Даниэль Либескинд: Бид хэдий өөр шашин, уламжлал, түүхтэй ч уран барилгаар холбогдсон байдаг

 

        Польш­еврей гаралтай Америкийн уран барилгач Даниэль Либескиндийн “Fortune” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр дэлхийн шилдэг уран барилгачдын нэг бөгөөд Берлин хот дахь Еврейн музей, Рояал Онтариа, Дублин дахь Гранд Канал театр, Английн Империал Дайны музей зэрэг алдартай барилгуудын загварыг гаргажээ.

 

-Ярилцлагаа таны бага насны тухай яриагаар эхлүүлье. Хүүхэд нас тань хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

 

-Би дэлхийн II дайны дараахан төрсөн болохоор хүүхэд нас минь еврейн гадуурхлын үед өнгөрсөн. Товчхондоо, Польшид төрж, зургаан настайдаа Америкт цагаачилсан. Надаас илүү эцэг, эх минь түүхийн гэрч болсон хүмүүс. 1939 онд германчууд Польш руу довтлох үеэр тэд нутгаасаа дүрвэсэн. Дараа нь Зөвлөлтийн Улаан армид олзлогдсон гэдэг. Аав маань Волга мөрөн тийш цөлөгдөж, ээж Сибирийн Гулаг хорих лагерьт хоригдсон. 1942 онд ЗХУ, Польштой холбоотон болох хэлэлцээр хийснээр суллагдсан юм байна лээ. Тэр үед хараахан танилцаагүй байсан. Хүний хувь тавилан гэдэг үнэхээр сонин. Тэд суллагдсаныхаа дараа зүүн тийш явж байхдаа Төвдийн хилийн ойролцоо анх танилцжээ. Тэгээд хамт амьдрах болж, 1945 онд намайг олсныхоо дараа төрөлх нутаг Польш руу буцахаар шийдэж бараг есөн сар явсан гэсэн. Узбекистаны Фергана хөндийгөөр дамжин Москва, Минск, тэгээд Польшийн Лодзь хотод ирсэн. Ээж маань уран хүн байсан болохоор хувцас оёж, аав нэхмэлийн үйлдвэрт ажилладаг байсан гэдэг.

 

-Та Польшоос их эрт гарсан юм байна. Польшийн тухай санадаг зүйл бий юу?

 

-Намайг бага байхад холокостын үе хараахан дуусаагүй байсан. Сургуульд байхад еврей гэдгээр минь их ялгаварладагбайлаа.Оройбүр зодуулчихсанхүнлгэртээирдэг байсан. Хүүхдүүд чулуугаар шидэж, томчууд үгээр дээрэлхдэг байсан юм. Харин таван нас хүрээд төгөлдөр хууртай нөхөрлөснөөр арай дээрдсэн. Гэхдээ аав, ээжийн хувьд тарчигхан амьдралд нь хэтэрхий ахадсан зүйл шиг санагдаж тийм ч дуртай байгаагүй. Гэсэн ч намайг дэмжсэн. Нэг өдөр аав “Чамд төгөлдөр хуур авчирлаа” гээд нэг чемодан өгсөн. Тэнд нь баян хуур хөгжим байсан

 

 

-Та хөгжмийн гоц авьяастан байсан. 1953 онд Польшийн төв телевизээр алдарт хөгжмийн зохиолч Римский Корсаковын хөгжмийг тоглон гарч байсан гэсэн. Тэр ч бүү хэл 1959 онд Нью-Йоркт ирснийхээ дараа АмерикИзраилын соёлын тэтгэлэг хүртэл хүртэж байсан мэргэжлийн хүн. Хэдий архитектор болсон ч төгөлдөр хуураа үгүйлдэг үү?

 

-Тийм ээ. Би хэзээ ч хөгжмийг хаяхгүй. Архитектур, хөгжим хоёрт төстэй зүйл бий. Хэмнэл, урсгал бүр төгс төгөлдөр, нарийн байх ёстой. Би Берлин дэх Еврейн музейн загварыг гаргахдаа акустик хөгжмийн хэмнэлтэй адилтгасан. Учир нь, Берлин хот бол акустик хөгжмийн аялгуу шиг уур амьсгалтай газар учраас хослуулсан.

 

-Төгөлдөр хуурч Либескиндийн хамгийн том шүтэн бишрэгч нь түүний гэр бүл үү?

 

-Үнэндээ миний 47 настай эхнэр болон гурван хүүхэд хэзээ ч хөгжим тоглож байхыг минь сонсож байгаагүй.

 

-Берлин дэх Еврейн музей бол танд асар их алдар нэр авчирсан ажил. Тус барилгын санаа, бүтээх урам зоригоо хаанаас авсан бэ?

 

-Юуны түрүүнд еврей хүмүүсийн үхэл юуны төлөө байсан гэдгийг ойлгохыг хичээсэн. Мөн энэ бол миний болон гэр бүлийн минь түүх учраас дахин давтагдахгүй онцгой байлгахыг зорьж байлаа. Хамгийн гол санаа нь хэлмэгдэгсдийн сэтгэл зүйн байдал, ирээдүйн найдвар гэсэн хоёр ойлголтыг хослуулахыг хүссэн.

 

-Таны бүтээлийг ажиглаад байхад ихэнх нь болор гадаргуутай нэлээд гял цал байдаг. Яагаад болорыг онцгойлон сонгодог юм бэ?

 

-Нэрт архитектор Франк Лояд Врайт “Хэрэв барилга болоргүй бол барилга биш. Болор гэдэг чулуу хүчирхэг бөгөөд гоёмсог, сэвтээж боломгүй зүйл. Тэнгэрт буй нарнаас ч илүү гялалзах газрын чулуу” гэсэнтэй би санал нийлдэг. Аливаа зүйл гадна талаасаа сайхан байж хүний сэтгэлийг зөөллөдөг учраас гоёмсог байлгахыг хичээдэг.

