УБТЗ: Осол болсон замыг 7,8 сая төгрөгөөр зассан

ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСЛЫН ШАЛТГААН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

 

Дархан өртөөний замд энэ сарын 22-23-нд шилжих шөнө мод ачиж явсан ачааны галт тэрэгний зургаа нь эх биеэс салж, осолдсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай, Суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга Д.Батбаатар, Тээврийн хяналтын байцаагч Т.Доржжанцан нар мэдээлэл хийлээ. 

 

 

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: 

 

Долдугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03.58 цагт Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний 14 дүгээр замд ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээврээр мод ачиж явсан 2504 дүгээр галт тэрэгний дундаас зургаан вагон гарсан. 

 

Уг осол нь эхний вагон замаас гарсны улмаас тоормосны хоолой болон вагонууд салгагдаж, уг салгагдсан вагонууд нь хойноос нь инерцээрээ түрснээс бүрэлдэхүүний дундаас гарсан. Замын удирдлага шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажилласнаар сэргээн босох ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж, төмөр замын тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

 

Тухайн үед Улаанбаатар төмөр замд байдаг хос замтай хэсэг таарсан. Тиймээс нэг замаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломж байсан. Энэ нь сэргээн босгох ажил явуулахад дөхөмтэй байсан. Үүнээс шалтгаалж хүний амь эрсэдсэн зүйлгүй. Байгаль орчинд хортой бодис асгарч, тарсан зүйл байхгүй.

 

Ачааны төрөл нь ОХУ-аас транзитаар өнгөрч явсан мод, банз, гуалин байсан. Эдгээрийг цаг алдалгүй шилжүүлж, сэргээн босгож, үйл ажиллагаа явуулж, ачааг нь гаалийн газарт хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар ажиллагаа үргэлжилж байна.

 

Ослын шалтгааныг нарийвчлан гаргах ажлын хэсэг гарч ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тийм зүйлээс болсон гэхэд хэцүү байна. Учир нь Дархан Уул аймагт хоёр өдөр үргэлжлэн бороо орсон. Тиймээс байгалийн янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглал дэвшүүлж байна. Үүнээс гадна зам, хөдлөх бүрэлдэхүүн зэргээс үүдэлтэй байна уу гэдгийг шалгаж байгаа.

 

СУУРЬ БҮТЭЦ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДАРГА Д.БАТБААТАР: 

 

-Сэргээн босгох ажлыг 2016 оны долдугаар сарын 23-ны 10 цаг 30 минутаас долдугаар сарын 24-ны 11 цаг 40 минутын хооронд хийж дуусгасан. Зургаан вагоныг ослын газраас өргөж зайлуулсан. Замыг нь сэргээн засварлаж, хөдөлгөөнийг нээсэн. Зургаан вагонд ачаатай байсан модон материалыг шилжүүлэн ачсан. Сэргээн босгох ажлын өмнө хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж хөндлөнгийн оролцоо байна уу гэдгийг үзлэг шалгалт явуулсан. Үүний дараа сэргээн богсох ажилдаа орсон.

 

Ослын шалтгааныг тийм зүйлээс болсон гэж хэлэхэд эрт, тодорхойгүй байна. Комиссын дүгнэлт маргаашнаас гарч дуусах байх. Нөгөөдөр буюу пүрэв гаригийн өглөөний 09.00 цагаас замын даргаар удирдуулсан шуурхай баг хуралдана.

 

ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Т.ДОРЖЖАНЦАН: 

 

-Таван вагонд зүсмэл материал, 1.5 мм-ийн банз, гуалин ачсан байсан. Монголын талаас тээвэр зуучлагч компани газар дээр нь очсон. Тухайн орон нутгийн цагдаа, тагнуул, онцгой байдлын албаныхан ачаанд шалгалт хийсэн. Ачаа тээвэртэй холбоотой асуудал гараагүй. Зорчигчийн галт тэрэг, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үүсээгүй гэдгийг онцолж хэлье.

 

ТӨМӨР ЗАМЫГ 7.8 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАССАН

 

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад албаны хүмүүс дараах хариултыг өглөө. 

 

-Хаанахын вагон явж байсан бэ? Зүтгүүр нь зүгээр гараад явсан юм уу. Хоёр хөрш ачаа тээврээ нэмэгдүүлнэ гэж яриад байгаа энэ үед аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу?

