Т.Намжим: Газрын тос боловсруулах үйлдвэрийг заавал байгуулах хэрэгтэй

 

        Монгол Улсын төрийн сайд асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Т.НАМЖИМТАЙ нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-Нийгэм, эдийн засаг хүнд байдалд орсон шалтгаан болон түүнээс гарах гарцын талаар хүмүүс янз бүрийн дүгнэлт хийж байна. Харин та энэ талаар ямар бодолтой явна. Эдийн засаг уналтад орсон шалтгааныг хэрхэн харж байна вэ?

 

-1990 оноос хойш төр засгийг удирдаж байгаа хүмүүсийн хувьд эдийн засгийн сэтгэлгээний гажуудал, өрөөсгөл тал давамгайлж ирлээ. Тодруулбал, бодит эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд маш сул анхаарсан. Биет үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр томоохон хэд хэдэн төсөл хөтөлбөр байнга яригдсаар ирсэн ч Оюутолгойгоос бусдыг нь хэрэгжүүлээгүй. Эдийн засгийн хямрал бий болоход нөлөөлсөн хэд хэдэн гол хүчин зүйл байна. Нэгдүгээрт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой биш. Жишээлбэл, өнгөрсөн онд өмнөх оныхоо дөнгөж 2.3 хувийн өсөлттэй гарсан. Харин 2016 онд 1.3 хувь болох болов уу гэсэн таамаг байна. Хоёрдугаарт, улсын төсвийн алдагдал. Энэ оны эхний долоон сарын дүнгээр бараг хоёр их наяд төгрөг болох төлөвтэй байна. Гуравдугаарт, гадаад худалдааны алдагдал. Энэ оных арай гараагүй байгаа. Харин өнгөрсөн онд 470 гаруй сая ам.долларын алдагдалтай гарсан. Энэ мэтчилэн шалгуур үзүүлэлтээр эдийн засгийн хямралыг тодорхойлж болно. Татвар, улсын төсөв, мөнгөний бодлого гэсэн эдийн засгийн арга механизмтай холбоотой асуудлаар ярьж, Татвар болон Төсвийн тухай хуульд байн байн өөрчлөлт оруулж байсан. Улс орны хөгжлийн үндсэн хэмжүүр болдог, дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүтээдэг бодит үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаасаа дутагдалтай байлаа. Улсын төсвийг бүрдүүлдэг гол үндсэн бааз суурь бол бодит эдийн засаг буюу үйлдвэрлэл юм. Энэ чиглэлд анхаараагүй учраас эдийн засгийн гажуудал гэж би нэлээд далайцтай цар хэмжээгээр тодорхойлж байна. Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн түүх гэдэг бол эдийн засгийн сэтгэлгээний түүх гэсэн үг. Тиймээс сүүлийн үеийн нөхцөл байдалд нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол манай улсын экспортод гаргадаг цөөн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унасан. Манай улс зөвхөн уул уурхайг голлосон эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй байснаас ийм байдалд хүрч байгаа юм.

 

-Манай улс эдийн засгийн хөгжлийн хувьд яагаад нэгдмэл бодлого, оновчтой шийдэл, зөв арга замд хүрч чадахгүй байна вэ. Таны хэлснээр юунаас шалтгаалж эдийн засгийн гажуудалд оров?

 

-Өнгөрсөн он жилүүдэд эдийн засгийн хөгжлийн оновчтой шийдэл, зөв арга замыг олж тогтоож чадаагүй өнөөдрийг хүрч байна. Ер нь эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоо бүрэлдэж чадаагүй. Энэ нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийн бас нэгэн гол шалтгаан. Яагаад улсын эдийн засгийн хөгжил нэгдмэл бодлого, зохистой арга зам, оновчтой шийдэлд хүрч чадахгүй байсан нь төр засгийн тогтолцооноос хамааралтай. Төрийн дээд байгууллага болох Засгийн газар болон УИХ дөрвөн жил тутамд нэг солигдохдоо намчирхаж, талцсан сөргөлдөөн байнга явдаг учраас эдийн засгийн хөгжлийн нэгдмэл бодлого, зорилтыг тодорхойлж чаддаггүй. Үүнээс гадна төр засгийн залгамж чанар утгаараа алдагдсан. 1996-2000 оны хооронд төрийн эрхийг барьж байсан АН-ын Засгийн газар төрийн залгамж чанарыг үл хайхрах байдлыг бий болгосон. Өөрийнхөө багийг бүрдүүлэх эсвэл бүтцийн өөрчлөлт хийж байгаа нэрийдлээр мэдлэг туршлагатай, мэргэшсэн боловсон хүчинг халж, сольдог. Ерөөсөө манайд мэргэжил, мэргэшил гэдгийг үл хайхардаг жишиг тогтсон. Уг нь аливаа улсын хувьд жинхэнэ мэргэшсэн, мэргэжилтэй бөгөөд өндөр мэдлэгтэй хүмүүс төр засгийн бодлогыг боловсруулдаг зүй тогтолтой. Жишээлбэл, Японд аль нэгэн яамны сайд шинээр томилогдоход түүнийг дагаж халаа сэлгээний өөрчлөлт ордоггүй.

