Елена Исинбаева: Жүжигчин болох мөрөөдлөө одоо ч орхиогүй

 

        Риогийн олимпын үеэр олны анхааралд байсан тамирчдын нэг бол Оросын хөнгөн атлетикч Елена Исинбаева билээ. Тэрбээр энэ сарын 19-нд зодог тайлснаа албан ёсоор мэдэгдсэн юм. Исинбаевагийн “Хелло” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Олон улсын тэмцээн болон олимпын бамбарыг өртөөлсөн түүхээс тань ярилцлагаа эхлэх үү?

 

-Би анх Москвад 1998 онд зохион байгуулсан Дэлхийн залуучууд оюутны их наадмын бамбарыг Волгоградаас Москва хүртэл өртөөлөн хүргэсэн. Олимпын наадам гэвэл Ванкуверын бамбарын буухианд оролцсон юм байна. Ванкуверын олимпын буухианд гүйх хүртлээ би өвлийн олимп ямар хүнд нөхцөлд болдгийг мэддэггүй байсан.

 

-Та бага насныхаа хүсэл мөрөөдлийн талаар ярина уу?

 

-Би дунд сургуульдаа манлайлагч, олноос онцгой охин байгаагүй. Хүмүүст сонин санагдаж болох ч би нарийн бичгийн дарга болохыг хүсдэг байсан. Надад байгууллагын нарийн бичиг эмэгтэйчүүд тун дэгжин, сайхан харагддаг байлаа. Харин 17 настайдаа хөнгөн атлетикаар тууштай хичээллэж, жинхэнэ мөрөөдөлтэй болсон доо. Тэр үеэс л ирээдүйнхээ талаар нухацтай бодох болсон юм.

 

-Спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцаач?

 

-Миний спортоор хичээллэсэн замнал бусад тамирчны адил нийтлэг түүх. Би таван настай, дүү Инна минь дөрөвтэй байлаа. Аав минь сантехникийн слесарь, ээж уурын зуухны галчаар ажилладаг манайх ядуухан амьдралтай айл байсан. Гэхдээ аав ээж минь хүүхдүүдийнхээ боловсрол төлөвшилд маш их анхаардаг байв. Тэд нэг удаа “Гимнастикийн дугуйланд бага насны охидыг шалгаруулж авна” гэсэн сонины зарлал уншаад тосгоноос хотод ирж, дүү бид хоёрыг шалгуулсан юм. Би шалгалтандаа тэнцэж, “дүүг нас нь болоогүй” гээд авахаас татгалсан. Ээж минь шалгалт авсан багш нараас уйгагүй гуйж, дүүг минь гимнастикийн дугуйланд суралцуулахаар боллоо. Гимнастикаар хичээллэсэн зам дардан байгаагүй. Нулимстай тэвчээрийнхээ үр дүнд бид дугуйлангаа төгссөн юм. Би есөн настайдаа анхны тэмцээндээ түрүүлж 50 рублиэр шагнуулж байснаа мартдаггүй.

 

-Тэгэхээр таны спортын замналыг эцэг эх тань тавьж өгчээ. Тэднийхээ тухай ярина уу?

 

-Миний аав орос хүн биш. Аав минь халуун цустай татар хүн. Гэхдээ манай гэр бүл орос уламжлалыг илүү баримталдаг. Гэр бүлийн тэгш эрхтэй. Аав минь гэр бүлээ тэжээх гэж уйгагүй хөдөлмөрлөж, ээж бидний хүмүүжилд анхаардаг байсан. Одоо тэд минь тэтгэвэртээ гарч надтай хамт амьдардаг.

 

-Та олон дээд амжилтын эзэн. Тэдгээрээс хамгийн дурсамжтай нь аль нь вэ?

 

-Тэр гэж хэлэхэд хэцүү л юм. Би анх 2003 онд дэлхийн дээд амжилтыг эвдэж байсан. Тэгэхэд “дэлхийн дээд амжилтыг 21 настайдаа буюу хамгийн залуудаа тогтоолоо” гэж дэлхий нийтээр миний тухай ярьж байсан. Дараа жил нь олимпын дээд амжилтыг эвдсэн мөч хамгийн сайхан дурсамж болон үлджээ.

 

-Та юунаас тайвшралыг мэдэрдэг вэ?

 

-Би өдөр тутмын амьдралдаа маш тайван байдаг. Юу ч бодолгүй хэвтэж тайвшралыг мэдэрдэг. Зүлгэн дээр хэвтээд мөрөөдөх дуртай. Нэг нууцаасаа хуваалцахад би өөрийнхөө бичлэгийг үзээд “Бурхан минь, үүнийг би яаж хийсэн юм бол” гэж бодох үе гардаг. Энэ бол миний дотоод сэтгэлд нуугдсан хоёрдогч этгээдийн бодол байх. Харин тайвширсан үедээ би дээд хүчээ мэдэрдэг.

 

-Та өрсөлдөгчдөөсөө эмээдэг байв уу?

 

-Үгүй. Би өөрийнхөө амбицаас, хүсэл эрмэлзлээсээ эрч хүч авдаг. Хөнгөн атлетикийн түүхэнд таван метрийн өндөрт харайсан эмэгтэй бол би. Тэмцээний үеэр өрсөлдөгчдийнхөө “Тэр дахиад л чадлаа” гэдэг үгийг сонсох л надад хангалттай байсан. Би 2008 онд дасгалжуулагчаа солиод удаагүй байхдаа Бээжингийн олимпоос хоёр дахь алтан медалиа хүртсэн юм. Тэр үед хэн ч дасгалжуулсан би амжилт гаргах чадалтай гэсэн хувийн амбицаа дэлхийд харуулсан.

 

-Дасгалжуулагчдынхаа тухайд юу хэлэх вэ?

