Ч.Хашчулуун: Эдийн засгийг сэргээх эхний алхам нь “Стэнд бай” хөтөлбөр

 

        Эдийн засагч Ч.ХАШЧУЛУУНТАЙ ярилцлаа.

 

-Эдийн засгийн өсөлт энэ онд хасах руу орох магадлалтай байна гэж эдийн засагчид хэлээд байгаа. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хэр байна вэ?

 

-Эдийн засгийн өсөлт хэд хэдэн салбарын бодит өсөлт, бууралтаас бүрддэг. Яг одоогийн байдлаар уул уурхайн өсөлт нэмэхтэй байна. Харин бусад салбарын хувьд сүүлийн хоёр жилийн турш уналттай явсаар ирлээ. Эдийн засгийн өсөлт эхний улиралд гурван хувьтай байсан, сая 1.4-тай гарлаа. Ерөнхийдөө бараг тавин хувийн бууралттай байна. Ийм байдлаараа, бууралт үргэлжилсээр байвал жилийн эцэст тэг орчим, цаашлаад бүүр хасах руу ч орж магадгүй байдал үүсчихлээ л дээ. Азийн хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийн өсөлтийн тооцоог 2015 онд гаргахдаа 0-1-ийн хооронд гэж байсан. Тухайн үед энэ тоог маш доогуур гэж үзэж байсан. Харин өнөөдөр харахад бодит байдалтай маш ойрхон дүн гаргаж байжээ гэж харж байна. Ер нь улсын хөрөнгө оруулалт багассан. Хувийн хөрөнгө оруулалт төдийлөн өсч амжаагүй, Оюутолгойн гүний уурхайн ажил хараахан бүрэн хэмжээгээр ажиллаж эхлээгүй гэх мэт байдлаас харахад энэ жилдээ эдийн засагт өсөлт гарахад бэрхшээлтэй гэж харж байгаа.

 

- Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжүүлэх чиг барьж байгаа. Ийм горимд шилжвэл эдийн засаг одоогийнхоосоо дээрдэж чадах уу?

 

-Ямар ч байсан хэмнэлтийн горимд шилжихээс аргагүй нөхцөл байдал бүрдчихээд байна. Орлого, зарлагаа нөхөхгүй байгаа учраас эхний ээлжид хэмнэлтийн горимд шилжихээс өөр гарцгүй. Нэгэнт л олж бүтэхгүй зарлагын ажлыг бүгдийг танах нь зөв. Харин хэмнэлтийн горимд шилжих нь төсөв санхүүг эрүүлжүүлэх талаасаа чухал алхам мөн л дөө.

 

-Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болгочихлоо. Эдийн засгийн хүндрэлтэй үед хүүгээ өсгөлөө гэж шүүмжлэх хүн олон байна л даа. Ер нь энэ хэр зөв алхам бэ?

 

-Бодлогын хүүг өсгөсөн нь түр зуурын арга хэмжээ юм л даа. Энэ нь валютын зах зээл дээр төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд авч хэрэгжүүлдэг арга л даа. Хэрвээ бодлогын хүү өндөр болчихвол хадгаламжийн хүү бага зэрэг өснө. Ингэснээр хүмүүс төгрөгийн хадгаламжаа ам.доллар болгож шижлүүлэх нь багасна гэж үздэг, онолын хувьд. Тийм учраас иргэд хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь ихэсч байгаа үед бодлогын хүүгээр төгрөгийнхөө ханшийг хамгаалж байна л гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа эдийн засаг хэвийн байдалд ороод эхлэхээр ийм арга хэмжээ авах шаардлагагүй болно. Яахав тэр хүртэл монгол төгрөгөө бодлогоор хамгаалж байна л гэсэн үг.

 

-Валютын ханш огцом өсч байна. Үүнийг зогсоохын тулд Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөс гадна гаднын банкны салбарыг нээх хэрэгтэй гэх хүн ч байна л даа. Таныхаар гаднын аль нэг томоохон банкны салбарыг нээх нь хэр зөв шийдэл юм бэ. Тухайлбал, Bank of china салбараа нээх талаарх мэдээлэл гараад удаж байна шүү дээ?

