Далай их эрдэмтэн ”ДАЛ”-ын ухаалаг зөнчин

 

Казахын алдарт дууг  “Далай уудам саруул сайхан ухаантай, Даан хөөрхөн чам шиг хүүхэн байна уу даа Ахтама” гэсэн мөрөөр эхлэн сайхан орчуулсан байдаг. Бас бурхны номын Их багшийг Далай лам гэдэг “Ухаан далай номоос эхтэй. Усан далай булгаас эхтэй ч” гэдэг. Ухаан гэдэг үгийг бид эрдэнэт хүндээ л зориулан хэрэглэсээр ирсэн. Тэр үгийн нэг хувилбар, ухаалаг гэдэг тодотгол нь үг яриа, үйл хэрэгтээ алдаагүй, ончтой цэгцтэй хүнийг сайшаасан хэллэг.

 

Миний хувьд бичсэн бүхнийг нь уншихдаа сэтгэлийн таашаал хүртэж, сайшаан биширч явдаг эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэв бугайг хүндлэх үгээ олж цөхөхдөө далай, ухаалаг гэсэн тодотгол хоёр үгийг хэрэглэчихлээ. Болгооно уу!

 

“Хүмүүс ээ, амьддаа бие биенээ хайрлая” гэсэн О.Дашбалбарын уриалга хаа сайгүй л дайралдана. Халуун дотно сэтгэлийн салхи сэвэлзэж, уярал хайрын уянгын утас доргиосноос л энэ үг олны сэтгэлд хоногшжээ. Бид суу алдарт сайхан нөхдөө амьдад нь огтхон ч анзаарахгүй явсаар, үхсэний маргааш сонинд тавих эмгэнэлийн үг бичихээсээ эхэлж л сайшаан магтдаг. “Үхсэн хойно нь баатрыг нь, үгүйрсэн хойно нь баяныг нь гайхна” гэдэг зэмлэл юутай үнэн бэ!

 

Эйнштейнийг тагз байшингийнхаа гадаа зогсоод таримал модноосоо болсон алим унахыг харж гайхан эргэцүүлсээр..., ертөнцийн татах хүчний хуулийг нээх үеийнх нь тухайн ахуй, сониучлалын дурсамжийг цөөн мөрөөр ч бичсэн юм олдоогүй гэдэг. Циолковскийг огторгуйд нисэх боломжтойг нээх үед, тосгоны сургуулийн багш сэгсгэр үст залуу гээд хэн ч хэрэгсээгүй гэдэг. Хүн дэргэдээ хэзээ ч байж л байдаг юмыг хэрэгсдэггүй.

 

Өнгөрсөн зууны жараад онд Л.Түдэвийн нэг өгүүллэгийг уншиж байснаа бүүр түүрхэн дурсахад: “Гудамжинд суугаа сохор хүн, наана чинь нэг сарвисан олон хөлтэй мэт нахиа хийсч явна уу? гэхэд нь, тийм байна. Та яаж ийм тодорхой харж байна аа’’ гэж гайхав. Сохор нь, би юугаа харах вэ! Үнэрээр нь л мэдэж таньж байгаа юм. 

 

Урд нь үнэрээр нь барьж аваад л тэмтэрчихсэн юм. Хэрэв би нүдтэйгээ байсан бол наадахыг чинь мэдэхгүй биз. Хүн өөртөө байгаа баялагт ташуураад ашиглаж чаддаггүй юм билээ. Би сохорсон хойноо л нүд орсон хүн шиг л сонсох, тэмтрэх, үнэрлэх мэдрэмжээ дайчилж, харааныхаа хомсдолыг нөхөхийг хичээсэн юм. “Нүдтэй байхдаа аавынхаа царайг ч ажиж тогтоогоогүй байсан” гэдэг.

 

Их эрдэмтэн Б.Ринчен гуайн 100 насыг өмнөх онд тэмдэглэж, шавь нар, дэмжигчид нь мэдэх бүхнээ л шавхан бичиж нийтлэн, ярьж сонсгов. Их эрдэмтэн улаан хүрэн дээлэн дээр мөнгөн тоногтой суран бүсээ ороосон, сайхан буурал сахал нь соёороод, урт цагаан үсээ намируулан Сүхийн талбайгаар алхаж яваа дүрээр нь залхтал зурагласан. 

 

Эрдэм шинжилгээний нөр их хөдөлмөртөө хоногийн хэчнээн цагийг зарцуулж, хаана хаанахын номын сан, архивын их нөөц хөмрөгтэй танилцаж, ямар ямар ном судар, бичгийн дурсгал, биет үзмэрүүдийг үзэж сонирхож их нээлтүүддээ хэрхэн ашигласан, улсынхаа номын сан, музей, эрдэнэсийн хадгаламжуудаас ямар, ямар ховор нандин, сонин сайхан юмсыг олж мэдэж, хаана ямар ном бүтээлдээ оруулсныг нь тодорхойлсон юмс ховор л гарсан. 

