Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд

 

Улаанбаатар хотын ойролцоох Сонгинын буланд “Энхсаран” сувилалд энэ нийтлэлийг тэрлэж буй сэтгүүлч би хэд хоног амарч сувилуулахаар очив. Харин тэнд, олон жилийн өмнөөс таних өндөр сайхан нуруутай, өтгөн хар хөмсөгтэй Л.Батцэнгэл сувилуулж байхтай тааралдаж, бид хоёр бөөн баяр хөөр болж, сүүлийн 10 гаруй жил уулзалдаагүй учир ихэд дотносон яриа хөөрөө дэлгэв. 1958 оны долоодугаар сараас МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн миний биө Засгийн газрын ордонд орж, Ю.Цэдэнбал дарга болон тухайн үеийн нам, засгийн удирдагчдын албан ёсны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж ирсэн бөгөөд харин 1984 оны наймдугаар сард Москвад эмчлүүлэхээр явахад нь сурвалжилсан мэдээ бол Бал даргын тухай сурвалжилсан миний хамгийн сүүлчийн сурвалжлага байсныг би яаж мэдэх билээ. Ю.Цэдэнбал даргын шадар туслахаар ажиллаж байсан Л.Батцэнгэлтэй учирсан миний энэ удаагийн ярианы гол сэдэв ч даргын тухай байлаа. Тэр их хүний 15 жилийн ажил амьдралыг сайн мэдэх Батцэнгэл: “Би Ю.Цэдэнбал даргын тухайн үеийн ажил амьдрал, улс орны хөгжлийн төлөө хэрхэн удирдан зохион байгуулж, сэтгэл, зүтгэл гарган тэмцэн ажиллаж байсныг харуулахыг зорьж, “Миний мэдэх Ю.Цэдэнбал” дурсамжийн номыг бичиж мэндэлсний нь 85 жилийн ойгоор 2001 онд хэвлүүлсэн. Тэр номыг уншвал танд даргын ажил үйлс нь ч тодорхой харагдана” гэж хэлснийг санан тэр номыг олж авч уншлаа. Одоо тэр ном хаанаас ч олдохгүй болжээ. Зохиолч энэ номоо “Зам” гэсэн ерөнхий дэвсгэр дээр “Замын эхэнд”, “Зам нийлсэн нь”, “Зам салсан нь” гэсэн гурван хэсэгт уншигчдын сонирхол татахуйцаар уран сайхны арга хэлбэрт“Миний мэдэх Ю.Цэдэнбал” номыг зохиогчийн сонирхолтой яриа оруулан ярилцлага яриагаар батлан хүүрнэн туурвижээ.

 

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД

 