 

-Зүтгүүр нь эхний таван вагоны хамтаар зүгээр гарсан. Зургаа дахь вагоноос тасарсан. Галт тэрэг уг замаар орж ирэхэд ямар нэг гадны нөлөө байгаагүй гэж эхний ээлжид харагдаж байгаа. Вагонууд нь ОХУ-ын паркынх. ОХУ бол тухайн төрийн өмчөөс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хувьчилсан. ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замаас вагон хариуцсан мэргэжилтэн инженерүүд газар дээр нь ирж үзсэн. Энэ бол 1997, 1990, 1980 оны орчимд ашиглалтад орсон вагонууд юм. ОХУ-ын паркад хэдэн жил ашиглаж, ямар байдлаар акт тогтоох тухай мэдээлэл одоогоор алга. Монгол Улсын хувьд 25 буюу түүнээс олон жил ажилласан хөдлөх бүрэлдэхүүнийг актлах тухай Засгийн газрын тогтоол байдаг. Тухайн вагоны төлбөрийн асуудалд ашиглалтын хугацаанаас хамаараад ОХУ-ын талаас өөрсдийн санал гомдлыг тавих байх. Хамтарч шийдвэрлэнэ.

 

ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэхэд ачаа хүргэх хугацаа гэж байдаг. Тухайн хугацаанд нь Монголын хилээр ачааг нь гаргасан. Тиймээс энэ асуудалд Монголын тал хүлээсэн үүргээ биелүүлсэн. Сэргээн босголтын ажил үргэлжлэх хооронд ачааг шилжүүлэн ачих үйл ажиллагаа явуулсан тул доголдол гараагүй.

 

Вагонуудыг ОХУ-ын талтай хамтарсан, гэмтлийн үзлэг хийж байна. үүний дараа аль хэсгийг сэргээн засварлах, алийг нь техникийн хувьд ашиглах боломжгүй вэ гэдгийг тогтооно. Үүний дараа бид эцсийн байдлаар хохирлын хэмжээ, төлөх асуудал тодорхой болно. Ер нь БНХАУ, ОХУ-ын хооронд транзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр дамжин өнгөрч буй тээврийг саадгүй явуулахад бидний зүгээс техникийн болоод бүх ажлыг хэрэгжүүлж байгаа. Манай суурь бүтэц буюу замын техникийн хувьд хэлье. Бүгд нэг замтай. Гол ганц замтай. Өртөө зөрлөгүүдэд галт тэргээ зөрүүлдэг технологитой. Нийт гол зам нь 1100 км байдаг. Үүний 400 гаруй км нь модон дэртэй. Үлдсэн хэсэг нь зам төмөртэй байдаг. Ихэнх шулуун хэсгүүдэд бетон дэртэй. 1950-иад онд байгуулсан ул шороо, инженерийн байгууламжууд хэвийн ашиглагдаж байна.

 

-2016 он гарсаар ийм төрлийн осол гарч байсан уу?

 

-2016 он гарсаар ийм төрлийн осол гараагүй. Харин 1984 онд Зүүнхараад, 2006 онд замын урд хэсэгт осол гарч байсан. Түүнээс хойш гараагүй.

 

-Тухайн осол гарсан зам асуудалгүй гэж ойлгож болох уу?

-Болно.

 

-Хэчнээн км замыг, хэдэн төгрөгийн зардлаар засварласан бэ?

 

-40 орчим метр газарт зам эвдэрсэн. Зам сэргээн засварлахад 7.8 сая төгрөгийн зардал гарсан. Ачааны галт тэрэг 80 км цаг, суудлын галт тэрэг 100 км цагийн хурдтай явах дүрэмтэй. Гэхдээ хажуугийн буюу туслах замаар орж ирэхээс шалтгаалаад хурд нь өөр байдаг. Энэ удаад хажуугийн замаар 15-20 км цагийн хурдтай явж байсан. Ихэнх гол замууд төмөр бетон дэрээр тоноглогдсон, найдвартай байдаг. Мөн зорчигчийн галт тэрэг бол дандаа гол замаар явдаг. Тиймээс зорчигчийн галт тэрэг аюулгүй.

 

Б.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)