Тэмээний боловсруулаагүй ноосыг экспортын гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжлээ

 

        Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

 

Өнгөрсөн 4 жилийн байдлаар малын гаралтай түүхий эдийн экспорт нийт экспортын 6-7 хувийг эзэлж байсан бөгөөд жилд дунджаар 310 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний малын гаралтай түүхий эд экспортлосон байна. Үүний дийлэнх хэсэг буюу 60 орчим хувийг мал, амьтны самнаагүй үс, хялгас эзэлж байна. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор импотлогч орноос экспортлогч орон болох бодлогыг хэрэгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлыг татварын бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх ба үүгээр малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлж байгаа юм байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа гэдгийн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. Төсөл батлагдвал 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нарын гишүүд Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

 

Ингээд байнгын хорооны гишүүд Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтсон.

 

Түүнчлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)