Эл номын “Замын эхэнд” хэсэгт өөрийн ажил амьдралынхаа замын эхэнд тохиолдсон явдлуудыг дурьдсан бол бидний ярилцах явцад номд дурьдаагүй олон зүйлийн утга учрыг өгүүлсэн тул би энэхүү нийтлэлээ номын агуулга болон зохиогчийн яриаг хослуулан бичихэд хүрлээ. Уг номын 7-р хуудсанд: “... Маргааш нь аймгийн гэгээрлийн хэлтсийн дарга Сэнгээтэй уулзаж, тус аймагт багшлахаар томилогдон ирснээ мэдэгдэж ...болж өгвөл аймгийн төвд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэгээрлийн хэлтсийн үүдийг хэд хоног сахисан боловч бидний гуйлтыг эс зөвшөөрөв” гэж бичсэн байх бөгөөд зохиогч ярихдаа: “Завхан руу шуудангийн машинаар явах зам зуур Баянхонгорын Жаргалант сумын нутагт замын буудалд хоолонд дугаарлан зогсож байтал бидний суусан машин дээр явсан өвчтэй хүн нас барсныг сонсоод бид цөм гарч очиход хоёр залуу машин дээр гарчихсан “Өвгөн үхэж, ашгүй зөөлөн суудалтай боллоо” гэж хэлэхэд машин дээр үсрэн гарч “Хүнд зовлон учирч байхад та нар юу гэж байгаа юм. Тэр арын машинд очиж суу!” гэж тэднийг хөөж буулгав. Завханд ирж аймгийн гэгээрлийн хэлтэст очиход бусдыг өмөөрөн туслахыг эрмэлзсэн намайг нөгөө хоёр залуу хотод багтахгүй “хулигаан” Завханд цөлөгдсөн юм шиг ойлголтыг Сэнгээ даргад өгч ийнхүү цааргалахад хүргэсэн” гэж учрыг тайлбарлав. Мөн хуудаст: “Бид хоёрт Тосонцэнгэл суманд ажиллах томилолт өгөв. “Хүний хор, шувууны шар” тэр газар нь очиж ажилласан шиг ажиллах залуу насны омголон сэтгэл төрж, зориг шулуудан Тосонцэнгэл сумыг зорив” гэж бичсэн аж. Уул нь аймгийн төвд суулгасан бол хийх байсан бүтээлээ хөдөөгийн сумын сургуульд хийж болохгүй нь юу байх вэ. Хоёулаа зорьсноо биелүүлэх гэж чармайсан. Бид тэнд ажилласан шиг ажилласан. Тосонгийн сургууль байгуулагдаад 19 жил болоход хийгээгүй зүйлийг бид хоёр зургаан сарын дотор бүтээсэн. Миний бие Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор сумын дунд зарласан урлагийн үзлэгт шалгарч сургуульд байтугай” Тосонцэнгэлийн багш Батцэнгэл” хэмээн аймгийн театрын тайзнаа зарлуулж сумынхаа нэрийг алдаршуулж явлаа” гэж өгүүлэв. Завхан нутаг, ялангуяа “Тосонцэнгэлд өвөл 50 хэм хүйтэрдэг учир ажил л бодож явснаас өөрийгөө бодоогүй гэнэн залуу багш Батцэнгэл тэр хүйтэн нутагт: өвлийн дулаан хувцасгүй очиж даарснаас болж өвдөж, сум, аймгийн эмнэлэг дамжин Улаанбаатарт ирж эмчлүүлээд илааширч Тосонцэнгэлдээ буцах гэж байхад нь Гадаад явдлын яамнаас Гэгээрлийн яаманд хандаж, ГЯЯ-нд ажиллуулах орос хэл мэддэг хүн олж өгөхийг хүссэн энэ учир түүнийг орон нутагт буцаалгүй ГЯЯ-нд шилжүүлжээ. Ингэж 1958 оны гуравдугаар сард Батцэнгэл орос хэлний шалгалт өгч тэнцэн, ГЯЯ-ны Ёслолын хэлтэст дипломат албанд анх орж ажиллажээ. Гадаад яаманд ажилд орсон өдрөөс эхлэн дипломат ажлын чухал хэсэг нь Ёслолын алба, хариуцлагатай, нарийн ёс горимтой ажил гэдгийг ойлгож хичээнгүйлэн ажиллахын сацуу суралцаж эхэлсэн ч өөрөөс болон өрөөлөөс болж алдах явдал тохиолддог байжээ. 1959 оны “Мартын 8”-ны баяраар Нүхтийн аманд болсон хүлээн авалтын үеэр ёслолын хэлтсийн дарга нь хэлээгүйгээс болж, нэгэн тохиолдлоор Ю.Цэдэнбалтай нэгэн удаа нүүр тулан учирчээ. Батцэнгэл дурсамж номынхоо 14-р хуудасны “Анхны учрал” гарчгийн дор “...Минжүүр, дарга намайг шууд хөтлөн кино гарч байгаа өрөөнд оруулж, нэг хүнд “Эзэн нь энэ” гэж хэлээд гарч одов. Харанхуй өрөөнд аажимдаа нүд дасч ажвал миний баруун гар талд ГЯЯны сайд Шагдарсүрэн зүүн гар талд Цэдэнбал дарга сууж харагдав. Урьд өмнө нь холоос харж явснаас биш, нүүр тулж учирч яваагүй болохоор би сүрдэж ухасхийн босох гэтэл Цэдэнбал дарга “Суу суу. Чамд өнөөдрийн ажлын төлөвлөгөө бий юу” гэж асуув. Төлөвлөгөө байхгүй. Даргынхаа хий гэснийг хийдэг” гэж хариулав. Цэдэнбал дарга “Кино журналыг хүлээн авалтын дараа гаргана гэж чамд хэлээгүй юу” гэж асуув. Надад тэгж хэлсэн хүн байхгүй. Кино механикч журналыг хаана нь гаргах вэ гэж надаас асуусан. Би кино театрт үздэгээрээ бодож урьд нь гаргана биз” гэж үнэнээ хэлэв. Ю.