Д.Нарантуяа: Зүрхний шигдээс өвчин залуужиж байгаа нь хөдөлгөөний дутагдалтай холбоотой

 

Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын зүрхний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын III төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн зөвлөх эмч, доктор / ph.D/ Д.НАРАНТУЯАТАЙ ярилцлаа.

 

-Сүүлийн үед зүрхний шигдээс өвчнөөр нас барах хүний тоо олширч, тэдний нас улам залуужиж байна гэх юм. Тиймээс та хамгийн түрүүнд уншигчдад зүрхний шигдээс өвчний талаар тайлбарлаж өгнө үү?

-Хүчилтөрөгчийн дутагдлаас булчинд бүрэн бус исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, өвдөлтийн рецепторыг цочроосноор өвдөлт үүсдэг. Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал нь түүний тэжээл буюу цусан хангамжийн дутагдлаас үүсэх бөгөөд тэжээл дутагдах хоёр төрлийн үндсэн шалтгаан бий. Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна. Нэгдүгээрт, зүрхийг тэжээгч титэм судасны эмгэг буюу нарийсал эсвэл бөглөрлөөс үүдэлтэй.Нарийсалньсудасны үрэвсэл, хатуурал, шохойжилт, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүсдэг. Судас цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө. Хоёрдугаарт, зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотой. Зүрхний булчин томрох эсвэл зүрхний цохилтын тоо олширсноос булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ үед хэвийн, эмгэг өөрчлөлтгүй, титэм судас хангалттай тэжээл буюу хүчилтөрөгчийг өгч чадахгүйд хүрдэг. Иймд цусан хангамж дутагдсанаас үүссэн өвдөлтийг ялган танихад хялбар болгох үүднээс байрлал, онцлог, дамжилт, хугацаа, эрчим, намдах үйл явцаар нь тодорхойлж болдог. Бид эдгээрийг “БОДХЭН” гэж зургаан үсгээр товчилж тайлбарладаг юм. Тодруулбал, байрлал гэдэг нь цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөх, онцлог нь дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх, дамжилт нь зүүн гap, дал, мөр лүү өвдөлт дамжих, хугацаа нь 20 минут хүртэл өвдөхийг хэлнэ. Нэг минутаас бага өвдөх нь зүрхний өвдөлт биш, 20-оос дээш бол зүрхний шигдээсийн шинж. Эрчим гэдэг нь өвдөлт сулаас маш хүчтэй байж болно. Намдах нь титэм судас тэлэх эм эсвэл хийж буй үйлдэл, ачааллаас хамаарна. Зүрхний шигдээсийн үед зөвхөн өвдөлт намдаах эмэнд эрч нь суларна. Цусан хангамжийн дутагдалтай булчингийн эсүүд унтаа байдалд ордог. Зүрхний цусан хангамжийг сэргээхэд унтаа эсүүд сэргээд үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадвал “зүрхний бах” гэж үздэг. Харин булчингийн эсүүд үхсэн бол зүрхний шигдээс гэж оношилно.

 

-Манай улсад зүрх судасны өвчлөл ямар төвшинд байна вэ. Мөн энэ өвчнөөр өвчлөх гол шалтгаан юу юм бол?

-Эмч мэргэжилтнүүдийн хувьд зүрхний өвчин залуужаад байгаа шалтгаан маш их анхаарал татаж, судалгаа хийсэн. Судалгаагаар дасгал, хөдөлгөөний дутагдал, хотын агаарын бохирдол маш их нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид зун нь тоос шороо, өвөл нь утаа, униар дунд амьдарч эрүүл сайхан байх ямар ч боломж алга. Түүнчлэн химийн хорт бодистой хоол, хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэснээс уг өвчний суурийг тавьдаг. Өөр нэг шалтгаан нь стресс. Энд тэндгүй эдийн засгийн хямрал, замын түгжрэлээс эхлээд иргэд маш ихээр бухимдалтай байна. Энэ өвчлөлд манай улсын хөдөлмөрийн насны залуус маш ихээр өртөж байна. Уг нь дэлхийн судлаачдын судалгаагаар 40-өөс дээш насныхан зүрхний өвчнөөр өвчлөх нь их байна гэж үздэг. Гэтэл манайд 25-40 насныхан зүрх судасны өвчний бай болчихоод байна.

 

-Хоолойн өвчин хүндэрч үе мөч, эрхтэн системд нөлөөлж, цаашлаад зүрхний өвчин үүсгэдэг гэж ярьдаг?

