Зурхайн бут

Бутны орой цантаж, уулс сүүдэртээд цаг оройтох тусам Арц Богд уулын сүүдэр уртасч, арван тавны сар ойртох тусам улам сунайх аж. Алс холоос хавцал ангал нь бараантан, судаг жалга улам тодрох энэ сүрлэг хайрхан дөрвөн цагийн эргэлтэд нутгийн зон олны өмөг түшиг байсаар ирэв.

Тэртээ Ар хонгилыг өгсөн зурхайч өвгөн ач хүүгээ дагуулан алхана. Уулын нөмөр, жалгын нөөлөгт алхалж яваа хоёр дүн өвлийн хүйтэнд халууцах шахам үзүүргэн дээлний энгэр задгайлж дүнгэр дангар ярьсаар урагшилна. Таацын цагаан нуурыг хөвөөлж дөрвөн улирал өртөөлж, зуны аагим халуунд Арц Богдоо бараадан хэдэн үе энэ нутагт амьдарч ирснээ өвгөн ч, ач хүү ч үл мэднэ. Өвгөн явдал саатан түр амрах зуураа Арц Богд уулын тэргүүн оргилыг зааж, -Энэ оргил сүндэрлэж байгаа цагт хүү минь нутгаасаа бүү холдоорой. Энэ оргил бүхнийг заагч, нууцыг хадгалагч юм шүү хэмээв. Өдгөө тэр нууцуудын нэг болох Зурхайн бутыг ач хүүдээ зааж өгөхөөр өвгөн өдөр судар тааруулан Ар хонгил гэх үерийн ус идэж, хад чулуу нь арсайсан хавцал өгсөн мацаж яваа нь энэ аж. Ач хүү өдрийн хугас явган яваадаа ундууцаж, морь байсаар атал явган явна гэж зөрүүдлээд өвөө ч зөнөж байгаа юм байх даа. Зурхайн бут нь холгүй л байгаасай билээ хэмээн сэтгэл дотроо залбирах нь халаг явлаа.

 

Ар хонгилыг өгсөн эхэнд нь гарч ирэв. Энд тэнд бут бүртийж, цасан дор хорвоо дэлхий анирлана. Зурхайн бут нь хаана юм. Өвгөн алхалж, хүү араас нь дагасаар үдшийн жавар унах цагаар аараг толгодын ар хормойд ирж, өвгөн өврөөсөө арц хүж гаргаж, хүүгээ аргал, хомоол хормойлж ирэхийг хүлээн амандаа төвд ном дүнгэр дүнгэр уншин залбирах аж. Удалгүй хуурай бутны зомгол шажигнатал асч, аргал, хомоолын үнэр жаврын үзүүрт тачигнах хайруу хүйтнийг номхотгох мэт нөөлөг дулаанаар орчныг бүрхэв. -Өнөөдөр ес эхлэх учиртай.

 

Арц Богд уулын тэргүүн оргилын сүүдэр энэ бутанд хүрч байвал идэр ес эхлэв хэмээн зарладаг номтой юм, хүү минь хэмээн өвгөн тэртээ толгодын энгэрт байх ганц бараан бутыг ач хүүдээ зааж өглөө. Хэдэн үеэрээ байгаль дэлхийг ажиглан таньж, аль уулын сүүдэр хаана хүрвэл идэр ес эхэлдгийг хүртэл таньсан өвгөдийн ухааныг ач хүүдээ өвлүүлэх гэж зүтгэсэн өвгөн сар дүүрч, Арц Богд уулын тэргүүн оргилын сүүдэр зурхайн бутнаа хүрэх эсэхийг харахаар хүлээн суулаа. Харин Арц Богд уулын тэргүүн оргилын сүүдрийг ажиглаж, нууцыг хадгалдаг хэмээн нутгийнхан ил далд хүндэлдэг өвөөгөөсөө нууцыг өвлөж, нууц эрдэнэсийн эзэн болох хязгааргүй хүсэлд автсан ач хүүгийн сэтгэлд харанхуй нөмөрч байлаа. Иймхэн юмны төлөө өдрийн тал алхалж, харанхуй энэ толгодын дунд шөнийг өнгөрөөнө гэхээс бүр цухалдав. -Энэ бутанд тэргүүн оргилын сүүдэр хүрч, идэр ес хэзээ эхэлнэ, та бидэнд ямар хамаа байна. Биднийг ингэж мэдсэн мэдээгүй өвөл болдгоороо болж өнгөрнө. Та үүнийг мэдэж, хэлж өглөө гээд хэн, юугаар шагнаж, талархлын ганц үг хэлж гийгүүлэх билээ хэмээн хүүг хэнхдэгний цаана буй бухимдлаа хадгалж чадахгүй тачаадан хэлэхэд өвгөн, -Хүү минь, цаг агаарыг таньж мэдэн ард олондоо хэлнэ гэдэг ирэх өдрийн үйлийг тааж, сайн мууг мэдэхэд тун ч чухаг хэрэгтэй.

