Р.Отгонтулга: 2017 оны эхний улиралд хоёр хувийн буцаан олголтыг шилжүүлнэ

 

        НӨАТ болон сугалааны талаар Гааль, Татварын мэдээллийн технологийн төвийн Ерөнхий захирал Р.ОТГОНТУЛГАТАЙ ярилцлаа.

 

-НӨАТ-ын хууль хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. еbarimt.mn-д хандах иргэдийн идэвх сүүлийн үед суларч байх шиг санагдлаа. Одоогоор хэчнээн иргэн тогтмол хандаж, баримтаа бүртгүүлж байна вэ?

 

-НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн байдлаар хэрэгжээд найман сар болсон байна. Энэ хугацаанд иргэдийн оролцоо нэмэгдэж, 786 мянган айл өрх энэхүү системийг бүрэн ашиглаж, өнөөдрийн байдлаар 116 сая баримт бүртгүүлсэн байна. Өдөрт дунджаар НӨАТ-ын 659274 баримтыг хэвлэж гаргадаг.

 

-НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн удаа хонжворт сугалаа явуулсан бэ. Хэчнээн хүн азтан болоод байна?

 

-Энэ онд багтаж, 18 удаа хонжворт сугалаа явуулахаар төлөвлөснөөс одоогоор 14 удаа сугалаа явуулахад 137502 азтан тодорсон. Үүнээс 46136 нь хонжвороо аваад байна. Үлдсэн дөрвөн сугалааг энэ онд багтааж явуулна. Энэ сарын 28-нд ээлжит сугалаагаа явуулах бөгөөд долоодугаар сард бүртгүүлсэн баримтнаас азтанг тодруулна. 2016 оны зургаадугаар сарын 19-нөөс эхлэн сугалааг шинэ журмаар зохион байгуулж байгаа. Үүнээс өмнө хэвлэгдэн гарсан бүх баримт дунд сугалааг зохион байгуулдаг байсан бол одоо зөвхөн бүртгүүлсэн баримтуудыг сугалаанд оролцуулж байгаа.

 

-Нийт 14 удаа сугалаа явуулахад хэчнээн төгрөгийн хонжворыг иргэдэд олгосон бэ?

 

-Сугалааны хонжворын санхүүжилтийн эх үүсвэр улсын төсөвт тусгагдсан. Одоогоор 1.9 тэрбум төгрөгийг иргэдэд сугалаа хэлбэрээр олгосон. Үүнээс гадна хуулийнхаа дагуу 2017 оны нэгдүгээр улиралд багтааж, хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн данс руу оруулна. Үүний тооцоог бид хийж байгаа. Энэхүү олголтыг цаашид ер нь жилд нэг удаа биш ойр ойрхон өгөх механизмыг судалж танилцуулсан. Хоёр хувийн буцаан олголтыг улирал бүр өгч байх шийдэл технологийн хувьд бэлэн болсон. Гагцхүү үүнийг бодлогын төвшинд хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна. Одоогоор хамгийн их буюу 23256751 төгрөгийн буцаан олголтыг нэг иргэн авахаар байна.

 

-Азтан болсон иргэн хэд хоногт урамшууллаа авах ёстой вэ?

 

-Сугалааны хонжворыг 20 хоногийн дотор тухайн азтаны данс руу шилжүүлдэг. Хамгийн гол нь иргэд өөрсдийгөө азтан болсон эсэхийг мэдэхгүй явсаар урамшууллаа авах хугацаагаа өнгөрүүлэх тохиолдол бий. Азтан болсон талаарх мэдээлэл танд очсон тохиолдолд тухайн иргэн өөрийнхөө мэдээллийг шалгаад заавал баталгаажуулах ёстой. Ингэснээр урамшуулал орох боломж бүрдэнэ.

 

-Нэг иргэн 37 удаа азтан болсон гэсэн тоон мэдээллийг танайхаас гаргасан байна лээ. Яагаад нэг хүн ийм олон удаа азтан болоод байна вэ?

 

-Энэ бол маш өндөр төвшинд хяналттай байдаг. Иргэд худалдан авалт хийхдээ баримтаа авахгүй байх тохиолдол их байна. Ийм тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн эзэн нь еbarimt.mn-д бүртгүүлэх жишээтэй. Ингэснээр азтан болох магадлал өндөр гэсэн үг. Худалдан авалтынхаа баримтыг авахгүй гарсан тохиолдолд Тайвань улс тухайн баримтыг бүртгүүлээд буяны хайрцагт хийдэг. Хэрэв тухайн сугалааны код урамшуулал хожвол түүнийг хандивт зориулах жишээтэй. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгж урамшууллыг авахгүй гэсэн үг. Хэдий 37 удаа азтан болсон ч гэлээ мөнгөн дүнгээрээ өндөр биш. Харин сугалаанаас хамгийн их мөнгө хожсон иргэн таван удаагийн тохирлоор азтан болж, нийт 20080000 төгрөг хожсон. Систем болон программ хангамж зэрэг технологийн төвшинд алдаатай үзүүлэлт хийгээгүй. Энэ оны эхний найман сарын байдлаар нэгэн иргэн хамгийн олон буюу 13808 баримт бүртгүүлсэн байна лээ.