Цэдэнбал дарга “За, мэдлээ. Залуу хүн төлөвлөгөөтэй бай. Сахилгатай ажиллах хэрэгтэй” гээд намайг гаргав гэж бичсэн байв. Даргын өмнө үнэнээ шударгаар хэлсэн маань харин түүнд нэг бодол төрүүлсэн юм шиг байгаа юм” гэхэд “Та хоёр ингэж учирснаас хойш олон удаа уулзаж байв уу” гэж асуухад “Би ер нь үйлтэй хүн. Бас нэг тохиолдлоор даргын нүдэнд ахиад өртөв. Тэр үед би Вьетнамын Элчин сайдын Яаманд орчуулагчаар ажиллаж байв. Фам Ван Донг тэргүүтэй БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгчид манай оронд албан ёсны айлчлал хийх үед орчуулагчийн хувьд төлөөлөгчдийн тэргүүний хэлэх үгийг орос хэлнээс Монгол хэлэнд хөрвүүлэв. БНСВУ-ын Засгийн газар төлөөлөгчдөд зориулж хүндэтгэлийн зоог барьж, эл хүлээн авалт дээр Ю.Цэдэнбал, Фам Ван Донг нар харилцан үг хэлэв. Би бээр Фам Ван Донгийн хэлсэн үгийн монгол орчуулгыг уншив. Намайг орчуулгаа уншиж байхад Цэдэнбал дарга үе үе эргэж харахыг би ажсан. Энэ арга хэмжээний дараах өдөр сайд Дүгэрсүрэн дуудуулав. Сайдтай уулзахад “Фам Ван Донгийн хэлсэн үгийн орчуулгыг хэнээр хянуулсан бэ” гэж асууж байна. Би “Соёлын хэлтсийн Эрдэнэгээр хянуулсан” гэвэл Сайд “Дипломат хэргэмд “Төлөөний түшмэл” гэдэг цол байдаг юм уу” гэж асуулаа. Би “Миний орчуулгад” Элчин сайдыг түр хамаарагч” гэж байсныг Эрдэнэ “Төлөөний түшмэл” гэж зассан” гэж өчив. Сайд “Та хоёрын орчуулгын асуудал дээшээ их л өндөр авч яригдаж байна” гээд инээмсэглэн “Батцэнгэл чамайг” дээрээс “Ёслолын хэлтэст ажиллуул гэсэн, чи Цамба дээр оч” гэлээ. Ингээд өмнө нь ажиллаж байсан хэлтэстээ эргэж ирснээ олзуурхавч хожмын явдлаас ургуулан бодоход намайг хоёр жил сонжсон сорилт байсныг хожуу мэдсэн. Энэ тухай би номынхоо 17-18 дугаар хуудсанд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Зарим хүн надаас “Чи яаж яваад Бал даргын дэргэд очсон юм бэ” гэж сониучирхан асуудаг юм. Энэ явдалд манайхны хэлдэг ямар ч “арын хаалга” байхгүй. Харин дээр дурьдсан хоёр тохиолдлын улмаас нам, засгийн тэргүүний нүдэнд өртөж, улмаар мэлмий нь таалсан явдал хожим миний бие энэ их хүний шадар хүн болох заяа төөрөг минь байсан юм болов уу гэж бэлгэшээж явдаг юм даа гэж Батцэнгэл санаа алдан өгүүлэхэд: Цэдэнбал даргынхаа төлөө зүрхээ шимшрүүлж буй нь илт байлаа. Та хоёр жилийн сорилтыг давж, 1963 оны тавдугаар сарын 25-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын нарийн бичгийн даргаар томилогджээ. -Та номынхоо “Зам нийлсэн нь” хэсэгт бичсэн ажил амьдралын тань зам Монголын нам, засгийн удирдагчийн ажил үйлстэй нийлсэн тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Нарийн бичгийн даргын ажлын талаар төсөөлөл ч үгүй явсан би хонх дуугарахад “Дарга” дууддаг гэдгийг мэдэхгүй мунгинаж, нүүр улайсан явдлаар ажлын анхны өдрөө эхэлж байлаа. Анхны өдрөөр зогсохгүй, эхний саруудад ч мэдэхгүй ажил олон тохиолдсон. Тохоогдсон ажлынхаа талаар “А” ч үгүй би гэдэг хүн нам засгийн удирдагчийн нөр их ажлаас хамжилцахад “Мэдлэг”, “Хариуцлага”, Тэвчээр” шаардсан онцгой ажил гэдгийг ойлгож, өөрийгөө боловсруулж “Ном” гэдэг сайн багшийн ачаар ажилдаа богино хугацаанд дадаж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэж Л.Батцэнгэл хэлэв. -Та номдоо “хонхны дуудлагаар” даргын өрөөний хоёр хаалганы хооронд 15 жил “холхино” гэж даанч бодсонгүй. Энэхүү хонхны дуудлага жирийн нэг дуу төдий бус, нам засгийн удирдагчийн ажил албатай холбож үзвэл “зон олны дуудлага” гэлтэй гэсэн байх бөгөөд өдрийн ажлын ачааллаа 2-3 давхрын хооронд дээш доошоо 584 удаа гүйх тохиолдол байсан гэсэн бол анхны өдөр Засгийн газрын ордонд орж Ю.Цэдэнбал даргын албан өрөө, мөн өөрийн ажиллах том тасалгаанууд, гадуур дотуур ярих олон телефон утас, бичгийн ширээ, шүүгээ, олон сандал, түлхүүр зэргээ мэдэхгүйн дээр удирдах дарга сайд нартай харьцах, дуудах талаар их л тэвдэж будилж байснаа хэд хоног, сарын дараа дадаж дасч ирснээ дурсамж номдоо нэрэлхэж зовохгүй дэлгэрэнгүй дурьджээ.

