Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цагдаа нар анх удаа үүрэг гүйцэтгэнэ

 

Манай улсын Зэвсэгт хүчний дайчид НҮБ-ын мандаттайгаар олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн билээ. Тухайлбал, Бүгд найрамдах өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн оролцож, таван удаагийн ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Одоогоор Суданд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Б.Баатар захирагчтай Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны халааг авах зургаадугаар ээлжийн 850 дайчин өчигдөр монгол цэргийн оройн дээд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.БатЭрдэнэ, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаах дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Зургаадугаар ээлжийн дайчдыг Суданд илгээх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элдэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хэдхэн хоногийн өмнө утсаар ярьж тохиролцсон нь ийнхүү ажил хэрэг болж байна. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энхийг сахиулах дайчдад хандаж үг хэлэхдээ, манай цэргүүд Монголынхоо зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, өөрийн байр сууриа эзлэн бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайл болж байгаад баярлан бахархаж байгаагаа илэрхийлье гэжээ

НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүнээс албан ёсоор анх удаа оролцохоор боллоо. Цагдаагийн байгууллагын гадаад харилцаа хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын тавцанд цагдаагийн байгууллагын нэр хүндийг өргөх зорилгоор НҮБ-ын энхийг сахиулах цагдаагийн үйл ажиллагаанд албан хаагчдаа илгээж оролцуулах хүсэлтийг НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газраар уламжлуулан тавьсан аж. Энэхүү хүсэлтийг НҮБ-ын Энхийг сахиулах газар нааштай хүлээн авч манай цагдаагийн албан хаагчдыг үйл ажиллагаандаа оролцуулахаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах газрын шинжээч нар ирж манай улсаас нэр дэвшүүлсэн цагдаагийн албан хаагчдаас шалгалт авсан байна. Үүнээс нийт 14 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцох шалгуур үзүүлэлтийг хангаж, тэнцсэн. Эдгээр албан хаагч нь шат дараалалтайгаар НҮБ-ын энхийг сахиулах цагдаагийн үйл ажиллагаанд хамрагдахаар болсон байна. Эхний ээлжинд манай хоёр алба хаагчийг нэг жилийн хугацаанд Өмнөд Судан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулахаар болсон юм. Үүний дагуу ЭЦГ-ын V хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь НҮБ-ын цагдаагийн байгууллагад энэ сарын 31-нээс эхлэн жилийн хугацаатай алба хашихаар болсон аж. Энэхүү хоёр албан хаагчийг үдэн гаргах ёслолын ажиллагаа өчигдөр ЦЕГ-ын төв байранд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ажиллагаанд оролцох ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай нь цагдаагийн байгууллагад нийт 12 жил дөрвөн сар, Б.Бат-Оргил нь 10 жил таван сарын хугацаанд амжилттай ажил үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Эдгээр албан хаагчдын үдэн гаргах ёслолын үеэр ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга хурандаа Г.Бадарч тэргүүтэй алба хаагчид Б.Бат-Оргил, Б.Эрдэнэдалай нарт хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбааг ёслол төгөлдөр гардуулан өгч үүргээ амжилттай биелүүлэхийг хүслээ. Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг хуваалцлаа.

 

 

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис:

 

-Энэ бол их өндөр хариуцлага. Манай улсаас анх удаа НҮБ-ын цагдаагийн байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаанд албан хаагчдаа явуулж байна. Та хоёр бол улс орныхоо нүүр царай болж явна. Тиймээс улсынхаа нэр төрийг сахин хамгаалж, үүргээ амжилттай биелүүлэхийг хүсч байна.

 

Цагдаагийн ахлах дэслэгч Б.БатОргил:

-Монгол Улсаас анх удаа НҮБ-ын цагдаагийн байгууллагад орж ажиллах болсондоо баяртай байна. Бидний бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан. Энэ бол маш их хариуцлагатай алба. Энэ бүхнийг ойлгож, ухамсарлаж хичээн ажиллах болно. НҮБ-ын цагдаагийн албанд орж ажилласнаар бусад орны цагдаа нартай мэдлэгээ хуваалцах тэднээс суралцах сайхан боломж нээгдэж байна.

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай:

-Монголын цагдаа дэлхийн төвшинд ажиллаж чадна гэдгийг нотлохыг зорьж байна. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд бид хоёр бүх чадлаараа хичээн ажиллах болно. Олон орны цагдаагийн газрын албан хаагчидтай ажиллах болсондоо баяртай байна. Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын цагдаагийн байгууллага нь 193 гишүүн оронтой. Эдгээр орноос НҮБ-ын цагдаагийн албанд 48 улсын цагдаа Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа. Манай улс 49 дэх нь болж буй. Монголын цагдаа НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцсоноор эх орныхоо тусгаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар хамгаалах ач холбогдолтой юм. Мөн тэнд үүрэг гүйцэтгэж байгаа 48 орны цагдаагийн албан хаагчдаас суралцах, туршлага солилцох гээд олон талын ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж байлаа.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)