Мандахнаран ба АЛТАН АРСЛАН шагнал

Мандахнаран маань медалиа алдав. Олимп дууслаа. Хойшид ийм тохиолдлууд гарах болов уу?

 

Олимп байтугай дэлхийн миссийн тэмцээн, хамтлаг дуучдын олон улсын уралдаан, шинжлэх ухааны бүтээлийн шалгаруулалтын үеэр ч луйвар булхай цөөнгүй гардаг. Шүглийн дуу, минут секундээр хэмжигддэг спортын ертөнц дэх алдаа оноог, зарим нэг шударга бус хандлагыг бүрэн арилгах ямар ч аргагүй. Хэзээ нэгэн цагт арилна гэж хүлээх ч хэрэггүй юм. Америк зэрэг хүчирхэг улс гүрний тамирчдад өөрийн эрхгүй нааштай хандаж гярхай шүүх, ядуу буурай орны тамирчдыг үл хүндэтгэн, хайхрамжгүй шүүх зэргийг Олимпийн Хороо арилгаж чадна гэж үү? Ялгавартай хандлага бол хүний мөн чанартай л холбоотой зүйл шүү дээ. Спортын арвин туршлагатай ч бүдүүлэг, шуналтай, хүн чанаргүй шүүгч урьд нь ч байсан, хойшид ч байна.

 

 

Манай тамирчид маш олон хүчин зүйлийг давж, хэр чадлаараа зүтгэдэг. Өндөр хөгжилтэй орны тамирчдын иддэг хэрэглэдэг хоол хүнс, витамин тэжээл хүртэл өөр. Шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгааны дагуу гаргасан нарийн чанд хуваарь, дэглэмийн дагуу, асар өндөр цалинтай дасгалжуулагчийн хараа хяналт дор гадны тамирчид тасралтгүй бэлдэж олимпод ордог нь тодорхой. (Улс орон бүр тийм биш ч талаас илүү хувь нь иймэрхүү л байгаа) Тэгэхээр олимп бол наанаа ардчилсан харагдах цаанаа хүч тэнцвэргүй тулаан юм. Харин манай тамирчид ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг, ихэнх нь орон байргүй, хоол унд муутай, эрүүл мэнд, эдийн засгийн асуудал ихтэй, бүгд шахам дутуу хагас эмчлэгдсэн бэртэл гэмтэлтэй зэргийг бид тооцож үзэлгүй харааж зүхэн, зөвхөн медаль шаардах нь шударга бус. Тамирчдаа ялалтын тавцан дээр олонтаа гаргая гэвэл гадаадын сайн дасгалжуулагч авчрах тал дээр улсаас анхаарах цаг болжээ. Түрүүлсэн нэг хүнд 100 сая төгрөг өгнө гэж амлахын оронд гадаадын ахмад тамирчид (ид үедээ буй ОД дасгалжуулагчдын үнэ хөлсийг бид дийлэхгүй) спортын шинжлэх ухааны ажилтан, туршлагатай мэргэжилтнийг хэдхэн сарын хугацаанд ч болтугай өнөөх 100-аараа хөлслөн урьчихаж болмоор. Тэгвэл нэг хүнд очих урамшууллын мөнгөөр нэг бус хүн хичээл заалгачихна. Манай дасгалжуулагчид муу гэсэн үг биш, хаа газар хаалга цонхоо ямагт нээж, агаар солилцоонд оруулах нь зөв.