 

-Зарим эдийн засагч Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнийг та дэмжиж байгаа юу. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай улсад ямар сөрөг болон давуу талтай вэ?

 

-Энэ бол аргаа барсан хүний ажил. 2008 онд санхүүгийн хямрал бий боллоо гээд 2009 оны нэгдүгээр сараас үйлчлэх Олон улсын валютын сантай “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр байгуулж, 200 гаруй сая ам.доллар авсан. Мөн Азийн хөгжлийн банк 100, Япон улс 120 гаруй сая ам.доллар өгсөн. Тухайн үед Сангийн сайдаар С.Баярцогт ажиллаж байсан. Ингээд эдийн засгийнхаа хямралыг давж гарч байсан байх. Гэхдээ тухайн үед Олон улсын валютын сан 18 сарын хугацаанд гаднаас 200 сая ам.доллараас илүү зээл авч болохгүй гэсэн хязгаарыг манай улсад тавьсан. Өөрөөр хэлбэл, жил зургаан сарын хугацаанд томоохон төсөл хэрэгжүүлэх ажлыг бүр зогсоож, чөдөрлөсөн. Тиймээс болдог бол Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байвал сайн.

 

-“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжихгүй байгаа бол нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас гарах гарцыг хэрхэн харж байна вэ?

 

-Төсвийн өв санг арвижуулахад чиглэж, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлж болох өндөр үр ашигтай төслийг эхлүүлэх хэрэгтэй. Манайх Япон улстай “Стратеги түншлэлийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр” байгуулсан. Энэ шугамаар тусламж хүсэх хэрэгтэй. 1990-ээд оны үед манай улсын нийгэм, эдийн засаг хүнд байдалд орж байхад Дэлхийн банк болон Японы Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлсэн. Тухайн үед хандив үзүүлсэн олон улсын байгууллага болон улс орноос хоёр дахин их буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг олгож байсан удаатай. Тиймээс “Өнгөрсөн дөрвөн жилийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нийгэм, эдийн засгийн байдал хүндэрлээ” гэдгийг хэлээд тусламж хүсэх хэрэгтэй. Юунаас шалтгаалж, ямар нөхцөл байдал үүсээд байгааг гадаадын улс орнууд сайн мэдэж байгаа. Тиймээс Японы Засгийн газартай санал солилцож, тусгай гэрээ хэлэлцээр байгуулах нь зөв шийдэл.

 

-Гадаадын улс орон болон аль нэгэн олон улсын байгууллагаас тусламж дэмжлэг хүсэхгүйгээр дотоодынхоо нөөцийг ашиглаад энэхүү хүндрэлийг давах боломж манай улсад бий юү?

 

-Үнэхээр хомс байна. Улсын төсвийн алдагдлыг бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд бодит үйлдвэрлэлийг богино хугацаанд явуулах хэрэгтэй л дээ. Гэтэл ийм шийдэлд хүрэхэд хүндрэлтэй. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг аль болох дэмжиж ажиллах ёстой. Мэдээж олон улсын хөгжлийн жишиг хэмжүүрт ордог нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөхөд жижиг дунд үйлдвэрлэл дорвитой өөрчлөлт өгөхгүй. Тиймээс 7-8 томоохон төслийг маш ухаалгаар хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Энэ дөрвөн жилд одоогийн Засгийн газрын хэрэгжүүлж амжих бэлэн шийдэлтэй, бэлтгэгдсэн ганцхан төсөл бий. Энэ бол ДарханУул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах юм. Манай улсын Засгийн газар Япон улсын Засгийн газартай байгуулсан “Стратеги түншлэлийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хамтарч хэрэгжүүлэхээр болсон төсөл. Гэтэл харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилд төрийн эрхийг барьж байсан АН-ынхан үүнийг хэрэгжүүлсэнгүй. Улсын эрх ашгаа боддоггүй нь харагдаж байна. Монгол Ардын Намын санаачилсан төслийг хэрэгжүүлэхгүй гэдэг үүднээс Ерөнхийлөгч болон тухайн үеийн УИХ-ын дарга хориг тавьсан. Тэгэхээр тус төслийг Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банкны арван жилийн хугацаатай 2.39 хувийн хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтсон. Мөн тус банкны буцалтгүй тусламжаар 2008 онд техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Үүнийг маш шуурхай барьж байгуулах хэрэгтэй.

