Монголын мал аж ахуйг хөгжүүлэхэд төр засгийн зөв бодлого хэрэгтэй байна

 

Монгол Улсын эдийн засгийн гол үндсэн салбар мал аж ахуй байж, монголын ард түмний аж амьдралыг 1960-аад он хүртэл дангаараа хангадаг байлаа. 1950-аад оны дундаас атар газар эзэмшин газар тариаланг эрчимтэй хөгжүүлж, мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн орон болж хөгжив. Төлөвлөгөөт эдийн засгийн үед төр засгаас мал аж ахуйг хөгжүүлэх талаар цэгцтэй бодлого арга хэмжээ авч, жил бүр 10 гаруй сая малыг улсын бэлтгэлд амьдаар нь нийлүүлж түүний нэлээд хэсгийг хоёр хөршдөө хөлөөр нь гаргаад үлдэхийг дотооддоо нядалж Махкомбинатад боловсруулдаг малаас гардаг ноос, ноолуур, хөөвөр, хялгас, арьс шир, өөх тос зэргийг бүрэн авч боловсруулдаг. 1970 оноос малын амьсгалаас бусдыг ашиглах уриатай яс, эвэр, туурайг хүртэл бэлтгэдэг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд ямааны ноолуур, хонь, тэмээний ноосноос бусад хялгас, хөөвөр, өөх тос зэргийг авч ашигладаг газаргүй болоод байна. 1967-1968 оны зааг дээр Монгол орны ихэнх нутгийг хамарсан зуд болж, улсын хэмжээнд дөрвөн сая гаруй мал хорогдож байлаа. Энэ үед тэр үеийн МАХН-ын Төв хорооны бүгд хурал АИХын чуулганаар мал аж ахуйг материаллаг баазаар хангах тухай хэлэлцээд, ЗХУын зээл тусламжаар малыг дулаан байр саравчаар хангах, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бололцоотой сум бүрийг аюулаас хамгаалах тэжээлийн агуулахтай болгох зэрэг дорвитой арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж байв. Тэр үед би Өвөрхангай аймгийн Төгрөг сумнэгдлийн даргаар ажиллаж байсан юм Тус сумын нутагт арваннэгдүгээр сарын 6-наас эхлэн бүтэн долоо хоног цас орж, сумын мал өвөлжих нутгийн 70 гаруй хувь буюу мал аж ахуйн хоёр бригадын нутагт хүн мал өвөлжих ямар ч нөхцөлгүй болоход сумын нутгийн урд талын 1940-өөд оноос хойш хүн буугаагүй орхигдсон усгүй зэлүүд нутаг, Хонгорын талын элс шороонд дарагдаж хулширсан буудал, хонд хорголжуудаар ахмад, настангуудын зөвлөгөөний дагуу буулган өвөлжүүлж, зудыг харьцангуй хохирол багатай давж билээ. 1968 оны гуравдугаар сард аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны өргөтгөсөн хуралд МАХНын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн I орлогч дарга Т.Рагчаа оролцож, бүх сумын удирдлагуудыг оролцуулан зудыг хэрхэн давж туулсан байдлыг сум бүрээр хэлэлцэн дүгнэж, түүний дараа Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Пунцагноров аймгийн зарим удирдах хүмүүсийг суулган онгоцоор Хонгорын талыг бүхэлд нь үзэж танилцсаны үндсэн дээр 1968 онд Усны хайгуул чийлгэж 1969 1970 онд хоёр жилийн дотор Хонгорын талд 10-аад гүн өрмийн худаг гаргаж, 20 гаруй малын дулаан байрыг ЗХУ-ын мэргэжилтэн, газар дээр нь зааж зааварлан бариулж байлаа. Тэр үед төр засаг тийм л мэдрэмжтэй, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байлаа. 