 

Олимпийг “эв нэгдлийн баяр” гэдэг. Гэвч үнэндээ олимп бол хүн төрөлхтөний түүхийн шалгарлын дүнд бий болсон, хамгийн хүмүүнлэг хэлбэрийн, нийтээрээ бодож боловсруулаад дипломат аргаар хүлээн зөвшөөрсөн дүрэм журмын доторх, хамгийн боловсронгуй шатны, цэвэрхэн ДАЙН. Тамирчин бүр улс орныхоо нэр төрийн төлөө дөрвөн жил тутам энд дайтдаг. Бид зурагт үзээд сууж байхдаа Монголын далбаа өргөгдөхийг тэсэн ядан хүлээдэг нь тэр тамирчны л төлөөх залбирал биш. Бидэнд БАХАРХАЛ, баярлах эгшин хором хэрэгтэй байгаа хэрэг. Тамирчныхаа ялалтыг харж, “монгол хүн бусдаас дор биш” гэдгийг мэдрэх, өөрсдөөрөө бахархахыг хүсч байна. Энэ хүслийн бүтэлгүйтлээс л асар их уур бухимдал үүсдэг. Эрт цагт улс гүрнүүд газар нутгаа тэлэх, боол олох, бусдаас эд хөрөнгийг нь булааж авах, тэр байтугай хүүхний төлөө (сайхан Еленагийн домог!) дайтдаг байж. Харин хил хязгаар нэгэнт тогтсон энэ цагт улс гүрнүүд соёлжингуй хэлбэрээр өөд өөдөөсөө тулан, өөрийн талд л бүхнийг ашигтай шийдэх, хүч чадлаа илтгэн харуулахын төлөө шинэ маягаар өрсөлдөх болсны нэгээхэн илрэл нь олимп. Тэгэхээр “дайнд” эх орноо төлөөлсөн дайчдаа доромжилж, хийморь сүлдийг нь гутаах хэрэггүй мэт. Тэгээд ч оролцох эрх гэдэг л хангалттай үзүүлэлт, тухайн тамирчны зэрэг зиндаа гэдгийг мартаж болохгүй юм.

 

Улс орны нэр төр, бахархах сэтгэл гэсэн санаанаас дараагийн асуудал төрнө. Тодруулбал, орчин үеийн улс гүрнүүд цэрэг цагдаа, техникийн хүчин чадлаар төдийгүй авьяаслаг, хүчтэй иргэнээрээ өрсөлддөг болсон. Иргэн л гол баялаг. Авьяас том хүч! Усайн Болтоос болж бид Ямайка улсын тухай, тэр үндэстний тухайд сонирхож байна. Гадны том телевизүүд түүний тухай кино, нэвтрүүлэг хийхдээ эх орных нь л тухай голчлон өгүүлдэг. Тэгэхээр Түвшинбаяр, Гүндэгмаа зэрэг тамирчид бол үндэсний “баялаг” юм. Тиймээс медальгүй ирсэн тэмцээнийх нь дараа ч бид тэднийг харж хандах, хамгаалах, дэмжих асуудлыг мартах учиргүй.

 

“Алтан медаль авсангүй” гэж нийтээрээ бухимдахын оронд, олимпийг ашиглан улсаа сурталчлах боломж зэрэг илүү нарийн асуудлуудад анхаарал хандуулъя. Монгол хүний нэр төр зөвхөн спортын амжилтаар хэмжигдэхгүй. “Олон медаль авсангүй ээ!” гэж Энэтхэгийг шүүмжилж байгаа гадаадын нэг ч хэвлэл алга. Энэ аугаа үндэстэнтэй бид медалийн чанараар зэрэгцэх шахуу явж байна.

 

Монголын нэрийг өндөрт өргөх, олимпоор дамжуулан аялал жуулчлалын салбараа өөд татах өргөн боломж ажиглагдана. Олимп бүрийн нээлтийн танилцуулга дээр тамирчид маань үндэсний хувцсаа өмсөх хэрэгтэй. Монголын олон ястны хувцас гайхамшигтай олон өнгө төрхтэй, баялаг загвартай, утга бэлгэдэлтэй, сонирхол татахуйц. Нээлтээр заавал пиджак, өмд өмсөөд байх ч шаардлагагүйг зарим орны тамирчдын сонголт харуулсан шүү дээ.