 

-Ер нь төгрөгийн ханшийг тогтоох хэд хэдэн арга бий л дээ. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн хүүгээ өсгөж, төгрөгийн хадгаламжийг хамгаалах явдал. Хоёрдугаарт, ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ буюу интервенц. Энэ аргыг Төв банк ойрын өдрүүдэд хэрэгжүүлж байгаа болов уу гэж бодож байна. Саяхан зах зээл дээр 60 сая ам.доллар нийлүүлсэн гэсэн мэдээдэл гарч байна лээ. Ер нь урт хугацаандаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, гадаадын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байж л эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийднэ. Цаашид томоохон хөрөнгө оруулагч татах алхмуудыг хийх хэрэгтэй. Манайд хөрөнгө оруулалт хийе гэсэн санал ирж байгаа байх. Ийм байгууллагатай идэвхтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Урт хугацаандаа ам. долларын ханш тогтворжих байх. 2010 онд нэг ам.долларын ханш 1200 байж байгаад 1800 хүрч байсан. Дараа нь том төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээр 1200 болж байсан түүх бий. Бодлого зөв байвал ам.долларын ханш өсөхгүй, төгрөг тогтворжино.

 

-Та аймгийн Засаг дарга нар болон ИТХ-ын дарга нарт мэдээлэл өгч байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед 21 аймаг ямар хэмнэлт хийвэл үр өгөөжөө өгөх бол?

 

-Хэмнэлтийн горимыг улсын хэмжээнд барьж байгаа. Санхүүгийн хувьд үр ашигтай зүйлүүд дээр төвлөрөх ёстой. Огт нөөцгүй гэсэн үг биш, төлөвлөсөн зарлага нь орлогоо давчихаад байгаа юм. Тэгэхээр нэн түрүүнд хамгийн чухал зайлшгүй зардлууд дээрээ төвлөрөх ёстой гэсэн үг. Энэ нь эдийн засаг зогсчихлоо гэсэн үг биш. Бодлогоо л зөв тодорхойлох ёстой.

 

-Манай улс “стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болсон гэж байна. Энэ хөтөлбөрт хамрагдах нь хэр зөв шийдэл вэ?

 

-Бид “Стэнд бай” гэж хэлдэг боловч бүтцийн өөрчлөлтийн дунд хугацааны хөтөлбөр гэж нэрлэдэг юм. Үүний гол санаа нь ямар ч улсын эдийн засаг тодорхой үе шаттай хямралд орох магдалал өндөр байдаг. Монгол уул уурхайтай холбоотой байдаг бол Японд иений ханшаас болж хямрах хандлагатай байх нь бий. БНСУ гэхэд Азийн хямралд нэрвэгдэж байсан. Улс болгонд хямрал байдаг. Хямралаас гарах хоёр арга бий. Эхнийх нь гаднын орнуудаас тусламж гуйх. Дараагийнх нь олон улсын байгууллагаас тусламж гуйх. Тухайн улсын хувьд хүлээгдэж буй төлбөрүүд их байгаа ч үүнийгээ төлж чадахгүй бол төлбөрийг нь түр хугацаанд төлөөд дараа нь эдийн засгаа тогтворжуулсны дараа төлдөг хөтөлбөрийг “Стэндбай” гээд байгаа юм. Монголын хувьд бондын төлбөрүүд хүлээгдэж байна. Мөн төсвийн алдагдал өндөр байгаа учраас 2016, 2017 онд тэсэх ёстой. Орлого, зарлагаа тэнцвэржүүлээд тэсье гэвэл том төлбөрүүдээ төлж чадахгүй болчихоод байгаа. Тиймээс тодорхой нөхцөлтэйгөөр олон улсын тусламж авч хэрэглээд 3-4 жилийн дараа эдийн засаг сэргэхээр өрөө аажмаар төлж болно. Монгол Улс 1990-ээд оны эхээр 2008 онд ийм арга хэмжээ авч байсан. Энэ хүрээнд хямралаас амжилттай гарч байсан. Энэ удаад ч тэгж болно. Гэхдээ энэ удаа нэлээд онцлогтой байна. Тухайлбал, манай улсын өрийн хэмжээ өндөр, хувийн хэвшлийнхэн нэлээд өртэй байна. Мөн хувь хүмүүс ипотекийн зээл аваад багагүй өртэй болчихлоо. Тиймээс эдийн засгийг сэргээх арга хэмжээ бол хэмнэхээс гадна ОУВСгийн “Стэндбай” хөтөлбөрийг авах юм. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг, ажлын байрыг яаж бий болгох вэ гэдэг нь “Стэндбай” хөтөлбөрөөс өөр зүйл. Үүнийг яаж хийх вэ гэдэг бодлогоо тодорхойлох ёстой.