 

Тэгээд М.Цэдэндоржтой сонинд ярилцсанаас нь өөр дурсамж ярианы зүйл хомс л байсан. Харин нийтэд дэлгэрсэн уран хошин, алиа шог үг ярианых нь дурсамжууд гарч байсан. 

 

Жишээ нь Б.Ринчен гуайн: “Гаднаа гадаад яам, дотроо дотоод яам” гэдэг алдарт зүйрлэлээ хэдийд, хэнтэй ярилцахдаа, ямар сэдвийг яриан дундаа айлдчихсаныг нь нийтэд хүргэчихсэн бол мөн л сонин байхсан. Энэчлэн бид нэгнээ амар мэнд, амьд сэрүүн байхад нь мэдвэл зохих алт мэт үнэт юмсыг анхааралгүй өнгөрөөчихөөд хожим нь амаа барих нь олонтой.

 

Хэл шинжлэлийн (гэдэг байх аа) доктор, их зохиолч Л.Түдэв, миний уншиж мэдсэнээр бол 85-ны жил орох нь тун ойртож яваа бололтой. Өнгөрөгч зууны 1950-1960-аад онд л, шинэ Монголынхоо уран зохиолын их сангаас Б.Ринчений “Үүрийн туяа” гэдэг гурван дэвтрийн цуврал “роман” гэгч туульсын зохиолыг уншиж байлаа. 

 

1940-өөд оны эцсээр Ч.Лодойдамбын “Алтайд” гэдэг ном хөдөөд очиход нь “роман” гэдэг нэрийг сонсч байсан. Түүнийг хожмоо тууж гэх болсон. 1960-аад оны эхэн үед Д.Намдаг “Цаг төрийн үймээн", Л.Түдэв “Уулын үер" гэх романууд дэлгэрч нийтэд түгэн тархсан. Би “Уулын үер”-ийн баян Донхор нас хэвийхийн цагт мод аравчилж тэнээд, эцэстээ нэгэн сайхан залуутай уулзаж, надад ч ийм хүү байсан л юм даа гэж гуниглатал хүү Ерөөлт нь улсын нэгдүгээр эмнэлгийн их эмч болсон байж учирсныг уншаад, мэгшин уйлж гэрийнхнээ цочроож байсан юмсан. 

 

Энэ сайхан романыг хорь гаруйхан настай залуу бичсэн гэхийг сонсоод баярлан талархаж байсан. Дараа нь зохиолч залуу радиогоор Донхор баян, хасгийн дээрэмчдийг ярих дууг нь анхааран сонсч билээ. 

 

Мөн 1990-ээд оны хувьсгалыг хүртэл Л.Түдэвийн онцгой сонин бичлэгтэй аян замын тэмдэглэл, сурвалжлагуудыг сонин, сэтгүүлээс уншсаар эчнээ сайн танил болсон. Л.Түдэвийн гадаадад явсан тэмдэглэлүүд (баримтат өгүүллэг-эсээнүүд) гэж бид гайхан магтацгаадаг байсан. Түүнийг албан тушаалынх нь хувьд Монголын зохиолчдын хорооны дарга, МХЗЭ-ийн Төв хорооны дарга гээд сониноор л мэддэг байсан.

 

Эчнээ сайн танил Л.Түдэвтэй тавтай уулзаж, таван үг солилгүй явсаар 36 жил болж, бидний нас ч жилийв.

 

Л.Түдэвийн уран болон эсээ зохиолуудыг бололцооныхоо хэрээр авч уншсаар явна, би. “Дал” сониныг анх гарахаас нь л захиалан уншсаар байна. Хааяа завсардаж байсан удаа бий. Харин сүүлийн арваад жилд улирал алгасалгүй захиалж, шимтэн уншсаар байгаа билээ. 

 

“Дал”-ын нийтлэл бүхэн нь шинжлэх ухааны мэдээлэл, баримт нотолгоотой байдгаараа уншигчид байнга шинэ мэдээлэл хүргэж мэдлэг олгож байдаг. О.Лхагва, Содном гээд алдартай эрдэмтдийн нээлт бүтээлүүдийг танилцуулдаг индэр энэ сонин л байдаг.

 

Л.Түдэв бол бичиг соёлын түүхэн хэрэглэгдэхүүн бас өөрөө явж үзсэнээрээ хойд болон Латин Америк нутгийн уугуул иргэдийг Монгол угсаатан гэдгийг орь залуугаасаа танилцуулж яваа ганц эрдэмтэн гэж бид ярилцдаг. 

