УБТЗ нийгэмлэг импортын татвараас чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ

 

        УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр /2016.08.23/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг, Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.Азизов ирүүлжээ.

 

БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй юм.

 

Татварын ерөнхий хуулийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заажээ. Иймд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой.

 

Мөн Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан. Иймд дээрх хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны I дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)