 

Хятадад болсон Азийн зохиолчдын чуулга уулзалтын үеэр Японы хоёр зохиолч эмэгтэй дээл өмсөж тайзнаа гарахдаа юу гэж хэлснийг мартдаггүй. ”Эрхэм хүндэт хятад ах дүү нар аа, биднийг урьсанд талархан, хүндэтгэл үзүүлж, танай үндэсний хувцсыг өнөөдөр өмслөө!”. Үүнийг сонссон Турк зохиолч “Өө, танай Урианхай гуай бас ийм шалтгаанаар хятад хувцас өмссөн юм уу?” гэж асуусан сан. Дараа нь Хятадын үндэсний жүжиг (бээжин дуурь) үзүүлсэнд бас л жүжигчид нь дээлтэй гарч ирээд, бусад орны зохиолчдын дунд маргаан өрнөх хэмжээний яриа үүссэн. Соёлынхоо өв нэг бүрийг бид маш хүчтэй хамгаалах ёстой.Олимпийн нээлтүүдийг харахад хятадууд пиджак, өмдтэй л гарч ирээд байдаг. Дэлхийн иргэдийн нүдэнд хятадуудтай ижилдүү царай төрхтэй харагддаг бидэнд тэднээс хурц ялгарах хүсэл байх ёстой юм. Тиймээс Токиогийн олимпоор монгол дээлээ өмсөж, олон төрөл загвар, өнгө хийцийг чөлөөтэй сонгон үзүүлж, бодлоготойгоор, нийтийн анхааралд өртүүлмээр юм шиг. Нээлтийн шоуг дэлхий даяар хэдэн тэрбум хүн үздэг бөгөөд сүүлийн үед хувцасны шалгаруулалт ч явуулах болж. Хувцсаар дамжуулан маш их зүйлийг өгүүлж болдог тул бид үндэсний онцлог, соёл сэтгэлгээ, ур ухаанаа ч, Хятадуудаас тэс өөр өнгө төрхөө ч дөрвөн жил тутам, хорвоо ертөнцөд харуулах сайхан боломж.

 

Оюу Толгой, Таван Толгойн ашгийн тухай л яриад бид сүүлийн арваад жил хэрэлдэв. Засгийн газрууд нэг асуудлаас гарах гээд нөгөө асуудлыг үүсгэж, өр ширэнд баригдлаа. Олон талаараа бид дэлхийд сүүл мушгиж явна. Уул уурхайгаас өөр аврал үгүй мэт зөвхөн энэ салбарыг тойрсон асуудлууд дээр тод гэрэл тусган, шуугилдана.

 

-Ингэхэд хөгжлийн өөр гарц бидэнд байхгүй юу?

 

-Байгаа!

 

Бид Азийн аварга, дэлхийн аварга гээд л спортын шагналуудад ихээхэн ач холбогдол өгөх атлаа олон улсын, том, дуурийн наадам, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн шагналын талаар авч хэлэлцдэггүй, хүлээж горьддог ч үгүй, хэн нэгнийг бэлтгэдэг ч үгүй. Гэтэл урлаг өнөөдөр даяарчлагдаад, аль нэгэн улс оройлон, гоц манлайлахаа больсон. Усанд сэлэлтийн төрөлд америкчууд гайхуулж байгаа шиг “дүрслэх урлагт зөвхөн тэр улс л тасарчихлаа” гэх ойлголт үгүй болсон шүү.

 

Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж, Box Office-т бичигдсэн ГАНЦ ШИРХЭГ кино манай улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх, бүр хэд дахин илүү гарсан орлого олж байгааг яагаад үл анхаарна вэ? Арилжааны кино нь л тэр шүү дээ! Оюуны хүч, авьяас чадварыг асар том баялаг гэж тоодоггүй, урлагийг зөвхөн зугаа гэж үздэг хоцрогдсон хандлага зөвхөн газар шороогоо ухах, алт зэс хайхаас илүүд найддаггүй ядуу сэтгэлгээ рүү түлхэв. Урлаг гэдэг гэгээрэл, соёлын хурц илрэл төдийгүй асар их хөрөнгө мөнгө авчирч болох, эдийн засгийн шавхагдашгүй уурхай, улс орны ялалтын уухай гэдгийг бид мартжээ.    

