зэргээр зөв хуваарилж алхаарай. Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болговол гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлнө. Алхмыг хөлийн өсгийнөөс эxлэн гишгэж , бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан өлмийгөөр түлxэж дуусгана.

 

Алхаж байхдаа цээжээрээ урагш, хойш найгах, ганхах, гараа хажуу тийш савлах зэрэг хөдөлгөөн хийхгүйг хичээ. Алхаж эхлэхээс 20 минутын өмнө аяга ус ууна. Харин алхалтын дараа шингэнээ усаар нөхөхдөө чихэрлэг болон исгэлэн ундаанаас татгалз. Шингэнийг бага багаар шимж ууна. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүч ялгаруулдаг. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг байна.

 

                                                        Гэдэсгүй болох арга           

 

Олон хүн биеийнхээ зарим хэсгүүдээр ихээхэн өөхөлж таргалсан байдаг нь хөдөлгөөн бүрт нь бэрхшээл учруулдаг. Та гэдэснийхээ эргэн тойронд хуримтлагдсан, хэзээ ч арилах дургүй зузаан өөхөн бүрээс буюу харвинтай олон сая хүний нэг бол гараа өргөөрэй?

 

Хоолны дэглэм барьж, хичнээн их дасгал хөдөлгөөн хийсэн ч гэдэсний харвин арилахгүй хэвээрээ байдаг нь урам хугалдаг. Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахын хажуугаар гоолиг болоход тустай хэдэн арга танд зөвлөе.

 

Өөхөө хэрхэн хайлуулах тухай үлгэрээс салах хэрэгтэй

 

Хүний биеийн тухайлсан нэгэн цэгийн өөхийг багасгах арга тэр бүр байдаггүй, учир нь бид биеийнхээ аль хэсэгт өөх хуримтлуулахаа сонгодоггүй. Иймээс ч бид биеийнхээ аль нэг хэсэгт хуримтлагдсан өөхийг хүссэн цагтаа амархан арилгаж чаддаггүй.  Хэдэн зуун удаа сууж боссон ч, хичнээн удаа гэдсээ үрж нухсан ч хуримтлагдсан энэ “өөхөн бүрээс” тэр дороо багасдаггүй нь урам хугалмаар бодит үнэн билээ. Дуулгах сайн зүйл гэвэл үүнийг зөвхөн хоолны дэг барих, дасгал хийх гэсэн хоёр аргыг хамтад нь хэрэглэж, дээр нь миний өгөх гурван зөвлөгөөг дагаснаар энэхүү илүүдэл өөхөө хайлуулах боломжтой. Гэдэсний харвингаа багасгахад тустай  маш энгийн гурван зөвлөгөө. Ямар нэгэн стресст оролгүйгээр гэдэсний харвингаа багасгах, биеийн жингээ хянах доорх гурван зөвлөгөөг дагаарай.

 

1:  Идэвхтэй дасгал хийх цаг заавал гаргаж байгаарай

 

Та биеийнхээ зөвхөн аль нэг хэсгийг, тэр тусмаа зөвхөн унжсан гэдсээ тусгайлан арилгах боломжгүй ч ерөнхий дасгал, гимнастикийн ач тусыг тоомсорлохгүй орхиж болохгүй. Хэрэв та өдөр бүр биеийн тамирын дасгал хийх цаг гаргаж чадвал тун удалгүй бүх бие тань чангарч эхэлнэ.


Та өмнө нь сонсоогүй ч байж магадгүй, биеийн хөдөлгөөн, дасгал идэвхтэй хийгээд чийрэг чанга биетэй болох нь таны амьдралд тохиолдох элдэв стресс, сэтгэл санааны дарамтаас сэргийлэх, даван туулах гайхамшигтай сайн арга юм. Дасгал хийхэд зориулсан цаг гаргаснаар та өмнөө тавьсан зорилгуудаа шинэчлэн өөрчилж зөв зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг болно. Та хоол хүнс идээд суух цагаа дасгал хөдөлгөөнд зориулах нь бүр их тустай сайн зүйл болно!

 

2: Гүнзгий амьсгаа авч сураарай

 

Хамраараа гүнзгий амьсгаа авч гэдсээ агаараар дүүргээд амаараа гаргах дасгалыг хийж сураарай. Ажлаа түр зогсоогоод ингэж 5-10 удаа гүнзгий амьсгаа авах нь таны ухаан санааг тайвшруулж,  эргэн залуужуулах амсхийлт өгнө. Стресс чимээгүй хуримтлагдах нь ажлын өдрийн эцэст таныг ядарч туйлдсан байдалд оруулна. Үүнээс аль болох зайлсхийхгүй бол таныг улам их идэхэд хүргэнэ. Тиймээс амьсгалын энэ аргыг сурч аваад санах бүрдээ хийж байгаарай.  (хажуудаа үүнийг сануулсан бичиг өлгөсөн ч болно). Өөрийнхөө төлөө санаа тавьж, биеийнхээ хэлбэр галбиртаа анхаарч, яавал хүмүүст аятайхан харагдах бол гэж бодож байх хэрэгтэй. Энэхүү ухаалаг арга таныг болж өгвөл амандаа идэх юм хийхээс зайлсхийлгэж дасгал хөдөлгөөн хийх замд хөтөлнө.

 

3:  Мөрөө цэх зогсож, унжсан гэдсээ татаж  бай

 

Кофе ууж завсарлахын оронд нуруугаа тэнийлгэн суниаж завсарлаж  бай. Та ажлын өрөөнийхөө тухлаг сандал дээр сууж байхдаа ч, утсаар яриад зогсож байхдаа ч арагшаа суниах энгийн дасгал хөдөлгөөн хийж чадна. Сууж байхдаа ч, зогсож байхдаа ч 30 секундын зайтай олон удаа гэдсээ татаж сурснаар та гэдэснийхээ гол булчингуудыг бэхжүүлэх болно. Хэрвээ танд цаг гарвал цээжээ тэнийлгэж мөрөө цэхлэн зогсоод энэ байдлаараа ойр зуур алхаж байгаарай. Гэдсээ татаж, цэх зогсож, цэх явж сурах нь таныг илүү цовоо болоход тустай төдийгүй биеийн тань хэлбэрийг сайжруулна.

 

Хэдийгээр өөхөн харвинг хурдан арилгах арга зам үгүй ч, та хэрэв эдгээр дасгалыг хийгээд эхлэх юм бол тун удалгүй биеийн байдал тань дээрдэж, хэлбэр галбираа хянах боломжтой болно. Таны биеийн бэрхшээлтэй хэсэг хаана ч байсан, давхар эрүүтэй, унжсан гуяатай, цүдгэр гэдэстэй байлаа гэхэд тогтмол дасгал хөдөлгөөн, тэвчээр хоёр л эдгээр гажгийг арилгаж, гоолиг сайхан болоход тань туслана.

 

Ж.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)