 

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна вэ?

 

-Эдийн засагт хамгийн том үр өгөөж өгнө. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулснаар 1.8 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээнэ. Харин улсын төсөвт 460 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулна. Үүнээс үлдсэн ашгаар хөрөнгө оруулалтын зээлийг ердөө 3.5 жилд нөхөх эдийн засгийн үр ашигтай. Ийм үйлдвэрийг барихгүй найман жил цааргалж байна. Энэ бол бидний олхиогүй байдлыг илтгэж байгаа юм. Одоогийн Эрдэнэтийн үйлдвэрийн оруулж байгаа хөрөнгө оруулалтаас 30 хувиар их гэсэн үг. Эрдэнэтийн үйлдвэрийг бид “саалийн үнээ” гэж нэрлэдэг. Үүнтэй адил хоёр дахь “саалийн үнээ”-г байгуулах цаг нь болсон. Тавантолгойг энэ дөрвөн жилд ашиглах боломж бүрдэхгүй. Яагаад гэвэл хамгийн ойрхон нийлүүлэгч Хятад коксжсон нэг тонн нүүрсийг 25-26 ам.доллараар худалдаж авахаар байна. Энэ бол маш бага үнэ. Төмөр зам тавьж тээвэрлэлт хийж болно. Гэхдээ үүнд 3.5-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай учир энэ дөрвөн жилд Тавантолгойг ашиглах нөхцөл бүрдэхгүй. Харин Оюутолгой төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ашигт малтмалын нөөцийн төлбөр, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон ногдол ашиг зэргийг авахаа бодох хэрэгтэй. 2020 он гэхэд далд уурхайн ажил нь дуусна. Энэ төслөөр улс төр хийхээ болих ёстой.

 

-Сүүлийн 20 жил, тэр дундаа өнгөрсөн дөрвөн жилд төр засгийн санхүүгийн сахилга бат жинхэнэ утгаараа алдагдсан гэдгийг олон хүн хэлж байна. Та үүнтэй санал нэг байна уу. Бондын хөрөнгийг хэр үр дүнтэй зарцуулсан гэж дүгнэдэг вэ?

 