Орос хэл, аливаа үйлдэлд онцгой авхаалж сэргэлэн залуу Батцэнгэл хүү он жил ахих тусам Ю.Цэдэнбал даргад туслах нам-төрийн ажилд түргэн сурч, даргын юу хийхийг сайн мэддэг болж хоёр биедээ ээнэгшин дасч, тэд өглөө эртээс шөнө дөл болтол амралт чөлөөгүй ажиллдаг байв.

Намын их хурал, бүгд хурал, Ардын их хурлын ээлжит чуулган, тусгай хурал зөвлөгөөн болох үед илтгэл тогтоол, хэлэх үг, уриалга, мэдэгдэл, утас цахилгаан, мэндчилгээ гээд бүх зүйлийг бэлтгэх, дахин дахин машиндуулж, орчуулах, засч нийлэх техник ажиллагаа маш их болдог тэр үеэр дарга Цэдэнбал, туслах Батцэнгэл, цай зөөгч /үйлчлэгч/ Долгоржав нар нэг байтугай хэдэн шөнө нойроо хасч амсхийх чөлөөгүй ажилладаг ч өглөө эрт ажилдаа ирсэн байдаг байж. Л.Батцэнгэл дурсамж номдоо Ю.Цэдэнбалын намтраас эхлээд түүний цуцалтгүй хөдөлмөрч чанар, эрдэм боловсрол төгс, бичгийн хүн мөн болохыг, аливаа том асуудлыг хамтын удирдлагаар шийдвэрлэдгийг тодорхойлжээ. Дарга ямагт ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, энх тайванэв найрамдал болон ЗХУ-ын сэтгэл харамгүй тусламж дэмжпэгт хязгааргүй үнэнч байсныг уг номыг уншихад нэн тодорхой харагдана. Ю.Цэдэнбал дарга хүнтэй тулж ажиллахад гол анхаарлаа тавьдаг. Өдрийн ажлынхаа ихэнхийг хүмүүстэй уулзаж ярихад зориулдаг. Харин хүмүүсийг хүлээн авч уулзахдаа хүлээлгэж чирэгдэл учруулахгүй, хүнд суртал гаргахгүйг хичээдэг байсан аж. Түүний туслах Батцэнгэл ч Ю.Цэдэнбал даргатай уулзахад нь “Залуу хүн төлөвлөгөөтэй бай, Сахилгатай ажиллах хэрэгтэй” гэж анхааруулж захисан үгийг мөрдлөг болгож, тэрбээр “Даргын дэргэд очсон өдрөөсөө эхлэн өдөр тутам хийх ажлаа төлөвлөж, болсон үйл явдал бүрийг тэмдэглэн авч хадгалж иржээ.