 

Ард түмнээсээ ач нэхэж биш, амь нэг байх гэж бид амьдарч, хойч үедээ ч үүнийг хэлж, захиж ирсэн ард түмэн. Ээ дээ, хүү минь хэдэн мянган жил энэ тал нутагт амь, заяа нэгтэй байж оршиж ирсэн монгол удам сарнин бутрахын цагт гай гамшиг л нүүрлэдэг юм шүү. Энэ зурхайн бут дээр ирээд хоёр өдөр ажиглаж, идэр ес эхэлсэн өдрийг ард олондоо зарлаж хэллээ гээд миний хүүгээс амь унахгүй, эд хорогдохгүй. Харин ард түмэндээ нэг үйлээр ч гэсэн тус болж чадвал заяа, сэтгэл хоёр чинь бүтэн явна шүү, хүү минь. Тиймээс ч Арц Богд хайрханы Тэргүүн оргил сүндэрлэн байгаа цагт нутгаасаа бүү холд гэж өвөө нь чамаас гуйдгийн учир энэ ээ хэмээн өгүүлэв. Өвлийн талд жавар тачигнавч аргал, хомоолын дөл, утааны үнэрт сарниж, тэртээ алсад шөнийн саран дор Арц Богд уул сүүдэртэн бараантана. Сүүдэр нь газар унан мөлхсөөр Зурхайн бут руу улам л дөтлөн бараална.

 

 

Хүрэн толгой гэх урдуураа гүн сайр бүхий аараг толгод бүхий дэнжийн зусланд Товуу хөгшнийх гурван гэрээр зусав. Өвгөний бие нутаг өөд гарч ирснээс хойш сайжраагүй ч Хүрэн толгойн дэнжид зэлээ татаж, хэдэн насны морь уяв. Өөрөө хол явж чадахгүй ч хэдэн ач зээгээ зааж чиглүүлээд гарч ороод хэрэндээ л хөл болж байлаа. Жил бүхэн нас насанд уядаг хэдэн мориныхоо хөлсний үнэр, хийморь сүлдэнд нь сэтгэл ханаад бие нь сайжрах болов уу хэмээн горьдож, хурдан морь уяна энэ тэр гэхэд нь эмгэн нь ч хориглож сүйд болсонгүй.

 

Морьд үсэргэх болоход том ач хүүдээ хэдэн морио хөтлүүлж явуулаад өөрөө гэрийн сүүдэр бараадан дурандаж суух. Ач хүү нь хэдийгээр өвөө шигээ бүхнийг хийх гэвч өвгөний сэтгэлд эс хүрч бухимдах үе ч бишгүй. Баянбулагийн дэнжид наадам боллоо. Мянгадын хурд сайтай хүлгүүд цуглаж, зүслэж, шүдлээд Тал хэмээх уужим тавиу газар руу морьдоо уралдуулахаар явуулахад өвгөн дурангаа барьсаар гэрийнхээ сүүдэрт үлдлээ. Өдрийн тал шахам наадмын сураг, хурдан морьдын чимээ чагнаж өнжив.

