АТГ Н.Энхбаярын асуудлаар Хуульчдын холбоонд хандав

 

МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татах, ял сонсгох, мэдүүлэг авах зорилгоор АТГ-аас энэ сарын 25-ны өдөр зургаа дахь удаагийн зарлан дуудахаа хүргүүлсэн. Гэвч Н.Энхбаяр товлосон цагт очоогүй.

 

Тэрээр энэ тухайгаа “АТГ-т очиж би өөрөө өөрийгөө буруутгаж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Үндсэн хуульд заасан энэ эрхээ эдэлнэ. Хоёрдугаарт, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлнэ. Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байгаа гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна. Түүний дараа АТГ-т мэдүүлэг өгч болно” гэж тайлбарласан.

 

Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр өмгөөлөгчгүйгээр АТГ-т очихгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

Тэгвэл АТГ-аас өмгөөлөгчдийн асуудлаар Монголын хуульчдын холбоонд өчигдөр ханджээ.  Харин Хуульчдын холбооны зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхолтой өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгчдийг 2016 оны долоодугаар сарын 29-ний дотор Өмгөөлөгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Нямхоролд нэрээ ирүүлэхийг мэдэгдсэн байна. 

 

Дашрамд, МАХН-ын дарга Н.Энхбаярт 2014 оны долоодугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Одоо түүнийг мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтын дагуу Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсэг, 148.4 дэх хэсэг, 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (150.129.141.90)

    2016-07-27

    Mongo ix boloxoor mongoor zodood l Omgoologch avaach. Mongond durgui xun baixgui shuu dee, Bitgii jujigleed bai