Тиймээс ч дурсамж номынхоо гол хэсэгт 71-116 дахь хуудаснаа 1971 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс долдугаар сарын 31-нд болсон үйл явдлыг тэмдэглэж байснаа тусгай хүснэгтэд оруулсан нь сонин содон санагдав. Энэхүү номын “Зам салсан нь” хэсгийн “Уршигт ундаа” гэсэн дурсамжийг уншихад өөрийн чинь сэтгэлийг эмзэглүүлсэн асуудлыг хөндсөн байх юм. “Эндээс харахад Цэдэнбал даргад шууд үг хэлдэг, айдаггүй хүн нь таныг байж гэж бодогдлоо” гэхэд Батцэнгэл “Монголын ард түмэн сэтгэлд шингэсэн хүндэтгэлээ илэрхийлж сархад сөгнөж ирсэн заншилтай.

Иймд хүлээн авалт болон айлд зочлоход монголчүуд бид ариун цагаан идээний дээж сархдаа сөгнөж зочилдог заншил өнөөг хүртэл уламжилсан энэ заншлаар архи уухад “архи уусанд” тооцдоггүй бичигдээгүй хууль эдүгээ ч үргэлжилсээр байгаа... Би даргыгаа архи уулаа гэж муулж байгаа юм биш. Гагцхүү “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” тэр аюулаас сэргийлж байсан хэрэг. “Дарга” миний энэ сэтгэлийг ойлгоогүй нь харамсалтай гэв. -Та яагаад Ю.Цэдэнбал даргын нарийн бичгийн дарга-туслах албанаас халагдсан юм бэ? -Би ажлаас халагдаагүй. Сүүлийн жилүүдэд Цэдэнбал дарга бидний хооронд элдэв хов, мэдээлэл нэртэй матаас их ордог болов. Хорхой биедээ хүрэхэд атирдаг шиг би ч бас үргэлж матуулаад сууж чадаагүй. Үнэн бол надад хэлэх үг алга. Гэтэл дандаа худлаа матна. Эрүүл бус уур амьсгал үлдээсэн энэ байдлаас холдох санаа шулуудаж, “Өргөдлөө” гаргаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийнхүү би 1978 оны наймдугаар сарын 16-нд ажлаасаа чөлөөлөгдөж тус улсаас БНСЧСУ-д суугаа Элчин сайдын яаманд томилогдон ажилласан. Тэр жилийн арваннэгдүгээр сарын 8-нд дарга Москвагаас надтай утсаар ярьж, улмаар Улаанбаатар руу нисгэсэн. “Төрд хэрэгтэй зайран” гэдэг шиг, миний хэрэг болсон юм байлгүй Цэдэнбал дарга Москвагаас ирсэн даруйдаа уулзаж: -Би чамд үүрэг өгнө. Энэ бол намын даалгавар;чи одоо гараад хуучин ажлаа хүлээж ав гэв. -Уучлаарай. Дарга аа! Би энэ үүргийг хүлээж авч чадахгүй. Яагаад гэвэл надаас үүний өмнөх шиг сэтгэл зүтгэл гарахгүй. Ний нуугүй хэлэхэд та миний урмыг хугалсан. Өмнө нь намаас өгсөн даалгаврыг биелүүлэхийн төлөө үнэхээр зүтгэсэн. Одоо тийм зүтгэл надаас гарахгүй. “Дургүй ламд дарж байж сахил хүртээв” гэгч шиг юм болно гэж хариулаад гарсан. Энэ бол бид хоёрын сүүлчийн уулзалт гэж даанч бодоогүй явж дээ” гэж Батцэнгэл хариулав. -Та чинь уран бүтээлч хүн. Одоо юу бүтээж байна даа? -Би Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуульд суралцах үеэс дүрслэх урлаг сонирхож, улмаар “Медалийн урлаг”-аар дагнан мэргэжсэн зураач болсон. Миний бүтээсэн төрийн медаль, энгэрийн тэмдэг олон мянган хүний энгэрт гялалзаж байхыг хараад дотроо баярлаж явдаг. Ялангуяа Цэдэнбал даргын дэргэд ажиллаж шөнө дөлөөр нойргүй сууж байхдаа 371 бүтээл хийснээс БНМАУын төрийн дээд медалийн 12 эхийг зохиож, төрийн шагналын сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан. Миний бичсэн ном дотор “Ю.