Дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэн баталснаар Засгийн газрын танхим бүрдлээ

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий дөрвөн сайдыг хэлэлцэн баталснаар Мэргэжлийн Засгийн газрын танхим бүрдлээ.

 

Ж.Эрдэнэбатын танхим нь ирэх дөрвөн жилд 13 яам, 16 сайдтай ажиллана. Сайд нарынх нь 7 нь УИХ-аас томилогдсон бол 9 нь парламентын гаднаас томилогдлоо.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд танилцуулсан.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр орой 22:00 цагт эхэлж, сайдад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаярыг, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг, Эрчим хүчний сайдаар П.Ганхүү нарыг дэвшүүлснээ танилцуулсан юм.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 58 гишүүн оролцож П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн  96.9 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 56 нь П.Сэргэлэнг сайдаар томилохыг дэмжив.

 

Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаярыг томилуулах тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 91.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 51 нь дэмжих кноп дарсан юм.

 

А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 96.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 54 нь дэмжив.

 

П.Ганхүүг Эрчим хүчний сайдаар томилохыг гишүүдийн 88.7 хувь нь дэмжин баталлаа. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 47 нь дэмжив.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)