1980-аад оны эхэнд Өмнөговь аймгийн Гурвантэс сум хоёр жил дараалан ган болж, малчид нь Өмнөговь аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт нүүж, Арцын нурууны зүүн өвөрт отрын штаб төвлөрч өвөл хаврыг давж байв. 1987 онд Өвөрхангай аймгийн говийн сумдын нутагт ган болж, Богд сумын бүх адуучин хоёр бригадын бүх малчин Өмнөговь аймгийн МандалОвоо сумын нутагт, Гучин-Ус сумын хоёр багийн малчид Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүн очиж өвөл хаврыг туулж байв. Богд сумын отрын штаб Мандал-Овоо сумын нутаг Дарийн цавд, Гучин-Ус сумын отрын штаб Ахарын уулын ард төвлөрч байв. Тэр үеийн отрын штаб нь сумын бүх албан байгууллагын төлөөлөлтэй, хүн малын эмч худалдаа үйлчилгээний хүмүүс, өвс тэжээлийн фондтой, машин болон тэмээн хөсөг уналгатай, малчдад хашаа халх барьж өгөх, малын өвс тэжээл хүргэх, хот хороог барьж цас арилгах, хорогдсон малын үс ноос арьс ширийг авч бэлтгэх ажилчдаас гадна нүүж очсон бригадын бүх хариуцлагатнууд бүрэн бүрэлдхүүнээрээ ажилладаг байлаа. Энэ үед улс, аймгаас байнгын анхаарал тавьж, аймгийн дарга нар холбогдох аймаг сумын удирдлагуудыг оролцуулан хэлэлцээ хийж, тохиролцон нутаг тавьж өгдөг, оторчид оруулсан сумд нь оторчдод эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг өөрийн сумын иргэдийн нэгэн адил үзүүлэх үүрэг хүлээдэг байсан юм. Гэтэл 1990-ээд оноос мал болон мал аж ахуйн тэр их материаллаг бааз худаг хашааг хувьчилснаар тэр олон худгуудыг устган, худгийн дүнзэн барилгуудыг аймаг сумын төв рүү зөөж орон сууц болгон малын байрууд ч нэгэн адил үрэгдэж, тоногдон сумын өвс тэжээлийн агуулахууд хоосорч, шувуу үүрлэсэн хөндий савууд болж хувирлаа. Ингээд 2009-2010 онд зун нь гандаж өвөл нь хэвийн хэмжээнээс ахиу цас орсноос зудын байдал үүсч, улсын хэмжээгээр гурван сая гаруй малаа хорогдууллаа. Энэ зудад олон мал хорогдуулан малгүй болсон малчдад ганц хоёр боодол өвс хийв. 25 кг-ын гурил зэрэг өчүүхэн тусламж үзүүлж сум багийн нутгийн дунд газар ухаж, үхсэн малын сэгийг булж дарснаас өөр дорвитой арга хэмжээ аваагүй өнгөрлөө. Сүүлийн үед мал аж ахүйг хөгжүүлэх оновчтой зөв бодлого, арга хэмжээ авахын оронд бичин жилийн зуд болно гэж малчдын айдас төрүүлсэн хий цуурхал ярьж, мал махны үнийг зохиомлоор унагаж, малчдын амьдралд муугаар нөлөөлж байна. Өнөө үеийг 1990-ээд онтой харьцуулахад манай улсын малын тоо хоёр дахин өсч 50 гаруй саяд хүрчихээд байхад малыг гардан малладаг малчдын тоо эсрэгээр хоёр дахин бүурчихаад байна. Үүний гол шалтгаан нь: 1. Малчдаас мал, махыг авч борлуулдаг зах зээл, бэлтгэлийн систем, нэгдсэн бодлого байхгүйгээс ялангуяа хот, суурингаас алслагдаж байгаа малчин хүн малаа өөчилж заазалж борлуулах ямар ч нөхцөл бололцоогүй, зөвхөн хувийн хүнсэнд хэрэглэхээс хэтрэхгүй, чанаргүй олон малтай болж байна. 2. Малчдын хүүхдийг гурван наснаас цэцэрлэгт, зургаан наснаас сургуульд хамруулах боловсролын гажиг тогтолцооноос болоод жижиг хүүхэдтэй айл өрх бүр сумын төвд бууж ганц эрэгтэй хүн отрын бага гэртэй намар, өвөл, хаврын аль хатуу цагийг өнгөрүүлж байна. 