-Цаг агаарын байдлаас болж хүн амын дийлэнх нь амьсгал, бөөр, шээс ялгаруулах замын өвчинтэй байдаг. Мөн хүн амын дийлэнх нь хоолойн өвчтэй. Энэ нь халуун хүйтэн зүйл идэж, ууснаас болдог. Үүнээс гадна эцэг эхээс үр хүүхдэд нь хоолойн өвчин халдварладаг. Хоолой нь өвддөг эцэг эхчүүд дөнгөж гарсан хүүхдэдээ хоолыг нь зажилж халуун хүйтнийг нь тааруулж өгснөөр өөрийнхөө бактерийг дамжуулдаг. Үүнээс болж хүүхдүүд багаасаа хоолойн ангинтай болдог. Энгийн ангин нь хоргүй. Хоолойн архаг ангин нь холбогч эдийн үрэвслийг бий болгодог. Хүний биед холбогч эрхтэнгүй эд эс гэж байдаггүй. Тиймээс ангин нь тархи, зүрх, бөөр, судасны ханыг гэмтээж, үе мөчинд нөлөөлж, гэмтээдэг. Ангинийн архаг хордлоготой хүмүүсийн дийлэнх нь үе мөчний өвчинтэй байдаг юм. Үе мөч нь биеийн тулгуур эрхтэн учраас өвдсөн ч тоолгүй хаядаг. Гэтэл цааш даамжирч зүрхний хавхлагуудыг гэмтээж, зүрхний олдмол гажиг үүсдэг. Тархины судсыг гэмтээснээс болж тархинд харвалт өгөх хэмжээнд нөлөөлнө. Үетэй эрхтэн болгоныг гэмтээдэг гэсэн үг. Тэгэхээр ангинтай тууштай тэмцэх хэрэгтэй.

 

-Ер нь зүрх судасны өвчлөлийн дийлэнх нь удамшлаас болж байна уу, эвсэл олдмол уу?

-Зүрх судасны өвчинд удамшил нөлөөлж байгаа. Мөн нийгмийн харилцаа, ахуй амьдрал, орчинтойгоо үл дасан зохицох байдлаас болж өвчлөлт нэмэгдэж байна. Төрөлхийн гажиг гэдэг бол тухайн хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхдээ байх ёстой бүтэц нь өөр болохыг хэлдэг. Төрөлхийн гажгийг хүүхэд байхад нь оношлоод, эмчилж байна. Судалгаанаас харахад олдмол гажиг манай улсад их байдаг. Үүний шалтгаан нь хоолойны ангин юм. Социализмын үед нойр булчирхай, чихрийн шижингээр өвчилсөн хүн ховор байдаг байв. Гэтэл одоо бараг хүн болгон чихрийн шижин, нойр булчирхайн архаг үрэвсэл, ходоодны хелико бактеритай, даралт ихэсдэг, дээр нь зүрхний шмитэй болчихсон байна. 20, 30 настай залуус зүрхний шми болчихсон ирж үзүүлдэг.

 

-Шми гэж юу вэ?

-Зүрхний булчинг судас тэжээж байх ёстой. Зүрх нь бусад бүх эрхтэн рүү судсаар дамжуулан цусыг шахаж бусад эрхтэнг тэжээж байгаа шүү дээ. Үүн шиг зүрхийг тэжээж байдаг зүйл бий. Түүнийг титэм судас гэж нэрлэдэг. Титэм судас нь нарийсах, бөглөрсөн тохиолдолд буюу цусан хангамж дутагдахыг шми гэж нэрлэдэг. Шмиг орчуулбал зүрхний цусан хангамжийн хомсдол гэж ойлгож болно.

 

-Өөрийгөө зүрхний шигдээс болж байна гэдгийг мэдэх боломж бий юү?

-Зүрхний цочмог шигдээс болсон өвчтөн “Цээжин дээр юм дараад, хүнд оргиод байгаа мэт, тавгүй оргиж, бага зэргийн амьсгаадаж байсан. Өвдөлт гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ийм эвгүй мэдрэмжийг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй болохоор аймшигтай байсан” гэж хэлдэг. Ер нь хүмүүс зүрхний цочмог шигдээсийн үед мэдэрсэн өвдөлтийн тухай янз бүрээр дүрсэлдэг. “Цээжээр ороогоод хавчаад байгаа юм шиг “Өвдөлтийн шинж тэмдгийг дүрслэн хэлж чадахгүй байна. Өвдөлтөөс илүүтэй цээжинд тавгүй, таагүй оргиж байсан” гэж ярьдаг. Мөн өвдөлтөөс гадна амьсгаадах, амьсгал давчдах, хүйт оргих, чийг даах, хөлрөх, эрс ядрах, сульдах, дотор муухайрах, бөөлжис цутгах, зүрх дэлсэх, толгой эргэх, ухаан алдах зэрэг зовиур хавсарч тохиолддог.