 

-Хоёр хувийн буцаан олголтын хэмжээ систем дээр харагддаг. Гэтэл сүүлийн үед буцаан олголтын хэмжээ буурчихлаа гэх гомдол иргэдээс ирэх болсон. Энэ нь ямар учиртай юм бол. Үүнд тайлбар өгнө үү?

 

-Ийм тохиолдолд иргэд манай технологийн төв рүү хандаж, шалгуулах хэрэгтэй. Энэ бол аж ахуйн нэгжүүдтэй холбоотой. Учир нь, тэд баримтаа засуулах, хүчингүй болгуулах хүсэлтийг тавьдаг. Гэхдээ ийм тохиолдол үнэхээр бага гардаг. “Манайх борлуулалт биш, туршилтаар хэвлэсэн юм” зэрэг шалтгаанаар баримтад өөрчлөлт оруулдаг. Хаана, хэзээ, ямар аж ахуйн нэгж, хэрхэн өөрчлөлт оруулсан зэрэг нь бүгд тэмдэглэсэн байдаг. Энэ өөрчлөлт иргэдэд харагддаг. Бүх зүйл хоёр талын хяналттай болдог гэсэн үг. Сугалаа болох өдрөөс 24 цагийн өмнө бүртгүүлсэн баримтан дундаас азтанг тодруулах журамтай. Тиймээс сугалаанд оролцох хүсэлтэй иргэд худалдан авалтынхаа баримтыг тухайн сардаа багтаж, сугалаа явуулах өдрөөс өмнө бүртгүүлэх хэрэгтэй. Харин хоёр хувийн буцаан олголт авах гэж байгаа бол энэ ондоо багтаж бүртгүүлэхэд болно. Хэзээ ч хамаагүй гэсэн үг.

 

-НӨАТ-ын тухай хуулийн давуу үзүүлэлт нь юу байна вэ?

 

-Иргэдийн оролцоотойгоор татварын мэдээллийн бааз суурийг тэлж байгаа юм. Тодруулбал, худалдан авалт хийсэн тухайн иргэн баримтаа бүртгүүлснээр цаад аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого болон татварын хувь хэмжээг тодорхойлох юм. Энэхүү гол элементийг иргэд өөрсдөө хийдэг болсон нь маш чухал дэвшил. Мөн санхүүгийн бүртгэл тооцоогоо ийм байдлаар хийснээр тухайн айл өрх орлого, зарлагадаа хяналт тавих боломжтой болж байгаа юм. Нөгөө талдаа бидний нэрлэж заншсанаар далд эдийн засгийг ил гаргахад нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, бүртгүүлэхгүй байгаа, татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжийг системийн тусламжтайгаар бүртгэж байна. Үүнийг илүү сайжруулж, тухайн системийг 2-3 жил тогтмол ажиллууснаар бодит үр дүн гарна. Найман сарын хугацаанд аж ахуйн орлогын албан татвар 50 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарч байна. Гэхдээ бид цаашид худалдааны зах, үсчин гоо сайхан, такси үйлчилгээ зэрэг маш олон цэг дээр НӨАТ-ын баримт хэвлэх шаардлагатай. Мөн аж ахуйн нэгжүүд хоорондоо цаасан баримт буюу падан бичдэг байсан. Үүнийг электрон баримт болгосноор өмнө нь үүсч байсан хуурамч баримтын асуудал цэгцэрсэн. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох бүртгэлийн ажил болон аж ахуйн нэгж тайлангаа гаргах зэрэг нь хялбар болсон. Нэг ААН одоогийн байдлаар хамгийн олон буюу 11542330 баримтыг хэвлэсэн байна.

 

-Бүртгэлийн системийг цаашид боловсронгуй болгох чиглэл дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

 

-Олон улсад ийм төрлийн систем нэвтрүүлсэн 14 дэх орон болсон. Татвараас зайлсхийх оролдлогыг багасгах, улсын төсөв бүрдүүлэлтийн суурь баазыг ижилхэн хэмжээнд татварын тогтолцоо руу бүртгэдэг схем ажиллуулж байгаа дүр зураг олон улсад ажиглагдаж байна. ОХУ, Казакстан болон Африк улсад ebarimt.mn системийг нутагшуулахад хамтарч ажиллах санал ирсэн. Бид технологийг хялбаршуулах чиглэлээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар иргэд 7-8 дамжлагаар баримтаа бүргүүлж байна. Тиймээс бид арилжааны банкуудтай хамтарч картын систем нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тухайн иргэн худалдан авалтыхаа төлбөрийг картаар хийх үед тухайн баримт автоматаар ebarimt.mn-д бүртгэгдэж, хоёр хувийн буцаан олголт тухайн иргэний карт руу орно гэсэн үг. Интернэттэй орчинд бүртгүүлэх шаардлагагүй гэсэн үг. Цаашид энэ чиглэл рүү хөгжүүлвэл төр засагт ч гэсэн сайн талтай. Цахим гүйлгээний хэмжээ нэмэгдэж, цаасан мөнгө хэвлэх шаардлага гүй болно.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)