Сонгуулийн хуулийн заалт энэ удаагийн сонгуульд хэрэглэгдэхгүй болов

 

         Үндсэн хуулийн цэц өнөөдөр хуралдаж,Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол  хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

 

Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилж, нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан боловч ийнхүү нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд илт ялгавартайгаар зохицуулсан байна.

 

Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор заасан атлаа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт ижил зөрчил гаргасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид нэгдүгээрт, зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших; хоёрдугаарт, мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах; гуравдугаарт, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг давхар хүлээлгэхээр хуульчилсан байгаа нь  Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж уг заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

 

Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн хувьд хэрэглэгдэхгүй боллоо гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)