 

-Яагаад архитектор болохоор шийдсэн юм бэ?

 

-Би АНУ-д ирээд 13 настай байхад Фрэнк Лояд Врайтын “Гүгенхейм”-ийн музейн барилгын ажил дуусч байсан. Тэр л миний хамгийн анх “Аан, уран барилга гэдэг нь энэ байх нь ээ” гэж бодсон гайхалтай бүтээл байсан. Тэр цагаас хойш энэ салбарт татагдсан.

 

 

-Танд бүтээхийг хүсдэг ямар нэг барилгын санаа бий юу?

 

-Онгоцны буудлын загвар гаргахыг хүсдэг. Би аялах дуртай учраас олон орны онгоцны буудалд очсон. Дэлхийн ихэнх онгоцны буудлын загвар огт таалагддаггүй. Сайхан онгоцны буудал бүтээмээр байна.

 

-Алдарт архитектор Заха Хадид та хоёрыг сайн найзууд байсан гэж сонссон?

 

-Заха Хадид бид хоёр 1970 онд Лондонд болсон архитекторчдын чуулга уулзалтын үеэр анх танилцаж байлаа. Түүнээс хойш сайхан нөхөрлөсөн. Тэр бол хэр баргийн эмэгтэй хүнд баймгүй зоригтой хүн байсан. Түүний Багдадад төрсөн нь сайн уран бүтээл гаргахад нь нөлөөлсөн гэж боддог. Аливаа зүйлийг арай өөр онцгоос харж, Европ сэтгэлгээнээс ялгардаг байсан. Найзыгаа дурсахад тэр бол бүтээнэ гэсэн зүйлээ бүтээж байж л санаа нь амардаг хөдөлмөрч уран бүтээлч байсан.

 

-Хүндэлдэг өөр уран бүтээлч бий юу?

 

-Марина Абромовичийг онцгойлно. Түүнтэй хамтран ажиллах дуртай. Мөн зураач Герхард Рихтер, найруулагч Паоло Соррентино нарын хэв маяг, ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг чанарыг нь хүндэлдэг.

 

-Та Герман, Итали, Бразил, Бельги, Хятад, Солонгос, Франц гээд дэлхийн олон оронд уран барилга бүтээж байсан. Олон орны хэв маягт тохируулахад хүндрэлтэй зүйл байдаг уу?

 

-Тухайн нутагт олон жил амьдарсан уугуул иргэдийн хандлага заримдаа хэцүү байдаг. Зарим хүн хэт нэг талыг барьж бүтээлийг минь шүүмжилдэг.

 

-Тухайн бүтээж буй барилгын ойр орчимд буй өөр барилга, байгууламж, орчны загвар шинэ бүтээл гаргахад мөн нөлөөлдөг байх?

 

-Тийм ээ. Их чухал байдаг. Тухайн хот, дүүргийн онцлог, өнгө төрхийг судлахгүй, ойлгохгүй бол сайн бүтээл гарахгүй. Ялангуяа түүх дурсгалын газартай хотод бол маш нарийн ажиллах хэрэгтэй. Олон зууныг дамжин ирсэн гайхалтай бүтээлийг бүдгэрүүлэх шинэ барилга байх ёсгүй гэж боддог. Дэлхийн олон оронд очиж, шинэ ёс заншил, уламжлал, шинэ хүнтэй танилцах боломж тохиож буйд үнэхээр талархдаг. Учир нь, барилга хоорондын зохицлыг ажиглаж, суралцах нь миний хувьд чухал. Таван тивийн төлөөлөл болсон олон орноор аялж байлаа. Тэр бүрт бид хэдий өөр шашин, уламжлал, түүхтэй ч уран барилга гэдэг зүйлээр холбогдсон гэдгийг ойлгосон.

 

-Ер нь архитектур гэж юу юм бэ?

 

-Соёл болон баялгийн холбоо гэж боддог. Энэ салбарт технологи, инженерчлэл гээд олон шинэ зүйл өрнөж байгаа учраас жинхэнэ соёлын бүтээн байгуулалтын талбай юм. Шинэ барилга бүтээх бүрт түүхээс суралцаж, өөр нэг түүхийг бүтээдэг учраас архитектур бол урлаг соёл, оюун ухаан, яруу найраг, хөгжмийн нандин холбоо юм.

 

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Ер нь чөлөөт цаг гардаг уу?

 

-Хүмүүс намайг архитектурт бүх амьдралаа өгсөн. Барилгын тухай сэтгүүл уншаад сууж байдаг гэж боддог байх. Үнэндээ чөлөөт цагаараа яруу найраг уншиж, хөгжим сонсох дуртай. Барокюгийн үеийн хөгжим сонсч, Эмили Дикинсоны шүлгийг унших дуртай.

 

-Та төрсөн нутаг Польшдоо эргэж очин, суурьших талаар бодож байсан уу?

 

-Тийм ээ, бодож байсан. Нэлээд хугацаанд ч эргэлзсэн. Үнэндээ еврей болон коммунизмын тухай бодох бүрт онцгүй дүрслэл буудаг. Яг тэр төсөөллөөрөө хэдэн жил явсан. Гэхдээ одоо цаг сайхан болж, муу бүхэн түүх болон үлджээ. Шинэ үеийнхэн Польш улсыг илүү сайхан ирээдүйд хөтөлж байна. Гэсэн ч би бол уран бүтээлч хүн учраас шинэ барилга, бүтээл, хүмүүсийг үргэлж хайдаг.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)