Б.Наранбаатар: 2020 онд элэгний С вирусыг бүрэн устгана

 

        Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний С вирусын голомтыг устгах, элэгний хатуурал, хавдраар нас барах эрсдлийг эрс бууруулах зорилготойгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг багтаасан байна. Үүнтэй холбогдуулан Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл төрийн бус байгууллага, Монголын гастроэнтерологийн холбоо, “Нэг Монгол” төрийн бус байгууллага хамтран талархлын уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин”Элэгний өвчнөөр өвдсөн л бол үүний өмнө хүчин мөхөсдөөгүй хүн гэж байхгүй. Харин энэ чиглэлээр анхаарлаа хандуулж ажилласан эмч, эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэл, дэвшилтэт технологиор бий болсон оношилгоо шинжилгээг иргэдийнхээ хүртээл болгон ажиллаж буй байгууллагууддаа талархаж байна. Ард түмний хэрэгцээ шаардлага, олон хүний хичээл зүтгэлийг үнэлээд төр засаг маань Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг бүрэн утга агуулга, зорилгоор нь багтааж, санхүүжилтийг шийдлээ. Үүнд маш их баярлаж байна” гэв. Энэ үеэр хөтөлбөрийн талаар Оном сангийн Удирдах зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 

-”Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсаныг олон хүн талархан хүлээн авч байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх вэ? ­

 

-Монгол Улсын Засгийн газрын 2016­2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.3­т “Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээх бүрэн томъёоллоороо багтсанд маш их баяртай байна. Мэргэжлийн Засгийн газар хүн төвтэй бодлого явуулж байгаагийн сайн эхлэл боллоо. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр 2020 онд элэгний С вирусыг бүрэн устгаж, 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барж буй тохиолдлыг 50 хувь бууруулах боломжтой.

 

-Хөтөлбөр хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

 

-”Элэг бүтэн Монгол” нь урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эмчилгээний болон эдгээрийн үндэс суурь болсон эрдэм шинжилгээний судалгаа гэсэн дөрвөн дэд хөтөлбөртэй. Тодруулбал, Урьдчилан сэргийлэлтийн дэд хөтөлбөрийн хүрээнд 15­ 35 насны 1.1 сая хүнийг элэгний В вирусын эсрэг вакцинжуулна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх, хамгаалах сургалтыг зохион байгуулна. Эрт илрүүлэлтийн хүрээнд 15­ аас дээш насны 2.2 сая хүнийг оношилж, үндэсний мэдээллийн системд бүртгэж авна. Эмчилгээний хүрээнд халдвартай150 мянган хүнийг бүрэн эмчилж эдгээнэ. Мөн В вирусын халдвартай 65 мянган иргэнийг байнгын эмчилгээнд хамруулж, B, D вирусын халдвартай тэмцэхээр хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх ажлыг хийнэ. Хөтөлбөрийн хүрээнд “Монос” групптэй хамтран эрүүл мэндийн салбарын ажилчдын элэгний С вирусыг илрүүлэх, устгах ажлыг хөнгөлөлттэй үнээр хийнэ. Үүнд I эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэг, Төв болон Увс аймгийн эмнэлгийн ажилчдыг хамруулна.

 

-Уг хөтөлбөрт улсаас хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Эмчилгээнд нэн шаардлагатай эмүүд хэр хямдарч иргэдэд хүрэх бол?

 

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 23.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн учраас бид Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандан нэн түрүүнд шаардлагатай эмүүдийг 80 хувь хөнгөлж өгөх хүсэлт тавина. Хэрэв энэхүү асуудал эергээр шийдэгдвэл 300 мянга гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэх боломж бүрдэнэ. Элэгний С вирусын харвонигийн ерөнхий нэршлийн эмүүдийг хэд дахин хямдруулсан. Харин энэ удаад С вирусын эмчилгээнд хоёр дахь нэршлийн эм болох вирпасыг 250­155 ам.доллараар хямдруулж, ирэх сарын эхний долоо хоногт “Монос”­ын эмийн сангуудаар борлуулна.

 

Ж.ЖАВЗАНПАГМА
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)