 

уулай, туулай тонгос...

 

Үдээс хойхно хэрд ач хүү нь хөрш саахалт айлын наадамчидтай морьдоо хөтөлсөөр ирэв. Их насанд уралдсан морь нь айрагдаж, хязаалан насанд уралдсан мушгуу хээр нь түрүүлээд магнай нь хагартлаа баярласан ач хүүгээ өвгөн үнсээд, -За даа, одоо ч санаа амар хадан гэртээ очсон ч болохоор болжээ. Ач хүү нь хэдэн мориндоо эзэн болж чадахаар болж дээ гэхэд эмгэн нь, -Амьтан хүн баярлаж байхад билэггүй үг хэлээд хэмээн зэмлэхээ ч мартсангүй.

 

Элж байгаагаа мэддэг ч өсч байгаа үрээ нялх л гэж санах эхийн сэтгэл ээ гэж. Тээр жил Ховд голын хөндий уруудан мал сүрэг багширч, айлууд идээ, цагаагаа багтааж ядан бялхсан тарган сайхан намар болж байсан юм. Гурван жилийн цэрэгт дайчлагдсан цэргүүд тэр жил оройтон халагдаж ирэх сургаар айл бүхэн хөхүүр тавьж, айрагтай бүхэн архи сөгнөж, цэргийн хүүхдүүд ирэхээр ёстой нэг гэж хорхой нь гозогносон эрчүүд дэвэх нь халаг байв. Хүүгээ цэргээс ирэхэд нь унах морийг нь битүүхэндээ бэлдэж, эмээл хазаар, өмсөх дээлийг нь хүртэл зэхдэг нь монгол ёс. Хүүгээ цэрэгт явсны дараахан хараагүй болсон Бүжид эмгэн хүүдээ өөрөө дээл оёж байгаа гэнэ гэсэн яриа Ховд голын хөндий уруудаж, Алтан Хөхий уулын судаг бүхэнд буй айлд хүртэл сонсогдохоор тарав. Өрөвч нэг нь хүүдээ өөрийнхөө гараар оёсон дээлээ өмсгөх гэсэн эхийн сэтгэлийг хөөрхийлж суухад хэл амтай нэг нь ямар дээл оёж өгснийг харах гэж адгав. Удалгүй цэргээс халагдсан эрчүүд аймаг дээр ирж, аймгаас суманд, сумаас гэр гэртээ ирлээ. Нутгийн уул ус хүртэл дүүрээд хөл хөдөлгөөн ч ихдээд ирэв. Уул ус минь хүртэл өнгө засаад тэр жилийн намар уртыг ч юу гэхэв. Бүжид эмгэний ганц хүү ч гэртээ ирлээ. Эмгэн хүүгээ тэвэрч нэг, үнэрлэж нэг, тэмтэрч нэг үзэв. Тэгээд хүүдээ оёсон дээлээ гаргаж өгсөн гэдэг. Энгэр бүчийг нь хүртэл хонин холбоо нэхээсээр гараа гаргаж хийсэн дээлээ хүүдээ өмсүүлэх гэж мөн ч хүлээсэн дээ, хөөрхий минь.

 

Цэрэгт явдаг тэр л үеийнх нь хэмжээнээс томдуулж хийсэн дээл хүүд халхайж дэлхийгээд хэтэрхий томдсон байв. Ээж нь хүүгээ дээлээ өмссөн байхад нь тэмтэрч, илж үзээд -Миний хүүд дээл нь жаахан томдоо юу даа, өсч яваа юм чинь хойтон гэхэд яг таарна аа хэмээн хүүгээ аргадаж өгүүлэхэд цэрэгт хатуужил суусан ид насны эрийн ээжийгээ хайрласан сэтгэлийн нулимс сормуусыг нь давав. Хүүгээ өсч яваа хэмээн нялхаар нь санах эх хүний сэтгэлд хорвоо дандаа хайраар гэрэлтэж байдаг аж. Тиймээ, хүү нь өсч яваа шүү дээ гэж ээждээ үнсүүлсэн цэрэг эртэй тэр намар уртаас урт байсан даа гэж мянгадууд одоо ч дурсдаг юм.