-Тэгэлгүй яах вэ. Санхүүгийн сахилга бат алдагдсан гэдэгтэй санал нэг байна. Жишээлбэл, өмнөх Засгийн газар Монгол Улсад мөрдөж буй тодорхой хууль тогтоомжийг зөрчиж, “сайн” хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байсан. Үүнийг шинэ Засгийн газар хуулийн үндэслэлтэйгээр ил гаргаж, зогсоолоо. Энэ бол улсын төсвийн сахилга батыг алдагдуулсны нэг жишээ. Мөн бондын хөрөнгө гэж гаднаас их хэмжээний мөнгө авч түүнийгээ улсын төсөвт тусгалгүй, ямар ч тооцоо судалгаагүй зарцуулсан. Өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрхийг барьж байсан АН, их хэмжээний валютыг төсвөөс гадуур дураараа зарцуулсан нь хамгийн буруу явдал болсон. Энд инээдтэй гэмээр нэгэн жишээг хэлье. “Чингис” бондын хөрөнгөөр, Хөгжлийн банкны шугамаар “Гудамж” төслийг санхүүжүүлсэн гэдэг. Бидний мэддэгээр “Цэцэг” төвийн уулзвар дээр явган хүний гарцын тэмдэг дээр “Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл” гэж бичсэн байна лээ. Ердөө л замын хөдөлгөөнд оролцох байдлыг илтгэсэн тэмдэг зэрэгт улсын төсвийг зарцуулж байгаа нь харамсалтай. Гадаадын зээл хөрөнгө оруулалтыг зөв зохистой байдлаар оновчтой захиран зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын бодлого бол бодит эдийн засгийг хөгжүүлэх гол чиглэл байх ёстой. Учир нь, хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засаг, нийгэм хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Хамгийн чухал болох хөрөнгө оруулалтын бодлого манайд алдагдсан. Үүний эх үүсвэрийг бүрдүүлдэг үндсэн арга хэлбэр бол банкны зээлийн хөрөнгө. Манай улсад энэ эх үүсвэр маш хомс. Мэдээж улсын төсвөөр хэдэн тэрбум ам.доллараар тоологдох хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг санхүүжүүлж чадахгүй. Мөн арилжааны банкны зээлээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр хийх боломжгүй. Яагаад гэвэл арилжааны банкны зээл 20-30 хувийн хүүтэй, маш богино хугацаатай байдаг. 3-4 жилийн хугацаанд барьж байгуулах үйлдвэрлэлийн төсөлд 1-2 жилийн хугацаатай өндөр хүүтэй зээл аваад ямар ч ашиггүй. Урт хугацааны зээл авах ёстой. Гэтэл ийм боломж манай арилжааны банкуудын хувьд байхгүй. Энэ бол мөн гажуудал. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 10 гаруй банк бол үнэндээ гадаад эзэнтэй. Ганцхан банк л монгол эзэнтэй байх жишээтэй. Гэтэл тэтгэврийн насны ахмадуудын 80 хувь нь 16-18 хувийн хүүтэй зээл авсан. Ийм өндөр хүүтэй зээл олгодог арилжааны банк дэлхийн хаана ч байхгүй. Гадаадад орон сууцны зээлийг 20 жилийн хугацаатай нэг хувь хүрэхгүй хүүтэйгээр олгодог шүү дээ. Ийм л байна.

 

-Шинэ Засгийн газар хугацаа алдалгүй хуулийн хүрээнд байгуулагдан иргэдийг нийгэм, эдийн засгийн хямралаас гаргах ажилдаа шуурхайлан орсон. Энэ чиглэлээр нэлээд хэдэн шийдвэрийг гаргаж, хэмнэлтийн горимд шилжиж эхэлсэн. Хэр зөв шийдэл вэ. Цаашид юунд анхаарах хэрэгтэй бол?

 

-Одоогийн нөхцөлд ийм арга хэмжээг авахаас өөр аргагүй. Энэ бол зөв. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өндөр, төсвийн орлого нэмэгдэж байх үед хамаагүй их зардал гаргаж, хэтэрхий их тансагласан шүү дээ. Манайд маш олон давхардсан орон тоо, агентлаг бий. 1996-2000 онд АН засгийн эрх барьж байхад Засгийн газар дөрвөн удаа солигдсон. Тухайн үед М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 60-аад агентлаг байгуулж байсан удаатай. Ийм байдлаар зарлага гаргаж байсан. Гэхдээ Засгийн газрын бүтцэд эдийн засгийн хөгжлийн бодлогын яам байх ёстой. Одоо алга. 2004-2008 онд Сү.Батболдын Засгийн газрын үед Хөгжил шинэтгэлийн хороо гэж байгуулсан. Үүнийг 2012 онд Эдийн засгийн хөгжлийн яам гэж өргөтгөж, ямар ч хариуцлагагүй хүнийг сайдаар нь томилсон. Түүнийг нь огцруулах санал гаргангуут нөгөө яамаа татан буулгаж байх жишээтэй. Тиймээс Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Н.Бямбажав бид нар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам байгуулах саналыг гаргасан. 2015 оны арваннэгдүгээр сард Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталсан. Гэхдээ энэ бол учир дутагдалтай шүү. Энэхүү хуулийн механизмыг хэрэгжүүлэх үндсэн бүтэц Засгийн газарт яамны төвшинд байх ёстой. Тэр байтугай сайд нь Шадар сайд байх ёстой юм. Монгол Улс 1990 он хүртэл яагаад эрчимтэй хөгжиж байсны учир нь эдийн засгийн төв байгууллага. Улсын төлөвлөгөөний комисс гэж нэртэй бөгөөд яамнаас дээгүүр эрх мэдэлтэй учир тогтоол гаргаж, үүрэг өгдөг байсан. Түүний харьяанд эдийн засгийн үйлдвэрлэл хүчний байршил гэсэн том судалгааны хүрээлэн байсан. Энэ нь 15, 20 жилийн хэтийн хөтөлбөр төслийг боловсруулдаг байлаа. Ийм зохион байгуулалтын бүтэц хийхгүйгээр нэгдсэн хөгжлийн бодлоготой болж, баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй. Үүнийг ухаарах хүмүүс төр засгийн эрхийг барьсангүй. Одоо харин энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй.

