М.Уранцэцэг хэсгээ тэргүүлэн барилдана

 

“Рио-2016” зуны олимпын XXXI наадмын эхний өдөр уламжлал ёсоор жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаан болно. Эмэгтэйчүүдийн 48 кгын жинг Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлэн барилдах ажээ. Тэрбээр А хэсгийг тэргүүлэх бөгөөд дэлхийн чансааны наймд бичигдэж буй оюутны “Универсиад” наадмын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюүньтай нэг хэсэгт багтжээ. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлбэл В хэсэг буюу чансааны дөрөв, тавд бичигдсэн олимпын аварга Бразилийн Сара Менезес, Испанийн Жулия Фигуроа нарын хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөх боломжтой юм. Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг 2014 оны дэлхийн аварга Японы Ами Кондотой D хэсэгт өрсөлдөхөөр болсон байна. Олимпын жил гармагц дөрвөн тэмцээнд түрүүлээд амжсан Г.Отгонцэцэг Парисын “Гранд слам”-д А.Кондог өчих мэхээр ялсан. Уг жингийн С хэсгийг өнгөрсөн оны дэлхийн аварга Аргентиний Паула Парето тэргүүлэн барилдах бөгөөд чансааны долдугаарт эрэмбэлэгдсэн Унгарын Эва Серновски нэг хэсэгт хуваарилагдах учиртай. Улмаар үлдсэн тамирчид сугалаагаар шидэгдэн хэсэгт хуваагдах бөгөөд олимп, дэлхийн медальт Бельгийн Чарлин ван Сник, ОХУын Ирина Дольгова, Кубын Даяарис Местре Алварез, Францын Лаетитиа Пайе нар “топ- 8”-тай доогуур даваанд учраа таарч, хэнийг нь ч сөхрүүлэх магадлалтай.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)