 

 

Наадам өнгөрч намрын сэрүүн салхи дэнж толгодоор сэнгэнэж, хүмүүс хадландаа гарч, малын хошуу ч нутаг уруудаад эхлэв. Өвгөний бие сайжралыг олохгүй хэвтрээсээ ч босохоо болив. Уг нь ганц хүү, ганц охин төрүүлж өсгөсөн ч охин нь дөрвөн хүүхэд төрүүлээд эрт бие барсан болохоор хоёр хөгшин дээр дөрвөн хүү нь үлдэж, гарыг нь ганзаганд хүргэчих юмсан гэж мөн ч хичээсэн дээ. Гэвч өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг, аргалж болдоггүй юм болохоор сэтгэлээр унахаас хэтэрсэнгүй. Өглөө болгон хэдэн ач зээгээ шуугилдах дуунаар сэрээд “Намайг явчихаар яана даа” хэмээн сэтгэлээ аргуулж, сормуус чийгтүүлэх нулимсаа хэнхдэг рүүгээ залгилж санааширна. Үхэж болохгүй орчлонд үлдээгээд явахаас хүртэл харам санагдах дэгж дэрвэсэн хэдэн ач зээгээ шуугилдаад ороод ирэхэд өвгөн өндийж суугаад үнэрлэнэ. Намрын нар сүүдрээ хүртэл нуусан сэрүүн салхитай нэгэн өдөр өвгөн хорвоогоос буцав.

 

 

Эмгэн нь нулимсаа нууж нэг, асгаж нэг өвгөнөө эцсийн амьсгал татахад нь сүү амсуулж дөнгөв. Насаараа ханилж, нэгэн биеийн илч дулаанаа хуваалцаж, үйл заяагаа нэгтгэсэн ханиа эцсийн амьсгал татахад сэтгэл нь өмөрч бүх юм харанхуй татаад явчихав. Гэрэлтэй, нартай хорвоо гэдэг худлаа юм даа гэсэн гашуун бодолд тушигдаж, нэг хэсэг ямар байдалтай байснаа ч мэдсэнгүй. Нэг сэхээ ороход хэдэн ач зээ нарынх нь томхонууд нь уйлалдаж, бага хэд нь тэднийгээ даган орилолдож байлаа. Хоёр зээгээ “Хойд айлд очоод өвөө өнгөрчихлөө гэж хэлээд ир” хэмээн гүйлгэв. Том эгчийгээ даган учиргүй уйлж байсан таван настай зээ нь эгчдээ хань болон хойд айл руу гүйлээ. Тэр хоёрыг гүйж явтал харганы сүүдэрт хярсан туулай үргэн хад асга бараадан дэгдэхэд саяхан эгчийгээ даган уйлж байсан таван настай зээ охин -Туулай туулай тонгос тонгос Туулайн бөгс ондгос ондгос хэмээн хөөрөн хэлэхэд эгч нь дүүгээ зэмлэж чадалгүй өвөөгөө улам санан санан уйлж байлаа. Хүрэн толгойн сүүдэр хөндий уруудан дүүрч, хөх салхи морьдын хөл дундуур буцах цагийн аясыг жиндүүлэн сэнгэнэж байлаа, тэр үдэш.

 

Д.Лхагва-Очир

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.51)

    2017-06-30

    wh0cd108423 celebrex wellbutrin online LASIX 40MG Purchase Tamoxifen

  • sZjVvJnncaMwKfeDw (46.161.9.8)

    2017-02-02

    e3vasN zlkvxkfqrtbv, [url=http://wqcvacffztzd.com/]wqcvacffztzd[/url], [link=http://cdrxyyhlrrka.com/]cdrxyyhlrrka[/link], http://guehdaevrzis.com/

  • унш (202.179.25.36)

    2016-08-05

    Уншаарай гоё юм оооо