 

Урлагийн авьяастай хүүхдүүдийг гадаад оронд суралцуулах тал дээр анхаарал хандуулах цаг болсон. Сайн бөх болоод том тэмцээнд түрүүлчихвэл л шууд байртай, машинтай болно гэсэн сэтгэлгээ ихсэх хандлагатай байна. Уул уурхайн инженер болчихвол л улсаа хөгжүүлчих юм шиг, ажлын байртай, цалин өндөртэй хүн болчих юм шиг бат итгэл залуусаас ажиглагдах. Гэтэл уурхайн хөрөнгө оруулагч компаниуд гол мэргэжилтнээ өөрсдийн улсын иргэдээс бүрдүүлээд байх шиг анзаарагддаг. Тиймээс ашигт малтмалын инженер бэлтгэхээсээ ч түрүүлээд уурхайгаас үүдсэн хохирлыг арилгах, байгалийг нөхөн сэргээх мэргэжилтнийг ихээр бэлдмээр. Мөн улсын зардлаар эмч, хуульч, багш зэрэг мэргэжлийг гадаадад эзэмшсэн ТОП сургуулийн төгсөгчид буцаж ирээд тухайн салбартаа дарга түшмэл болох, эсвэл шууд улс төрийн карьер хөөх нь бий. Харин урлагийн чиглэрээр суралцагсад улс төржих, албан тушаал хөөх нь бага. Дашрамд дурдахад, гадаадад төгсөгчдийн ажлын бүтээмж, амжилтыг харахад сайн дипломын ачаар хэзээ ч ажлын байраа алддаггүй ашигтай талдаа хэт найдаад, шинийг сэддэггүй, өсч өндийдөггүй, БҮТЭЭЛЧ бус мэргэжилтэн болох хандлага цөөнгүй ажиглагддаг. Учир нь манайхан авьяас билиг, хувь хүний онцгой шинж чанар, бүтээлч зан төрхийг биш дипломыг илүүд үздэг нь хэвээрээ л байна. Төлбөрийн чадвартайн ачаар гадаадын аль нэг дээд сургуулийг маш муу дүнтэй ч хамаагүй төгсөөд ирсэн хүн насан туршаа дипломоороо түрий барьж, огт ойлгож мэдрэхгүй салбараа хүртэл удирдана гэдэг шударга бус. Дэлхийн хэмжээний кино найруулагч болох ирээдүйтэй, авьяаслаг хүүхдийг Америкийн дундаж үнэтэй урлагийн коллежуудад топ гэгддэг их сургуулиудаас хамаагүй хямд зардлаар сургахад л хангалттай бэлтгэгдээд ирнэ. Урлаг авьяас дээр тогтдог тул багахан хөшүүрэг л хангалттай. Нэг том кино найруулагчийг бид дундаасаа  төрүүлэхэд л киноны салбарыг дагасан бусад мэргэжилтнүүдийн (зохиолчид, киноны хөгжим зохиогчид, жүжигчид гээд л) уран бүтээлчдэд том дэвшил ирэх нь тодорхой. Урлагийн том мастер, авьяастнууд эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг төдийгүй эдийн засагт ихээхэн ач холбогдолтойн өчнөөн жишээ бий. Хятадын нэгэн хөдөөгийн тосгонд “Гэтсэн бар, нуугдсан луу” киноны зураг авалт хийсэн муухан байшинг музей болгоод л жуулчдыг татаж байна шүү дээ. Дүрслэх урлагийн дэлхийн том эннуал, биенналд монгол зураач түрүүлэхэд хол биш. Гэвч том шалгуурт хүч сорихын тулд зургаа дэлгэх талбайн хөлсөнд л зураачид маань нам цохиулдаг. Өдрийн 15-20 мянган евро! Авьяасыг дэмжих төрийн бодлого үгүйгээс бийр цаасныхаа мөнгийг авах ч боломжгүй зураач манайд олон. Харин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэг зураачийн нэг л зураг өнөөдөр хэдэн арав ч биш хэдэн сая доллараар зарагддаг. Юутай ч хүч авьяасаа, шагналаа луйвардуулахгүй байх боломж соёлын салбарынханд илүү бий. Ноолууран бүтээгдэхүүнээр зүйрлэвэл ЯМАА л биднийг дэлхийд төлөөлж байна. БРЭНД зураачтай байж яагаад болохгүй гэж?

