Селена Гомез: АМЬДРАЛ МИНЬ дардан байгаагүйд талархдаг

 

        Диснейн од жүжигчин, дуучин Селена Гомезын “Allure” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн “Revival” аялан тоглолтоо цуцлахаар болсон талаар мэдээлэл цацагдсан. Яагаад тоглолтоо цуцлахаар болсон юм бэ?

 

-Жилийн өмнө чонон хөрвөс гэдэг өвчнөөр шаналж байгаа талаараа хэлсэн. Энэ өвчин бие махбодь болон сэтгэл санаанд минь сөргөөр нөлөөлж үнэхээр дарамттай байна. Сэтгэл гутрал, айдас түгшүүр эмгэг хэлбэрээр биед минь илэрч байгаа учраас эрүүл мэндийн шалтгааны улмаас тоглолтоо цуцалсан. Хүний амьдралын хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд гэдгийг ойлгож байна. Аз жаргалаа хадгалж, эрүүл мэнддээ анхаарахын тулд өөртөө цаг гаргахаар шийдсэн юм. Намайг үргэлж дэмждэг шүтэн бишрэгчиддээ баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, хамгийн шилдэг нь байхын тулд уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлах шаардлагатай байгааг минь ойлгоорой.

 

-Таны анхны тайз дуучин Бритни Спирсийн концерт байсан. Тэр үед хэдэн настай байсан бэ?

 

-11 эсвэл 12-той байсан санагдаж байна. Концертод оролцохоор Техасаас Далласыг зорьж ирж байлаа. Миний худалдаж авсан анхны CD Бритнийгийнх байсан. Тэр цаг үеэс л Бритни Спирс гэдэг дуучин толгойноос минь салахаа больж, урлагт гүн гүнзгий татагдсан. Концертод оролцох хувь зохиол таарсан нь CD худалдаж авч өгсөн ээжтэй минь холбоотой гэж боддог.

 

-Та өмнө нь “Нэгэн хэвийн хайр” дууныхаа тухай ямар нэг тодорхой харилцааны тухай биш гэж хэлж байсан. Гэвч сонсогчид энэ дууг өөрийнхөө хайр дурлалын тухай дуулсан гэж боддог?

 

-Тийм ээ, би ойлгож байна. Тэгж бодохыг хүссэн хүнд бол үг, агуулга нь яг таарч байгаа байх. Гэхдээ энэ бол хүний амьдралын тойрог, цаг хугацааны эргэлт, сонголтын тухай дуу юм. Миний бодлоор сонголт гэдэг хийхэд хэцүү мэт боловч дараа нь бодоход сайхан зүйл. Би амьдралынхаа турш хийсэн бүх сонголтондоо хайртай. Амьдрал минь дардан байгаагүйд ч талархдаг. Учир нь гаргасан алдаа, буруу сонголтынхоо ачаар аливаа зүйлийг гүнзгий ойлгож, илүү ухаалаг болсон мэт санагддаг.

 

-“Викториа секрет”-ийн загварын шоунд оролцож ая дуугаа өргөсөн. Сахиусан тэнгэрүүдийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

-Миний ойлгосноор сайхан бүсгүйчүүдийг хараад өөртөө ямар дүгнэлт хийсэн бэ гэж асууж байх шиг байна. Үнэндээ тайзны ард байгаа хүн бүрт хурдхан гарч гүйгээд дасгал хийж, жингээ баримаар сэтгэгдэл төрдөг юм билээ. Миний хувьд өөрийнхөө хэчнээн намханыг тэр үед ойлгосон. Гэхдээ гутрах зүйл байхгүй харин ч хөгжилтэй байсан. Хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй хамт дуулж, бүжиглээд сайхан байсан.

 

-Та ч гэсэн үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ. Өсвөр үеийнхэнд үлгэр дууриалал болсон дуучны амьдралын хэвшил ямар байдаг вэ?

 

-Ерөнхийдөө 22 цагаас өмнө унтахыг хичээдэг. Гэхдээ найзуудтайгаа гадуур гараад дүрмээ мөрдөж чадахгүй байх үе цөөнгүй бий. Өглөө босоод дасгалаа хийж, нүүрээ чийгшүүлдэг. Тослог арьстай учраас янз бүрийн тос түрхэхээс илүү арьсаа чийгшүүлэх дуртай.

 

-Охидын хувьд арьсны эмзэгшил гэдэг үнэхээр том асуудал. Хэрэв зураг авалт эсвэл арга хэмжээнд оролцохоос өмнө нүүрэн дээр тань батга гарчихвал хэрхэн хүлээж авах вэ?

 

-Зураг авалтад оролцохоос өмнө бол асуудал биш. Учир нь будалт хийгээд эсвэл фотошоп гэдэг гайхалтай зүйлээр өөгүй мэт янзалчихна. Харин арга хэмжээнд оролцохоос өмнө бол хэчнээн санаа зовоод ч нэмэргүй учраас болох ёстой зүйл болж дээ гэж бодоод л тайван байна.

 

-Та өөрийн инстаграм хуудастаа дуу бичлэгийн студид байгаа зургаа байршуулсан байсан. Шинэ цомог гаргаж шүтэн бишрэгчдээ баярлуулах гэж байгаа юм уу?

 

-Хичээж л байна. Аялан тоглолтын дундуур шинэ уран бүтээл дээрээ ажилласан. Яг баттай биш учраас дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Энэ жилдээ багтаад сонсогчдодоо урьд өмнөхөөсөө илүү шинэлэг зүйл хүргэхийг зорьж байгаа учраас төлөвлөсөн ажил минь амжилттай болоосой гэж хүсч байна.

 

-Таны тоглосон “In Dubious Battle” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Кинон дээр хүүхэд төрүүлж буйгаар гардаг. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

 

-Ээж маань дүүг төрүүлж байхад би хажууд нь байсан юм. Тийм болохоор бага сага зүйл санаж байсан. Ямар ч байсан бүх хүчээ шавхан байж орилох ёстой гэдгийг ойлгосон. Зураг авалтын үед олон хүн тойрж зогсчихоод, ганцхан намайг ажиглаад үнэхээр эвгүй байсан.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)