“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Ханжоу хотод эхэллээ

 

        “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Жөзян мужийн төв Ханжоу хотод эхэллээ. Уулзалтад оролцохоор ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн ерөнхий сайд Малкольм Турнбулл, Италийн ерөнхий сайд Маттью Рензи, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаяв, Саудын Арабын Батлан хамгаалахын сайд Мухаммед бин Салман, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Юн Ким тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө 20-ийн бүлгийн улс орнуудын эрчим хүч, эдийн засаг, худалдаа, гадаад хэрэг, хөдөлмөр хамгааллын сайд нарын уулзалт Шанхай хотод болсон. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн эдийн засагт тулгамдсан асуудал болон уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын талаар голчлон хэлэлцэх аж. Уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалах бөгөөд Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх “Парисын гэрээ”-ний хэрэгжилтийн тухай илтгэл тавих гэнэ. Түүнчлэн олон улсын татвар, авлигын эсрэг бодлого, Олон улсын валютын сангийн үйл ажиллагаа, инновац, геополитикийн мөргөлдөөн, дүрвэгсдийн урсгал, Их Британи улс Европын холбооноос гарсан нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, дотоод байдал тогтворгүй болсон, терроризмын эсрэг тэмцэх санхүүжилт зэрэг асуудлаар тэргүүлэгч гүрний удирдагчид зөвшилцөх аж. Эдийн засгаа тогтвортой өсгөж, инфляцийн төвшинг бууруулахын тулд улс орнууд хэрхэн хамтран ажиллах талаар голчлон хэлэлцэнэ. Уулзалтын үеэр улс орнуудын удирдагчид хоёр талын уулзалт хийнэ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Обама БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Солонгосын Хойг, Вашингтон Бээжинг тэнгисийн бүсийг цэрэгжүүлж байгаад буруутгасан, байлдааны онгоцоо маргаантай бүс рүү илгээсэн зэрэг таагүй харилцаа үүсгэсэн Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хэлэлцээр хийхээр болжээ. Мөн Б.Обама, В.Путин нар Сирийн асуудлаар ярилцах бол Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдогантай Курдын талаар ярилцах хэлэлцээр зохион байгуулахаар болжээ. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг онцгойлон авч хэлэлцэхээр болсон. Дэлхийн дулааралд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийг багасгах буюу 2030 он гэхэд 60-65 хувиар буруулах талаар бодитой арга хэмжээ авах хэрэгтэй байгаа аж. БНХАУ-ын уриалж буйгаар агаар дахь нүүрсхүчлийн хий дэлхийн дулаарлыг хурдасгаж, хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа бөгөөд бодитой арга хэмжээ санаачлах, био нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ.

 

“Их 20”-ийн бүлэг нь дэлхийн эдийн засаг болон санхүүгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг дээд хэмжээний форум юм. Хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын удирдагчдын уулздаг тус хурлыг 2014 онд Австрали улс даргалж байсан бол, 2015 онд энэхүү үүргийг Турк улс гүйцэтгэсэн юм. Уулзалт энэ сарын 4,5-нд хоёр өдрийн турш үргэлжилнэ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)