 

Миний мэдэхээр, урлаг соёлдоо онцгой хөрөнгө оруулалт хийж байгаа улс бол Солонгос. Зохиолчиддоо зориулсан цогц бодлого явуулж буйн ганцхан жишээ нь соёлын сайдынхаа шууд ивээл, хяналтын доор Орчуулгын Институт хэмээх тусгай байгууллагыг үүсгээд хэдэн жил боллоо. Тус институт Солонгос зохиолчдын номыг англи хэлээр, мэргэжлийн редакцийн хяналт доор маш сайн орчуулж, цувралаар хэвлэж байгаа. Жуулчид Сөүлийн номын дэлгүүрээр ороод гарахдаа тэр л номуудаас худалдан авч байгаа харагдана. Мөн солонгос зохиолчдын бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлсэн гадны орчуулагчдаас шалгаруулан, жил бүр 10 сая воны урамшуулал өгдөг. Уран зохиолын, дэлхийн хэмжээний арга хэмжээг Сөүлд ихээр зохион байгуулж, хүрэлцэн ирсэн гадаадын зохиолчдоос шилж сонгон номыг нь хэвлэх, шагнах, суурьшуулах, дээд сургуулиуддаа урилгаар багшлуулах зэргээр бүхий л улс үндэстний сэтгэлгээг хүчтэй, тэнцвэртэй нэвтрүүлж байна. Зөвхөн Америк, Францын уран зохиолыг шүтээд байхгүй, ядуу буурай орнуудын өвөрмөц соёлын нөлөө орсон, өөрийн гэсэн өнгө төрхтэй, авьяаслаг зохиолчдыг ихээхэн дэмжиж, урьж, бүтээлийг нь нийтэлж, өөрсдийн оюун санааг “цэнгэг агаараар” сэлбэдэг. Мөн нэр хүндтэй, дэлхийн их сургуулиудын дэргэдэх урт богино хугацааны сургалтад залуу яруу найрагчдаа, зардлыг нь даан илгээх болжээ. Солонгосын уран зохиолын сэтгүүлүүд оюуны бүтээлийг үнэлэх талаараа бусад улсын сэтгүүлтэй харьцуулшгүй сайхан. Д.Урианхай ах бид хоёрын тус бүр хоёр шүлэг ASIA сэтгүүлд сая нийтлэгдэхэд хэн хэнд нь 120 долларын харамж өгсөн, мөн шүүмжийн сэтгүүлд нь тодорхой асуултуудын дагуу нэг л өгүүлэл бичиж өгөхөд 800 мянган воноор үнэлсэн зэрэг баримт олныг дурдаж болно. Гэтэл Герман, Орос, Хятад, Япон, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнууд гадны зохиолчдын шүлэг, өгүүллэгийг сэтгүүлдээ хэвлээд мөнгөн шагнал өгдөггүй. Америкт яруу найргийн анхны номын шагнал гэж ердөө есөн (9) долларыг “бэлгэдэл” болгон өгдгийг Айовагийн олон улсын хөтөлбөрийн захирал ярьж байсан. Урлагийн үсрэнгүй хөгжил, шинэ хандлага, дуулиан шуугиан Европын орнуудаас Ази руу шилжиж байгаагийн нэг шалтгаан энэ юм. Дорно дахины урлагийн СЭРГЭН МАНДАЛТ хэдийнээ биелэлээ олсон. Бид энэ сэргэн мандлыг даган өсөх, том давалгаанд нь цохигдон уснаас АРАЛ ДЭЭР гараад ирэх боломжтой хүмүүс. Солонгосын төр уран бүтээлчдээ бэлтгэж, ихээр дэмжиж байгаа тул удахгүй Нобелийн утга зохиолын шагналтантай болох биз. Манай эдийн засагт ийм хүчин чадал үгүйд гол нь байгаа юм биш, цогц бодлого, шинэ сэтгэлгээ үгүйлэгдэж буй нь л буруу байна. Ядаж сайн ажиглаад, дуурайсхийгээд явахад хол алдахгүй мэт.