 

-Өвдөлт мэдрэгдэхгүйгээр шигдээс болох тохиолдол байх уу?

-Эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй өвчтөн, өндөр настанд зүрхний шигдээсийн дээрх өвдөлт барагтай тохиолддоггүй. Ихэвчлэн сульдах, ядрах, зүрхээр дэлсэх, цээжээр бага зэрэг өвдөх шинжээр илэрдэг. -Зүрхний шигдээс гэж таамаглавал хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ? -Хэрвээ зүрхний шигдээс болж байна гэж үзвэл эхний ээлжид хийж байсан зүйлээ орхиод шалан дээр ч хамаагүй хэвтэж тайвшрахыг оролд. Энэ нь хийхэд амархан биш ч битгий сандар, бүү ай. Түргэн тусламж дууд. 103 руу яаралтай залгаад зүрхний шигдээс боллоо гэдгээ шууд хэлэх хэрэгтэй. Түргэний эмч иртэл боломжтой бол аспирин зажил. Нитроглицерин ойр байвал хэлэн дороо тавих хэрэгтэй. Таван минутын зайтай гурван удаа тавиад үр дүн өгөхгүй бол зүрхний шигдээсийг улам баталгаажуулах юм. Хэрэв ганцаараа байх үед тохиолдвол анхан шатны амилуулах суурь тусламж үзүүлж чадах хүн ойр байгаа эсэхийг асууж, тусламж хүсэх хэрэгтэй. Түүнчлэн зүрх судасны эмгэгийн лавлах 1900-2-103 дугаарт холбогдож шаардлагатай мэдээллээ түргэн шуурхай авах боломжтой. Энэ лавлахыг ажиллуулаад гурван сар болж байна. Одоохондоо 40 гаруй хандалт ирсэн байна. Иргэд лавлахын талаар мэдээлэлгүй учраас хандалт нь бага байгаа байх. Эндээс даралт хэрхэн бууруулах, зүрхний өвдөлт намдаах, зүрх, судасны өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох, тэтгэвэр тэтгэмж авах, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний мэдээлэл авах зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 24 цагийн турш автоматаар ажиллах учраас хэн, хаанаас, хэзээ ч холбогдож мэдээлэл авч болно.

 

-Лавлах утсанд холбогдоход төлбөртэй юү. Үүнийг бий болгосноор ямар ач холбогдолтой гэж та бүхэн үзсэн бэ?

- Нэг минут нь 500 төгрөгийн төлбөртэй. Учир нь, лавлахыг ажиллуулахад цаанаа бид төлбөр төлдөг юм байна лээ. Гэхдээ лавлахад холбогдож мэдээлэл авснаар хамгийн түрүүнд цаг хугацааг хэмнэж байгаа хэрэг юм. Хүн мэдээлэлгүй байснаасаа болж маш их цаг хугацаа алддаг. Тиймээс өвчнийхөө талаарх мэдээллийг цаг алдахгүй хаанаас хэрхэн авч болох талаар судлахад хамгийн зөв шийдвэр нь утас байсан. Тиймээс лавлах бий болголоо. Сүүлийн үед хүмүүс өөртөө маш их анхаарал тавьдаг болжээ. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа учраас шинэлэг зүйлийг их хүсэх болсон байна. Социализмын үед тухайн хүн өөрийн эрүүл мэндэд нэг их анхаарал тавьдаггүй байлаа. Учир нь, эмчид итгэдэг байснаас гадна Засгаас иргэдийн эрүүл мэндийг бүрэн даадаг байсан. Гэтэл одоо хувь хүн өөрийн эрүүл мэндийг ихээр анхаарч эмчээс маш олон зүйлийг лавлаж асууж байна. Үйлчлүүлэгчдийн эмчид тавих асуулт ихэнхдээ давхцдаг тул энэ лавлахыг ажиллуулахаар болсон.

 

-Цаг алдахгүй тусламж авахын тулд өөр юу анхаарах хэрэгтэй вэ?

