Өнөөдөр Толгой хүзүүний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

 

Дэлхийн олон оронд хавдрын шалтгаант нас баралтын голлох хувийг толгой хүзүүнд байрлах эрхтнүүдийн хавдар эзэлдэг. Дэлхий нийтэд жил бүр 500.000 гаруй толгой хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, 200.000 гаруй хүн нас бардаг. Манай оронд ч өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд зонхилон тохиолдох арван хорт хавдрын тоонд эмэгтэйчүүдийн хувьд бамбайн хорт хавдар ордог болжээ. Эрчүүдийн хувьд ам залгиур, төвөнхийн хорт хавдар илүү тохиолддог байна. Ил байрлалтай учир урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх боломжтой хорт хавдрууд хожуу оношлогдон олон хүн амь насаа алдаж байгаа нь харамсалтай хэрэг юм. Үүнтэй холбоотой өвчтөний гэр бүлийнхний туулж өнгөрүүлж буй шаналал, сэтгэл санаа эдийн засгийн хохирлыг тооцвол дан ганц өвчтэй хүмүүс, тэдний ар гэрийн асуудлаас халих бөгөөд нийгэм эдийн засагт ч гарз ихтэй юм. Иймээс эмчилгээний өртөг өндөртэй хорт хавдартай хохирол багатай тэмцэх арга нь урьдчилан сэргийлэх эрт илрүүлэн эмчлэх юм.

 

Толгой хүзүүний хорт хавдрын нийгэмлэгүүдийн олон улсын холбооноос дөрвөн жил тутам зохиогддог Олон улсын Конгресс дээр жил бүрийн долдугаар сарын 27-ны өдрийг толгой хүзүүний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр болгон 2014 онд зарласан. Олон нийтэд хорт хавдраас сэргийлж эрт илрүүлэн эмчлэх боломжтой талаар мэдээлэл түгээж мэдлэгийг дээшлүүлэх, шийдвэр гаргагчдын анхаарлыг энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авах тал дээр хандуулах зорилгоор олон оронд энэ өдөр янз бүрийн сургалт сурталчилгааны ажлууд, хурал зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдийг тохион байгуулдаг.

 

Өнгөрсөн жил Хавдар судлалын үндэсний төвийн Толгой хүзүүний мэс заслын тасаг, Толгой хүзүүний хавдар ба нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэг хамтран үнэгүй урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байсан. Энэ жил олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн мэдлэгт мэдээлэл өгөхөөс гадна Батсүмбэрийн асрамжийнханд урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр төлөвлөжээ.

 

Толгой хүзүүний байрлалын хавдруудад гавлын суурь хэсгээс эхлэн эгэм хооронд байрлах эрхтнүүдийн хавдрыг хамааруулан эмчилдэг. Хамар болон түүний дайвар хөндийнүүд, амны хөндий үүн дотор хэл, буйл, завьж, хатуу тагнай, амны хөндийн ёроол хэсгийн хавдрууд, нармай, залгиур, төвөнх, хүзүүний тунгалгийн булчирхай, зөөлөн эдүүд, бамбай булчирхай, шүлсний булчирхайнууд гээд олон эрхтний хавдрууд энд ордог. Үүн дээр арьсны хавдрууд мөн орно. Арьсны хавдрын тохиолдлын 90 гаруй хувь нь толгой хүзүүний байрлалд тохиолддог. Энэ нь ил байрлаж гадна орчны янз бүрийн нөлөөнд их өртдөгтэй холбоотой. Хавдар үүсэхэд ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэх ба толгой хүзүүний хавдруудын 90% нь эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөнд удаан байснаас үүсдэг. Дараах эрсдэлт хүчин зүйлс нөлөөлдөг:

 

Тамхи: Татдаг, зажилдаг, хамрын гээд бүх төрлийн тамхи орох ба дам тамхидалт мөн орно. Толгой хүзүүний хавдрын 85% нь тамхитай холбоотой үүсдэг гэж үздэг.

 

Архийг их хэмжээгээр байнга хэрэглэх нь амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолойн хавдар үүсэхэд нөлөөлдөг. Тамхитай хамт хэрэглэх нь эрсдэлийг бүр өндөр болгодог.

 

Нарны хэт ягаан туяаны нөлөөнд хэт их өртөх. Үүнээс болж арьсны хавдар, уруулын хавдар үүсдэг.

 

Хүний хөхөнцөр вирусын халдвар. Бэлгийн замаар халддаг, олон хэлбэртэй.

Эпштэйн-Баррын вирусын халдвар. Нармайн хавдар үүсгэдэг.