 

Монголын хямрал бол боловсролгүйн хямрал гэж би хувьдаа боддог.Улстөрчдийг хүлээхээ больё. Сонгууль бүрээр өөрчлөгддөг тэдэнд найдаад хэрэггүйг бид ухаарлаа. Өөр зүйлээс аврал, гарц хайцгаая. Үндэсний хөрөнгөтнүүд! Тэдний эх оронч сэтгэлгээ одоо л хэрэгтэй байна. Нэг том компанийн зүгээс нэг л авьяастай зураачийг дөрөвхөн жил дэмжээд, гадаадад сургачихвал хожим түүний бүтээлээс дэлхийн зах зээлд гаргаж зараад, өмнө зориулсан мөнгөө хэд дахин нугалж, эргүүлэн олох боломжтой, урлагийн бизнес асар их цэцэглэсэн цаг үед бид амьдарч байна шүү дээ. Тэгээд ч авьяастныг дэмжих үйлийг нийгмийн ухамсар, тус буян төдийгүй, алсын хараатай, “цэвэрхэн”, нэр төртэй хөрөнгө оруулалт гэж нэрлүүштэй. Кино найруулагч Бямбаа хэдэн жилийн өмнө олон улсын кино наадмаас Гран При шагнал аваад ирэхэд төр засгаас ч, хувийн хэвшлийнхнээс ч урам, дэмжлэг үзүүлээгүй. Бусаны кино наадам бол өндөр зэрэглэлийнхэд ордог, мэргэжлийн том шалгаруулалт. Гэтэл Бямбаад нийтээрээ баяр хүргэн угтах нь байтугай, хэдэн хүн бүр шүүмжилж бичсэн. Тэр мэт ач холбогдолгүй “үнэлэлт, дүгнэлт” Бямбаагийн уран бүтээлд ямар ахиц дэвшил авчрах вэ? Харин ч, өчнөөн их зарлага гаргаж хийсэн бүтээлээ монголчууддаа толилуулж, шинэ өнгө аяс мэдрүүлэхийг нь, ядаж, зарлагаа нөхөх боломжийг нь хаасан, саад болсон хэрэг. Кино урлаг нь олимпоос дутахгүй үзэгчтэй, улс орны нэрийг хилийн чинадад цуурайтуулах боломжтой, гадны үзэгчдийн сэтгэлд үүрд нэвтрэн орох чадвартай, ихээхэн ач холбогдолтой салбар гээд бодохоор уурхайгаас ч илүү боломж урлагт бий нь тодорхой байна.

 

 