 

Балар эртний шүмэрийн шаантаг бичгийг уншиж, монголчуудын сүмбэр уул гэдэг чинь ой шугуйт их уул байгаад цаг уурын хувьслаар хойд туйлын их мөсөнд дарагдсан. Олон арван жилийн хүн төрөлхтөний их нүүдлийн үед Аляскийн хойг өмнөд тивтэйгээ холбоотой байгаад Ази гарлын шар арьст нүүдэлчид Америк тивд очоод суурьшсан гэдгийг олон удаа бичиж байгаа.

 

XX зууны далаад онд Л.Түдэв Өмнөд Америкаар сурвалжлах ажлаараа яваад Перуд яг гэрийн буйр шиг дугуй барилгын туурь үзэж, 1940-1950-аад оны монгол хар хүн шиг тав гэзэг сүлжсэн хөх эртэй уулзсанаа онцлон бичсэн нь уншигч бидэнд мартагдаагүй л байна.

 

Оросын олон үндэстнээс бидэнтэй хамгийн их ойр төрөл мэт царай зүс, биеийн галбиртай мөртлөө хойд мөсөн туйлын цорын ганц суугуул иргэд болсон цаатан якутуудыг манай захчин гэдэг хил харуулынхны захад буюу зах хязгаарынхан гэсэн нэрээ хадгалсааар яваа монгол угсаатан “захад”-ыг өөр хэлтнүүд хазайлгаад “якут” болгочихжээ гэдгийг Л.Түдэв л бичиж байсан. 

 

Тэгтэл 1990-ээд оны хувьсгалын дараа тэд маань улсынхаа нэрийг Сахад (захад) болгон залруулчихсан шүү дээ. Л.Түдэв хэл шинжлэлээрээ хайгуул хийсээр яваад түүхийн шинжлэх ухаанд жинтэй хувь хүртээж байгаа эрдэмтэн. Түүний 1996 онд хэвлэгдсэн “Үгсийн нууц уурхай” гэдэг үгийн гарал үүслийн судалгааны ном бол монгол үндэсний түүх соёлын өв судалгааны гайхамшигт бүтээл. Энэ номоос захын нэг хоёр жишээ авахад л цар далайц нь тодроод ирнэ.

 

...Харин үгийн мөр хөөгөөд явах юм бол хонийг анх монголчуудын өвөг дээдэс (тэднийг скиф./эсгийт/, хүннү, шүмэрч аль нь ч гэнэ үү хамаагүй) нэр өгсөн байж болзошгүй.

 

...Монголчууд... хонийг “хой” гэж нэрлэжээ.Тэр үгээ өөрсдөө сунжруулсаар “хонь” болгоод, баруун зүгт түүнийг нь “овца” хэмээн төрөл арилжуулжээ гэвэл аанай л “их эрдэмтэнгүүд” “худлаа” гэх бизээ. Монголчуудын өвөг дээдэс хонийг зөвхөн гэрийн мал болгоод зогсоогүй дээрхийн шүтээн болгож байсан юмаа гэчихвэл бас л хэн нэг нь сүхээ бариад босоод ирэх биз дээ. 

 

Гэвч “бурхны шашин дэлгэрэхээс аль эрт Монголд хонины" шүтлэг байжээ. Эзэн Чингистээ хөшөө босгоогүй мөртөө эр хонинд монголчууд хөшөө босгож байж дээ... 

 

Хоньгүйгээр монгол хүн даанч хөөрхийлөлтэй гуйлгачин байхсан. “Жинхэнэ монголчууд тэнгэр бурхан гэхээсээ илүү хоньтой хөөцөлддөг юм дагаа” гэж К.Маркс, Ф.Энгельс хоёр тун үнэн хэлжээ. (Лайпигийн дацан). Өвөрхангайн Уянга..., Архангайн Хануй..., Төвийн Улхын буланд... Эр хонины гантиг чулуун хөшөө бий. 

 

Үссүүрийн бэлчир..., Үхэртийн (Украин)-талд ч хонин хөшөө байгаа... “Хонь” гэдэг үг яагаад “Овца” болсныг цухас дурдъя. “Хой” гэж баруун Монголд хонийг одоо ч нэрлэсээр буй. Тэгвэл эртний шүмэрүүд хонийг “хови” гэдэг байжээ. Эртний Энэтхэгт хонийг бас л “авика” гэдэг байж. 

 

Тэндээс барууншлаад герег, латин хэлтний хязгаарт очвол хонийг латинаар “оүис” (оийс), ирландчууд болохоор “ой”, литовчууд “авис” гэлцдэг байжээ. Тэндээс умард зүгт эргэхээр эртний славянчууд “овиса" гэдэг, одоо орсууд “овца” гэдэг. Манайхны амнаас гарсан “хой” гэдэг маань “хови”, “ой”, “ойс”, “ависа”, “овца” болон хувирсаар буй нь хэнд ч ойлгомжтой... Тийнхүү “хой”, “овца” хоёр ах дүүгийн барилдлагатайд гайхах аргагүй бизээ...