 

-Евгений Трофимов намайг 15 настайгаас минь дасгалжуулсан. Миний дасгалжуулагч гэхээсээ илүү сэтгэл зүйч, найз минь юм. Ялалтын дараа үүсэх толгой эргэм амжилтын үед дасгалжуулагчийн үүрэг их. Миний амжилт багштай минь холбоотой. Би шигшээ багийн дасгалжуулагчийг солих шийдвэрийг сэтгэл дундуур хүлээн авсан. Шинэ дасгалжуулагчтай болсныхоо дараахан багштайгаа уулзахдаа би нулимсаа барьж дийлээгүй шүү.

 

-Танд шүтдэг сахиус бий юү?

 

-Би олон жилийн тэмцээний үеэр тусламж, хүч чадал хүсдэг түлхүүрийн оосортой байсан. Харин дараа нь сахиус бол мухар сүсэг гэдгийг ойлгосон.

 

-Та спортын төлөө юу золиослосон бэ?

 

-Би 25 нас хүртлээ үерхэж, дурлаж үзээгүй. Гадуур зугаалж, романтик болзоо тогтоож, ресторанд хооллох тухай ойлголтгүй явсан. Миний хувьд бэлтгэл, сургуулилт олимп гол зорилго байлаа. Тиймээс миний амьдралд цэцгийн баглаа, чихрийн цуглуулгатай оргилуун залуу нас үлдээгүйд бага зэрэг харамсдаг. Гэхдээ спортын амжилтаа бодохоор сэтгэл уужирдаг.

 

-Гэхдээ дараа нь хайрлаж дурласан л биз дээ?

 

-Би 34 настай. Надад хайртай хүн бий. Тэр хүн хамгийн хүнд үед миний дэргэд байж, тусалсан. Би 2008 онд нэг том сургамжийг авсан. Залуу байсан учраас сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хайртай хүнийхээ тухай ярилцлагадаа ам алдсан юм. Тэгтэл тэр дороо интернет, сонин хэвлэлээр шуугиан дэгдэж, зураг авах гэсэн папарацичид биднийг хаа сайгүй дагах болсон. Түүнээс хойш би хувийн амьдралынхаа тухай ярихгүй байхаар шийдсэн.

 

-Таны Волгоградтай холбоотой мэдэгдэл бас л шуугиан дагуулсан шүү дээ?

 

-Тийм ээ. Энэ бас надад туршлага болсон. Волгоград бол миний төрөлх хот. Би энэ хотын унаган иргэний хувиар тэнд цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолбор дутагдалтай тухай шүүмжилсэн юм. Иргэдийн зохистой амьдрал, хүүхэд залуусын хөгжилд спорт чухал үүрэгтэй. Гэтэл спортоор хичээллэх боломж, бололцоо Волгоградад хомс байхыг хараад сэтгэл өвддөг.

 

-Зодог тайлахаараа юу хийх бодолтой явдаг вэ?

 

-Би карьераа өндөрлөөд зөвлөхөөр ажиллахыг хүсдэг. Миний спортын туршлага зөвлөхийн ажилд дутагдахгүй гэж бодож байна. Манай тамирчдад юу хийх хэрэгтэй, яах ёстойг зөвлөдөг мэргэжлийн хүн хэрэгтэй.

 

-Сайн үйлсийн сангийнхаа үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй ярина уу?

 

-Бага орлоготой өрхийн болон асрамжийн газрын хүүхдэд зориулан сангаа байгуулсан. Ийм хүүхдүүд спортын хэчнээн авьяастай байсан ч дугуйланд төдийлөн хамрагдаж чаддаггүй. Сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд жил бүрийн аравдугаар сарын 12-13-нд хүүхдийн спортын өдөрлөг зохион байгуулдаг. Авьяаслаг хүүхдүүдийг сонгон дугуйланд хамруулж, мэргэжлийн багшийн шавь болгохыг эрмэлздэг. Манай сангийн гол зорилго олимпын аваргуудыг төрүүлэхэд оршино.

 

-Та ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

 

-Төлөвлөсөн ажил олон байна. Тухайлбал, би эртнээс мөрөөдсөн жүжигчин болох төлөвлөгөөгөө одоо ч орхиогүй. Гэхдээ амьдралын зорилго болсон спортоо орхихгүй. Олон улсын Олимпын хороонд ажиллахыг хүсч байна. Сингапурт 2010 онд зохиосон залуучуудын олимпын наадмын элчээр ажилласнаас хойш Олимпын хороонд ажиллах сонирхолтой болсон. Энэ мөрөөдөл минь алхам алхмаар биелж байна.

 

-Тантай холбоотой шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Талархаж хүлээж авдаг. Гэхдээ хүнд хэцүү үед “Исинбаевагийн эрин үе дууслаа” гэж бичиж эхэлсэн нь надад хүндээр тусч “Тэд миний амжилтыг ийм хурдан мартлаа гэж үү” гэж бодохоор гомдож байсан. Гэхдээ гэр бүл, дасгалжуулагч, шүтэн бишрэгчид, ивээн тэтгэгчдийнхээ ачаар би гомдол цөхрөлөө мартсан.

 

-Гэхдээ Риогийн олимпод оролцуулахгүй гэсэн эцсийн шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бэ?

 

-Би шоконд орсон. Би эцсийн шийдвэрийг гартал “нааштай хариу хүлээн авна” гэсэн найдвартай байсан. Манай баг тамирчдыг олимпод оролцуулахгүй гэсэн шийдвэр үнэхээр утгагүй санагдаж байна.

 

-Үүнд улс төрийн нөлөө бий юү?

 

-Энэ бол цэвэр улс төрийн сүүдрээс үүдэлтэй асуудал.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)