Даамын Азийн аваргууд өнөөдөр тодорно

 

Азийн даамын холбоо, Монголын даамын холбоо болон Монгол Улсын Засгийн газартай зохион байгуулж буй 100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд манай улсад болж байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим даамчид өрсөлдөж байгаа билээ. Тэмцээн МУБИС-ийн байранд болж байна.

 

Тэмцээний үндсэн төрөл 9 өрөг тоглох бөгөөд өнөөдөр сүүлийн өргийн тоглолт болж, тивийн аваргууд тодорно.

 

Эрэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аварга Г.Ганжаргал, БНХАУ-ын Жоу Вэй болон 64 буудалт даамын дэлхийн аварга Узбекстаны А.Артиков нарын таван улсын шилдэг 24 даамчин өрсөлдөж байна.

 

Өчигдөр 7, 8-р өргийн тоглолт болсон. Эрэгтэйчүүдийг Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор тэргүүлж байгаа бол их мастер Д.Эрдэнэбилэг 13 оноогоор удаалж байна. Харин их мастер Д.Баттулга 10 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа бол 9 оноотой 11 даамчин хүрэл медалийн төлөө өрсөлдөх боложмтой болжээ.

 

Тэмцээнийг тэргүүлж байгаа Р.Манлай гуравдугаар байрт бичигдэж байгаа Д.Баттулгатай тоглох юм. Хэрвээ Р.Манлай хожих юм бол тивийн аваргаар анх удаа тодорно.

 

Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин байгаагаас 13 нь манай тамирчид юм. М.Нандинцэцэг, Хятадын Жан Ю, М.Одгэрэл, М.Нямжаргал нарын дөрвөн даамчин адил 11 оноотой болсон байна.

 

Тивийн аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг www.mondaam.mn сайтаар шууд мэдээлж байна. Мөн тэмцээн болж буй МУБИС-ийн байранд шийдвэрлэх өргүүдийг дэлгэцээр харуулж байгаа. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд зэрэг явагдаж байгаа учраас олон тивийн аваргууд төрөн гарах юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)