 

-Та манай улс зөвхөн уул уурхайг голлосон эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй байснаас ийм байдалд хүрч байгаа гэлээ. Тэгвэл үүнтэй хамт өөр ямар салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой гэж харж байна вэ?

 

-Уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ бусад салбарын орхигдуулж болохгүй. Дахиад хэлье. Газрын тос боловсруулах үйлдвэрийг заавал байгуулах хэрэгтэй. Ингэхдээ тээврийн нөхцөл бүрдвэл дотоодын нөөцийг ч ашиглах нь зүйтэй. Үүнээс гадна зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Ер нь уул уурхайн үйлдвэр дээр зардлын гуравны хоёрыг уурхай, баяжуулалтын үйлдвэрлэл эзэлдэг. Боловсруулах үйлдвэр байгуулаад цэвэр металл гаргахад зардлын гуравны нэг нь ногддог учир эх үүсвэрээ ашиглаж үүнийг хийх хэрэгтэй. Зэс бол Английн Лондоны бирж дээр А, В, С гэсэн ангилалтай байдаг. Тиймээс А зэрэглэлийн зэс гаргаж авахгүйгээр харласан юм уу, цэврүүтсэн зэс хийсэн тохиолдолд шууд ашиглаж болдоггүй. Энийг нарийн тооцох хэрэгтэй. Тиймээс зах зээлээ хаана гаргах, ямар улсын техник технологи ашиглахаа судалж, ийм үйлдвэрийг байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна хөнгөн үйлдвэрийн салбарыг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. Манай улсын малын тоо 50 сая хол давчихаад байна. Тиймээс малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах нь чухал. Энэ мэтчилэн зүйлийг тооцоолж, 2030 он хүртэлх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Энэ нь ямар бүтэц, бүлэг зүйлтэй байх зэргийг тусгасан товхимлыг бид УИХ болон Засгийн газрын гишүүдэд тараахаар бэлтгэж байна.

 

-Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлийг зовоож, бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгаа зүйл бол ам.долларын ханшийн өсөлт. Ам.долларын ханш гэнэт өсөх болсныг хэрхэн тайлбарлах вэ. Тогтвортой барих боломжтой юу?

 

-Энэ бол мөнгөний бодлоготой хамааралтай. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр УИХ баталдаг. Мөн гадаад худалдаа алдагдалтай, чөлөөт валютын нөөц орж ирэхгүй, байгаа нөөцөө буруу зарцуулж байгаа тохиолдолд мөнгөний ханшийн бууралтыг барьж тогтооход төвөгтэй. Товчхон хэлэхэд өнгөрсөн дөрвөн жил санхүүгийн сахилга алдагдсаны гор нь гарч байна. Үе үе их хэмжээний монгол төгрөг хэвлэж байсан нь ханш унагах үндсэн нөхцөл болсон.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • gana (202.72.245.165)

    2016-09-17

    20+70jil tur barisan MAn-saa asuugaach mal mini yagaad barihgui bgaag ni teneg chini

  • зочин (59.153.87.52)

    2016-08-31

    газрын тос боловсруулах үйлдвэрийг заавал барих хэрэгтэй

  • Майнболд (119.40.97.88)

    2016-08-25

    Газрын тос оруулж зардаг крмпаниуд засаг төрд нөлөөлөөд хийлгэхгүй байнаа.

  • (139.5.219.108)

    2016-08-25

    ЭНЭ КОММУНИСТЫН ҮЕ НЬ ӨНГӨРСӨН дуугай хэвтэж байвал болоо

  • zochin (203.91.115.42)

    2016-08-25

    nastai huniig yu gj bga ***** be

  • (139.5.219.108)

    2016-08-25

    НАМЖИМ ЛАЛАРАА НААДАХЫГ ЧИНЬ ЧАМААС ӨМНӨ 30 ЖИЛИЙН ӨМНӨ ЯРИАД ЭХЭЛСЭН ЮМ МЭДЭВ ҮҮ ӨМХИЙ...