НҮБ цөмийн зэвсгийн эсрэг уриалга гаргалаа

 

        Умард Солонгосын тал өнгөрсөн лхагва гаригт пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр яаралтай хуралдаан хийжээ. Япон, АНУ болон Өмнөд Солонгосын хүсэлтээр уг хаалттай хуралдааныг зарласан байна. Талууд Пхеньяныг зэмлэн буруушаасан мэдэгдлийг Аюулгүйн зөвлөлөөр гаргуулахыг хүссэн аж. Умард Солонгос лхагва гаригийн үүрээр шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан билээ. Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хэлснээр, пуужин 500 орчим км зам туулаад Япон тэнгист Японы агаарын довтолгооноос хамгаалах бүсэд унасан байна. Мөн энэ сарын эхээр Умард Солонгос дундын зайн тусгалтай “Родон” загварын хоёр пуужин харвасантай холбогдуулан Аюулгүйн зөвлөл мөн яаралтай хуралдаан хийж байсан билээ. Харин энэ удаагийн хуралдаанаар НҮБ цөмийн зэвсгийн эсрэг уриалга гаргалаа. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жие И-ийн  хэлснээр “Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс сэргийлэх бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зүй зохистой зохицуулах хэрэгтэй байна. Иймд харилцан өдөөх болон байдлыг улам хурцатгах арга барил хэрэгжүүлэхээс зайлсхийх ёстой” гэжээ. Мөн өдөр Аюулгүйн зөвлөл цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс сэргийлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Хэлэлцүүлгийн талаар Аюулгүйн зөвлөлөөс нийтэлсэн мэдэгдэлд “Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох бодлогыг сахин баримталж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад яриа хэлэлцээр, зөвшилцлөөр дамжин асуудлыг зохицуулах бодлого баримтална. Түүнчлэн байдлыг улам хурцатгах арга барил хэрэгжүүлэхээс зайлсхийж, бас цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс сэргийлснээр цэрэг дайны байршуулалтаа эрчимжүүлэх, цэрэг дайны ач холбогдлыг хэт ихэсгэх, цэргийн сургуулилтын цар хүрээг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ авч болохгүй” гэжээ. Солонгосын хойгоос гадна Ираны цөмийн асуудлаар хэлэлцэж “Ираны цөмийн асуудлаар бүх талын гэрээ амархан тохиролцоонд хүрээгүй билээ. Иймд холбогдох тал улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, амлалтаа биелүүлж, бүх талын гэрээний хэтийн тогтвортой байдлыг сахин хамгаалах шаардлагатай юм” гэжээ. Мөн “Өнөөдөр олон орон өдөр ирэх бүр ашиг сонирхлын уялдаа харилцаатай болон аюулгүй байдлын зөрчилтэй болж байна. Цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс илүү сэргийлэн хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хүчин чармайлт шаардлагатай юм. Тиймээс цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс сэргийлэх олон улсын системийг төгөлдөржүүлэн хөгжүүлж, дэлхийн энх тайван хийгээд аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хувь нэмэр оруулахыг уриалж байна” хэмээн мэдэгджээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)