 

ООP МЭНГЭ. Ерээд оноос хойш... “Хөх толботой хөх монголын удам шүү хө би” гэж цээжээ дэлдэх их шивэргэлтэй залуус үзэгдэх болсон. Гэвч тэд “Хөх толбо” гэж чухам юуг нэрлэдгийг мэддэггүй. Сүүлдээ бүр цагаандаа гаран туйлж “Хөх толбо" нэртэй Монгол-Японы нэгдсэн сонин ч гаргаж... Монголжуу дүр эсгэх мөртөө “Монгол бол дээвэргүй шорон” гэж бичихээс сийхгүй болжээ.

 

Гэтэл “Хөх толбо” гэдэг нэр томьёо үнэндээ бол монгол гаралтай юм биш ээ. Оросоор “синяк” гэдэг зодоон цохионоос үүссэн хөх няцыг нэрлэдэг бүдүүлэг үг. Харин манайхныг доромжилж синяктан гэх нь байсан. 

 

Монголоо алдаагүй хэсэг нь “оор мэнгэ” гэдэг. Оор-язгуурын, төрөлхийн, оор мэнгэ. Нялх хүүхдийн өгзөг дээр байдаг монголын онцгой тэмдэг. Уул нь бид “Оор Монгол Улсын оор мэнгэтэй" уугуул язгуурын иргэд юмсан даа. Харамсалтай нь сүүлийн үед “Оор” гэдэг эртний үгийг мартжээ...

 

-Ард нь ар-эр хүн гэсэн үгэнд олон тооны илэрхийлэл “д” үсэг залгаж үүссэн. Эр, ар хоёр нь авиа сэлгэсэн нэг л үг юмсанжээ. Манайхан энэ үгээ үндсэн хуулиасаа хөөж гаргахаар шившгээ тарьж байсан... Бидний өвөг дээдэс хүн ардыг ердөө л “эр”, “эм” гэсэн хоёр үгээр ялгаж байсан дивангарын зуршлыг одоо ч мартаагүй хэрэглэсээр байгаа. 

 

Мисир гэдэг Египет, мажар гэдэг Унгар, татар гэдэг Хойд Монгол, хазар гэдэг Галуутынхан цөм л “ард” гэдэг монгол үгийг улсынхаа нэрэнд зүүж үлдээжээ. Энэчлэн нэг үгийн үндсэн гарвал, түүнээс салбарлаж удамласан 10-20 үгийн тархалт, нутагшлыг судалсан нь төсөөлшгүй нүсэр ажил юм байна. Монгол эх хэлний хэчнээн олон үг нь Евроазийн уудам цэлгэр нутгийн өчнөөн олон үндэстэн ястны унаган хэлнүүдийн их санд нийлэн нутагшсан байх юм.

 

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

 

Ц.ДАНДАР

/Өндөр настан/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.212.116.161)

    2016-07-27

    Их гүүш Түдэв ахайтны бүхий л бүтээлүүд шинэ сонин, өргөн их ухаарал, дэлхийн энтэй мэдлэг мэдээллээр дүүрэн байдаг даа. Харин одоо Төрөөс Түдэв ахайтны насан өндөр болж байгааг анхаарч, хүндлэл дэмлэг үзүүлээсэй гэж бодно. Бас далай их эрдмээс нь түгээх ажлыг ч өргөжүүлж хиймээр л байгаам даа.

  • иргэн (202.179.31.28)

    2016-07-27

    Нюьтон алимны модны дор сууж байгаад модноос алим унахыг үзээд дэлхийн татах хүчний онолыг нээсэн гээд л заадаг байсан чинь шал худлаа юм байжээ. Монголын их эрдэмтэн Ц.ДАНДАР энэ онолыг А.Эйнштейн нээсэн гэж нотолж байна.Үнэн байх аа.Амьд нь Ц.Дандарыг алдарт эрдэмтэн гэж алдаршуулах нь зүйтэй бус уу. Хөшөөг нь б

  • Dandar guaid (122.201.21.111)

    2016-07-26

    Эйнштейнийг тагз байшингийнхаа гадаа зогсоод таримал модноосоо болсон алим унахыг харж гайхан эргэцүүлсээр..., ертөнцийн татах хүчний хуулийг нээх үеийнх нь тухайн ахуй, сониучлалын дурсамжийг цөөн мөрөөр ч бичсэн юм олдоогүй гэдэg ---- bi yu unshchihavaa?? Nuguu aldart Newton yaasan bilee?