Цэдэнбал ба миний уран бүтээл” гэсэн хэдэн хуудас дурсамж байгаа гэв. Энэ хувь хүний талаар хомс мэдлэгтэйгээ санаж, яриан дундаа түүний ажил амьдралын талаар сонирхоход 1934 оны эхээр төрсөн тэрбээр эдүгээ насны намартайгаа золготлоо Монголын XX зууны эхний нийгмийн амьдралын хатуу зөөлнийг туулж, “Хагацал”, “Доромжлол”, “Гүтгэлэг”-ийг үзэж, харин ч сэтгэлийн хат суусан хэрсүүд эр болсон нь харагдаж байв. Батцэнгэлийн бичсэн номыг уншиж байхад түүний нэрийг гурван ч удаа сольсон байх юм. Учрыг лавлавал: -Хоёр дахь нэрийг түүний төрсөн эцэг С.Эрдэнэбулаг өгчээ. Төрсөн эцгийнхээ өгсөн Гүнсэнхорлоо нэрээр бага сургуульд ороход хүүхдүүд “эмэгтэй нэртэй” гэх буюу “лам нэртэй” гэж дооглосноос болж “Би энэ нэрииг авахгүй” гэсэн хүүгиинхээ сэтгэлийг бодож, ээж нь аргагүйдэж байв. Эцэг Эрдэнэбулаг нь 1938 онд их хэлмэгдүүлэлтийн үед хилс хэргээр баривчлагдан цаазлагдаж, балчир хүү Гүнсэнхорлоо төрсөн эцгээсээ “хагацжээ”. Анхны нэр нь төрөх тасагт эх барьж авсан эмч орос эмэгтэйн өгсөн “Юра” гэдэг юм. Ээж нь эцгээс нь хойш Монголын нисэх хүчний ахмад нисгэгч Лувсандамбатай ханилжээ. 30-аад оны хэлмэгдүүлэлтэд нисгэгч Лувсандамба мөн хилс хэргээр баригдаж, шоронд хоригдож байгаад 1941 оны зуны эхээр суллагджээ. Хойд эцэг нь баригдаж бяцхан хүү Юра эсэргүүний хүүхэд хэмээгдэн сургуулиас хасагдаж эсэргүүний ар гэрийнхэн ээжтэйгээ хамт адлагдан доромжлогдож явав. Гурав дахь нэр нь 1953 онд Дэлхийн залуучууд оюуны IV их наадамд шалгаран гадаад оронд явах болоход хотын эвлэлийн хороо гадаад (орос) нэрээ соль гэсний дагуу “Батцэнгэл” нэртэй болжээ. Энэ нэрийг офицерийн сургуульд сурч байхад эдний курсийн дарга ахмад Лувсандорж өгчээ. Ийм түүхтэй хүнийг Юмжаагийн хүргэн Өлзийн Дорж хадам ах Ю.Цэдэнбалдаа хятадын эрлийз хэмээн матаж гүжирджээ. -Ц.Лувсандамба бол миний хойд эцэг. Намайг зургаан настай байхад ээжтэй миний ханилсан хүн. Миний төрсөн эцэг Эрдэнэбулаг бол Өвөр Монголын Зостын чуулга харчин баруун хошууны Содномын ууган хүү бөгөөд Чингис хааны есөн өрлөгийн нэг Урианхай Зэлмийн 28 дахь үеийн удмын хүн юм. Иймд би урианхай Зэлмийн удмын монгол хүн, хятадын эрлийз биш гэж омог бардам хэлж, үүнийгээ нотлох “Миний хувь тавилан” хэмээх ном бичсэн минь ээдрээтэй асуудлын учгийг тайлах нь лавтай гэж зоримог хэлэв. Эрдэмтэн Д.Баяндалай өмнөтгөлдөө “Миний мэдэх Ю.Цэдэнбал” хэмээх ном юуны өмнө түүхийн үнэтэй хэрэглэгдэхүүн, уншигч олон түмэнд танин мэдэхүйн чухал эх сурвалж, үнэний гэрч болох нь эргэлзээгүй гэж уг номын ач холбогдлыг цохон зоожээ. Монгол Улсын хөгжлийн түүхэнд тодоос тод мөр үлдээсэн, XX зууны Монголын манлай удирдагч Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн өмнөхөн болсон бид хоёрын яриа ийн өндөрлөв.

 

Ахмад сэтгүүлч Г.БААТАРЧУЛУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • loohuz (31.18.50.45)

    2016-07-30

    orosiin nutagt baigaa Davst uulandaa ochij bugdeeree nairlaj