Өлзийтийн цагаан нөмрөгтнүүдийн ном танд очжээ

          

 Аймаг, сум байгуулагдсан тухай түүхэн дурсамж номуудыг уншигч та мэдэх байх. Харин хөдөө сумын хүн эмнэлэг байгуулагдсан тухай цогц номыг төдийлөн хараагүй байх. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг нарыг умартан ажилладаг цагаан нөмрөгтнүүдийн хариуцлага, тэдний нөр их хөдөлмөрийг дурдаж яахан барах билээ. Яг энэ цаг дор буюу 2016 оны долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 80 насны ой тохиож байна. Хүнээр бол ач зээ, гуч нараа тойруулсан ийм буурал түүхтэй байгууллагын ойн баярт зориулсан дурсамж номыг тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Оюун, дунд сургуулийн багш Ц.Эрдэнэбаатар нар эмхэтгэн хэвлүүлжээ. Өнгөрсөн зууны гучаад оноос өнөө зуны арваад он хүртэлх түүхийг цогцоор нь өгүүлсэн энэ номд орхигдсон гээгдсэн зүйл байхгүй тухай номыг эмхэтгэгч нар ярьж байгаагаас харвал Өлзийт сумын түүх гэлтэй. Аливаа аймаг сумын эмнэлгийн тухай түүх бол тухайн сумын түүх байдаг аж. Учир нь хүн ам төвлөрөн бий болсон цагаас эхлэн эмнэлэг үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагтайгаа нас чацуу шахам гэж болно. 
     Тэгэхээр Өлзийт сумын эмнэлгийнхэн зөвхөн эмнэлгийнхээ тухай бус сумынхаа түүхийг бичжээ гэсэн ч болно. Тиймдээ ч номыг эмхэтгэгч Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Оюун өмнөтгөл үгэнд дурдахдаа “Хүн амын төрөлт, цэвэр өсөлт болон дундаж наслалт нэмэгдэж халдварт өвчний гаралт буурч, нялхасын эндэгдэл буурч байгаа нь манай хамт олны амжилт юм” хэмээн цохон тэмдэглэжээ. Хүн амынхаа гарал үүслийн түүхээс эхлээд бүхий л зүйлийг мэдэх тэдний хувьд бол ийм цогц ном бүтээхээс аргагүй. “Эрүүл энхийн гэгээн үйлс” номд Өлзийт сумын хүн эмнэлэг анх үүсэн байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийнх хүртэл он цагийн дараалал багтсан. Мөнхүү архивын ховор материал, түүхэн зураг гээд бүгдийг нэг дор багцалсан нь ойдоо барьж байгаа хамгийн том бэлэг гэлтэй. Нөгөө талаар байгууллагын ажлын үзүүлэлтийг он дарааллаар нь статистик баримтаар харуулсан нь түүхэн баримттайгаа яв цав нийлж байгаа нь номын бас нэг онцлог. Энэ сарын 28-30-ны өдрүүдэд болох ойн баярт зургаан насны морьд уралдаж, эрийн гурван наадмаар цэнгэнэ гэхээр сумын ойн арга хэмжээтэй дүйж очно. Хүн амынхаа эрүүл энхийн манаанд 80 жил зогссон буурал түүхтэй энэ байгууллага дараагийнхаа наян насны шинэ хуудсыг нээхээр айсуй. 

          
       Дашрамд дурдахад тус Эрүүл мэндийн төв ойдоо зориулсан сүлд дууг бий болгосон нь ч олны анхаарлыг татахгүй байхын аргагүй. Ийнхүү Баянхонгор аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийнхөн өөрсдийнхөө түүхийг тодоос тод өгүүлсэн “Эрүүл энхийн гэгээн үйлс” номоо ойн баяртаа өргөн барьж байгаа нь үүнээс хойш нэгэн түүхийн судартай болж байна гэсэн үг. Ойн баяраар хэвлэмэл хуудас, зурагтай аяга шаазан тараагаад маргааш нь мартагдана. Харин түүхийн ийм баринтагт ном бүтээнэ гэдэг маш том ажил юм. Зөвхөн хүн эмнэлгийнхэнд төдийгүй сум орон нутагт чухал зүйл гэдгийг хаа хаанаа дурдаж байна.

                                                                                                                                                              С.Ууганбаяр
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)