-Зүрхний шигдээсийн үед зайлшгүй сэргийлэх, зайлсхийх зургаан алдаа гэж байдаг. Өөрт тохиолдсон шинж тэмдгээ дутуу үнэлж үгүйсгэх, зүрхний шигдээс биш бол гэж болгоомжлон санаа зовж бусдаас тусламж гуйхаа хойшлуулдаг. Мөн эмнэлэгт өөрөө очих гэж оролдох, зүрхний шигдээсээр өвдөхөд хэт залуу эсвэл эрүүл гэж бодох, эрэгтэйчүүд л зүрхний шигдээсээр өвддөг гэж андуурахаас гадна гэр бүлийнхнээ зовоохгүй хэмээн эмнэлгийн тусламжийг хойшлуулах алдаа гаргадаг. Түүнээс гадна олонх нь ингэсгээд намдах байх гэж хугацаа алддаг тал бий.

 

-Иргэдийн эмийн хэрэглээ зохисгүй болжээ. Тухайлбал, даралтны эмийг эмчийн заавар зөвлөгөөгүй шууд хэрэглэх нь бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Иргэдийн эмийн хэрэглээ маш замбараагүй болсон. Ялангуяа хөдөө судалгаа хийгээд явж байхад даралтны эмийн зохисгүй, буруу хэрэглэх нь ихэссэн байна. Энэ нь тухайн хүний эрүүл мэндийн мэдлэг дутмаг, мөнгө санхүүгийн боломжгүй байдалтай шууд холбоотой. Үзлэг шинжилгээ хийж байхдаа өвчтөнөөс “Та эмээ уусан уу” гэхэд “Эмээ хадгалчихсан байгаа. Ямар нэгэн зовиур гарвал л ууна даа” гээд униндаа хавчуулчихсан байх жишээтэй. Гэтэл нэгэнт эмчийн заавраар эм уугаад эхэлсэн бол зовиур илэрсэн илрээгүй таслалгүй уух ёстой. Үр хүүхэд нь миний аав, ээж эмийг таслалгүй ууж байх ёстой гэдгийг маш сайн мэдэж баймаар байна. Хамгийн гол нь эмчийн зөвлөгөөгөөр ямар эмийг хэдий хугацаанд уух вэ гэдгээ мэдэх шаардлагатай.

 

-Ер нь манай улсын зүрх судасний чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчин, техник технологи нь дэлхийн стандартад хэр нийцэж байгаа вэ?

-Сүүлийн үед мэс ажилбарыг өөрсдөө бие даан хийдэг болоод байгаа. Хэм алдагдал, түлэгдэл, стенд, шүхэр тавих зэрэг мэс ажилбарыг Монголдоо хийж байна. Хавхлагуудыг орлуулах хагалгааг хийж байгаа. Зүрхний эмч нар манайд хангалттай байдаг. Хамгийн гол нь нарийн мэргэжлийнх нь л шаардлагатай байна. Зуны улиралд иргэд амралт зугаалгаар их явж, тэдний дотор зүрх судасны өвчтэй хүн эмчийн заавар зөвлөгөөгүй рашаан сувилалд очиж амь насаараа эрсдэх тохиолдол гардаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс заавал эмчээс зөвлөгөө авч явах хэрэгтэй. Өөрийн дураар рашаан сувилалд явбал таны өвчин сэдрэх аюултайг сануулмаар байна.

 

                                                                                                                                    -Ярилцсанд баярлалаа.

                                                                                                                                                                 Ц.ЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (59.153.115.154)

    2016-08-29

    SSetguulch yum unshij baimaar shuu

  • (59.153.115.154)

    2016-08-29

    Шми биш ишеми дээ

  • Билгїїн (59.153.114.243)

    2016-08-24

    Сайхан ярилцлага байна.Таньд амжилт хїсье.

  • (202.55.191.130)

    2016-08-22

    Ишеми́я (лат. ischaemia ) эхлээд зөв бичээд сурчмаар юм даа Заяа

  • (202.126.89.199)

    2016-08-22

    ЗҮРХНИЙ ХОЛБОО ГЭХ ЮМ. ЗҮРХ БАС ХОЛБОО БАЙГУУЛДАГ БАЙХ НЬ ЭЭ. ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАРЫН ЭСВЭЛ АЖИЛТНУУДЫН ХОЛБОО БАЙМААР...ГЭХДЭЭ ДАЖГҮЙ ЯРИЛЦЛАГА БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