Иргэдээс үер усны холбогдолтой 65 удаагийн дуудлага иржээ

 

Өчигдрийн 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автжээ.

 

Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300 м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250 м, Нарны гүүрний зүүн талын автозам 150 м, “Буян”ХХК-ийн зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхаруудад ус их орж автомашинууд усанд автсан зэрэг хүндрэлтэй нөхцөл үүссэнийг албаныхан хэллээ. 

 

НОБГ-т энэ үеэр 101, 105 дугаарын утсанд иргэдээс үер усны холбогдолтой  65 удаагийн дуудлагын дагуу аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион байгуулан ажилласан байна.

 

Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлагыг эзэлжээ.

 

Цаашид 29-нд түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)