3. Төлөвлөгөөт эдийн засгийн үед ерөнхий боловсролын сургуулийн долоо, наймдугаар ангиас малчин болох сонирхолтой хүүхдийг илгээлтээр гаргадаг. Аймгийн төвүүдэд залуу малчны сургуульд 1-2 жилийн хугацаатай сургаж, боловсролтой малчин бэлтгэдэг байсан тогтолцоо алга болсноос малчдын залуу халаа тасарч байна. 4. Малчин хүн улсдаа ямар нэг татвар хураамж төлдөггүй, төр нь малчдын мал хөрөнгийг даатгалд авч, байгалийн аюул гамшиг тохиолдсон үед нь хохирлын зохих хэсгийг нөхөн төлдөг тогтолцоо байхгүйгээс төр малчин хоёрын холбоо холдож мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалт амьдралд хэрэгжихгүй байна. Өнөөдөр манайд хамгийн өртөг зардал багатай, өсөн үржих чадалтай баялаг бүтээгчид бол зөвхөн малчид л байна. Иймд төр засаг эдийн засгаа хөгжүүлэх бодлогынхоо тэргүүнд мал аж ахуйг хөгжүүлэх зөв цэгцтэй бодлого боловсруулж, түүнийгээ бүтээлчээр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд: I. Жинхэнэ баялаг гардан бүтээгч болсон малчдын залуу халааг бэлтгэж, малчдын хүүхдийн сургуульд орох насыг 8-10 нас хүртэл ахиулах, гэрээр сургах, эчнээ сургах, мал маллах сонирхолтой хүүхдийг аль болох бага наснаас нь мал маллах арга ухаанд сургах зэрэг асуудлыг хашир малчид, эрдэмтдийн саналыг авч, төр засгийн дээд төвшинд ярилцан зөв шийдэлд хүрэх нь чухал байна. II. Малын тоо толгойг Монгол орны бэлчээрийн даац, ажиллах хүчний хүрэлцээ шаардлагад уялдуулан хөгжүүлэхийн тулд малыг амьдаар нь борлуулах, нядалж мах борлуулах зах зээлийн оновчтой зөв хэлбэрийг сонгож мал, мах бэлтгэлийн зөв системийг бий болгох III. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдийн тоо хүчин чадлыг нэмэгдүүлэн малын мах, ноос ноолуур, хялгас хөөвөр, сүү, өөх тос, эвэр турууг ашиглаж байсан уламжлалт аргаа сэргээж малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашигладаг болох IV. Малчдаас малын тоо хэмжээнд нь тохирсон албан татвар авч, түүнийгээ орон нутгийн мэдэлд нь үлдээж зөвхөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зарцуулдаг журам тогтоох V. Мал сүргийг төр даадаг, даатгалын шинэ системийг нэвтрүүлэн малыг оны эхний тоологдсон малын тооогоор нь бүтэн жилийн хугацаагаар даатган, даатгалын мөнгийг эхний хагас жилд нь багтаан хураан авч хэрэв ямар нэг байгалийн гамшиг, гэнэтийн аюул ослоор мал хорогдсон тохиолдолд хохирлын 70-80 хувийг нөхөн олгох журмыг нэвтрүүлбэл зохино. Хэрэв ингэж чадсан нөхцөлд төр засаг малчин хоёрын холбоо уялдаа сайжирч “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалт амьдралд хэрэгжих боломж бүрдэнэ

 

Өвөрхангай аймгийн Гучин-Ус 

сумын өндөр настан Со.ПҮРЭВ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • МАН- ДАРГА НАР АА! (202.9.41.232)

    2016-07-28

    МОНГОЛ МААНЬ МОНГОЛООРОО Л БАЙДАГ НЬ МАЛАА ДАГАСАН НYYДЭЛЧИН АМЬДРАЛДАА Л БАЙДАГ!!!!! АХМАД БУУРЛУУДЫНХАА YГИЙГ САЙН СОНСОЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ!!!!