Мандахнаран маань амжилтаа булаалгасан ч Венецийн биенналийн “Алтан арслан”-т, Юнескогийн “Пикассо” медальт, Оскарын шагналт монгол уран бүтээлчидтэй байх боломж бидэнд бий. Урлагт шүглийн хахир дуу биш хангалттай цаг хугацаа, өргөн орон зай доторх оюун санааны өвөрмөц байдал, давтагдашгүй зан төрхийн ялгарал л бүхнийг шийддэг. Монголд гоц авьяас байхгүй гэвэл худлаа. Авьяастныг дэмжих, хамтын, хүчирхэг бодлого л дутаад байна. Зарим орны том баячууд өөрсдийн улсын зураачийн бүтээлийг зориуд дэлхийн том дуудлага худалдаанууд дээр өрсөлдүүлж, өөр хоорондоо л үнэ хаялцсаар асар их үнэ хүргэн, ертөнц дахины хэвлэлийн анхаарлыг татмагц, өөрсдөө худалдаж аваад, гэртээ харьмагц өнөө зураачдаа талын тал мөнгийг нь өгөөд л, ОД болгочихож байгааг БОДЛОГО гэхгүй юу гэх вэ? Ийм их арга заль, хар пи-ар, эх оронч гэмээр хуйвалдаан урлагт хүртэл бий болсон гэх. Үүнийг батлах ч, үгүйсгэх ч боломжгүй. Тэгэхээр олимпод ч бидний мэдэхгүй арга ухаан, ил биш далд луйвар, шинэ маягийн бизнесийн тохиролцоо сэм сэм явагдаж болохыг жишээлэн бодоход илүүдэхгүй. Ийм “нарийн юм” хүртэл байж болох тухай мэдээлэл нь үгүй ядаж бид дасгалжуулагч, тамирчдаа ойлгож, сэтгэл санаагаар дэмжин, харааж зүхэхгүй байхад нэмэртэй юм.

 

Спортынхны боловсролын асуудлыг ч орхилгүй авч үзэх цаг иржээ. Авьяаслаг тамирчдын дур сонирхол, дотоод онцлогийг нээж, хөгжүүлэх тал дээр зөвхөн багш дасгалжуулагч нь биш, нийгмийн салбар бүрийн мэргэжилтнүүд тус дэмээ үзүүлэх цаг болсон. ГАРАХ ГАРЦ-ын ганцхан жишээ болгож нэгэн бяцхан санаа нэмэрлэе. Үүнд бараг мөнгө шаардагдахгүй ч үр дүн нь өндөр байх болно. Тамирчдаа бясалгалаар хичээллүүлье! Барууны тамирчид ХОВСЧ-дын үйлчилгээг олонтаа авдаг гэх. Гэтэл ховс бол оюун санааны сул хөгжилтэй хүмүүст л нөлөө ихтэй зүйл. Харин бясалгал хийснээр асар их тэвчээр, гүн төвлөрөлд дадах ба сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, ямар ч тохиолдолд амгалан төлвөө алдахгүй байхад суралцан, дотоод хүчээ ихэсгэхэд нэмэртэй. Богино хугацаанд хурц, оновчтой шийдвэр гаргадаг байхад хүртэл нөлөөлөхүйц хэмжээнд тархи цэвэрлэгдэнэ. Манай тамирчид зөвхөн “монгол ухаан”, “хар” ухаан, эрэмгий зан, том жижиг тэмцээний туршлагаар хол явахгүй боллоо. Сэтгэл зүйн туслалцаа ч бясалгалаас наагуурх асуудал юм. Учир нь сэтгэл зүйчээс буюу гаднаас үргэлж тусламж авах нь хувь хүний, ирээдүйн төгөлдөржилтөд гэхээсээ өнөөдрийн хурц асуудлуудад илүү нөлөөтэй. (Тодорхой хүнд үеүдийг давахад гарцаагүй тусладаг сэтгэл зүйчид маань олимпийн дараа буюу яг одоо илүү чармайх биз ээ) Харин бясалгалыг хүн өөрийн доторхийг өөрөө засан тохинуулж, өөртэйгээ тэмцэлдэж, сэтгэлээ ялж хийдэг тул манай тамирчдад хэрэг тус болох нь дамжиггүй. Өөрийгөө ялсан хүнд өрсөлдөгч аандаа үгүй болно.

 

Яруу найрагч, зохиолч Л.ӨЛЗИЙТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bolio (103.229.123.60)

    2016-08-30

    OOoo ichij uxmeer yum bolio naadmaar neg oxin luibarduullaa gej sunaj uilaad l olimp bolson ch bas neg yum luibarduullaa geel xaa ch tiim bdag