Амны хөндийн шүдний эрүүл ахуй муу байх, салстын гэмтлүүд

 

Орчны болон мэргэжлийн хүчин зүйлсийн нөлөө: химийн бодисын нөлөө, мод болон металлын тоос үртэстэй нөхцөлд ажиллах г.м

 

Хоол тэжээлийн чанар, хангамж муу байх: Хоол хүнсэнд А ба В аминдэм хомс байх нь толгой хүзүүний хавдар үүсэхэд нөлөөтэй гэж үздэг.

 

Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин: Ходоодны хүчил хоолой, амьсгалын дээд зам уруу сөргөж орох нь хавдар үүсэх эрсдэлийг ихэсгэдэг.

 

Дархлаа муудах

 

Хэдийгээр эрсдэлт хүчин зүйлс нь хавдрын үүсэлд нөлөөтэй ч эрсдэлд байгаа хүн бүр хавдартай болно гэсэн үг биш бөгөөд дээрх мэдээллийг мэдэх нь хүн өөрөө өвчнөөс сэргийлэн эрүүл амьдралын хэвшлийг сонгох ач холбогдолтой юм. Толгой хүзүүний хавдруудын үед зажлах, залгих, ярих зэрэг үйл ажиллагаануууд өөрчлөгдөх өндөр магадлалтай. Хагалгааны дараа гадна төрх ч тодорхой хэмжээнд өөрчлөгдөж болно. Гэхдээ шинж тэмдэг эрт илэрдэг тул энэ байрлалын хавдруудыг эрт илрүүлж оношлох боломжтой байдаг. Дараах шинжүүд удаан хугацаанд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаарай:

 

Хүзүүнд үүсвэр гарах: Толгой хүзүүний хавдрууд бусад эрхтэнд тархахаас өмнө ихэвчлэн хүзүүний тунгалагийн булчирхайд үсэрхийлдэг. Томорсон булчирхай болгон хавдар биш боловч 2-3 долоо хоногоос илүү хугацаанд өвчлөн эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа бол эмчид хандан оношоо эс, эдийн шинжилгээгээр тодруулах нь зүйтэй. Үсэрхийлсэн булчирхай ихэвчлэн өвдөлтгүй, хэмжээгээр томорсоор байдаг.

 

 

 

Дуу хоолойны өнгө өөрчлөгдөх: Хоолой сөөсөн болгон хавдар биш боловч эмчилгээнд засал авахгүй байгаа, 3 долоо хоногоос илүү үргэлжилж эмчилгээнд үр дүнгүй байгаа бол чих, хамар, хоолойн эмчид хандан төвөнхөө шалгуулаарай.

 

Ам, хэлэн дээр шарх, шархлаа гаран эдгэрэхгүй байх. Өвчингүй байж ч болдог тул хайхралгүй орхихгүй байгаарай. Ялангуяа шархны хамт хүзүүнд үүсвэртэй бол мэргэжлийн эмчээр шалгуулах нь зүйтэй.

 

 

Залгихад ялангуяа хатуу зүйлс тээглэх, буцаж гарах

 

Арьсанд, урууланд үүсвэр гараад шархлах, эдгэхгүй удах, мэнгэ өөрчлөгдөх

 

Чихээр байнга өвдөх: залгих үед чихэн дотор болон чихний ойролцоо өвдөх нь залгихад саадтай байх, хүзүүнд булчирхай томрох зэрэгтэй хамт гарвал нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

 

Урьдчилан сэргийлэх: Ямар хавдрыг ямар зүйлс үүсгэж байгаа талаар судалгаа үргэлжлэн явагдсаар байна. Гэхдээ мэдэгдэж буй эрсдэлт зүйлсээс зайлсхийснээр өвчин үүсэх эрсдэлийг бууруулж болно. Үүнд архи, тамхины хэрэглээг багасгах, болих, нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос, нүдний шил малгай зэргийг хэрэглэх, вирусын халдвараас сэргийлэх, амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиж таарахгүй болсон хиймэл шүдээ шинэчлэх, шарх үүсгэж болзошгүй хурц ирмэг үүссэн шүдээ янзлуулах гэх мэт.

 

Толгой хүзүүний хавдруудыг эрт илрүүлэн эмчлэх тусам гаж нөлөө багатайгаар үр дүнтэй эмчлэгдэх боломжтой тул сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийн өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.

 

Бэлтгэсэн ХСҮТ-н толгой хүзүүний мэс заслын тасгийн их эмч Ц.ОДОНТУНГАЛАГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Ц.нарангэрэл (66.181.186.253)

    2021-05-08

    Цар тахлын хөл хориотой энэ үед өөрт хэрэгтэй хамгийн чухал мэлээллийг авлаа маш их баярлалаа м

  • (103.212.118.123)

    2016-07-27

    ЗӨВ ШҮҮ