 

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Харин өмнөх Засгийн газрын удирдлагууд түүнийг бодит байдалтай нийцэхгүй мэдээлэл өгч байна гэж шүүмжлээд байгаа. Эдийн засагч хүний хувьд хамгийн сүүлд иргэдэд хүрсэн мэдээлэл хэр бодитой байсан гэж та хэлэх вэ?

 

-Сонгуулийн өмнө холбогдох албаныхан эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-д мэдээлэл өгөхөд ихэнх хүмүүс мэдэхгүй байсан. Тэр нь хэвлэл мэдээллээр нөхцөл байдлыг зөөлрүүлж гаргасантай холбоотой байж магад. Харин сонгуулийн дараа бодит нөхцөл байдлыг нуухгүйгээр заавал зарлах ёстой. Үүнийг иргэд мэдэхгүй бол хүмүүс яагаад хэмнэлтийн арга хэмжээ авч байгааг ойлгохгүй шүү дээ. Тиймээс бодит байдлыг танилцуулах зайлшгүй шаардлагатай байсан. Монгол Улсын өр бол тодорхой, тоо баримттай. Төсвийн алдагдал, бодит нөөцийн үнэлэлт ч тодорхой байгаа. Үүнд маргалдах хэрэггүй. Харин томоохон хямрал уу, энгийн үү гэдгийг тогтоож, эдийн засгаа яаж сэргээх вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй.

 

-Засгийн газрын өмнөх удирдлагууд “Сайн” нэртэй хэд хэдэн хөтөлбөрийг сонгуулийн өмнө хэрэгжүүлэхээр болсон. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдгээр хөтөлбөрийг үргэлжлүлэх боломжгүй гэдгээ зарлачихаад байна. Энэ хөтөлбөрүүдийг сэдсэн хүмүүс бол төсөвт ямар ч ачаалал болохгүй хөтөлбөрүүдийг зогсоосон нь буруу гэж шүүмжлээд байгаа. Та эдийн засагч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Улсын мөнгө төсвөөс эсвэл төв банкнаас л гарна шүү дээ. Өөр эх үүсвэр гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг эх үүсвэрээс гарч байгаа учраас төсөвт хамааралгүй байх боломжгүй. Улсын хоёр халаасны аль нэгээс гарч л таарна. Тэгэхээр төсвийн байдал хүнд байгаа үед халамжийн юмуу урамшууллын шинж чанартай арга хэмжээг явуулахад хэцүү. Тиймээс түр зогсоох юмуу зорилтот бүлэгт чиглүүлэх нь зөв гэж харж байгаа.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.57.95.31)

    2016-08-24

    ЗӨВ ШҮҮ

  • Дорж (202.21.118.98)

    2016-08-24

    Та нар наад Хашчулууныг сайн эдийн засагч гэж бодоод улс орны эдийн засгийн бодлгыг асуугаад байгаа юм уу юу ч мэдэхгүйгээ бас англи хэлтэй гэдэг юм бүр тар шүү дээ ийм хүнээс юм асууж бичиж байгаа сэтгүүлчдыг л би өрөвдөх юм даа өөрийгээ нэг их л юм мэддэг гэж боддог юм шиг байгаа ичмээр юм та одоо дуугүй л сууж байгаа ч таны бичиж байгаа юмыг мэргэжлийг хүмүүс үзэхээрээ бөөн дооги хийцгээд гээч та нь шиг хоцрогдсон хүн монголд байхгүй шүү