Аливаа суурьшмал улс орнууд хөгжлийнхээ бүхий л түүхэнд хот байгуулж, хөгжүүлж байж хөгжил дэвшлийнхээ замд эргэлт буцалтгүй орсоор ирсэн жамтай. Түүхэн үүднээс аваад үзсэн ч хотыг хөгжүүлсэн улс орнууд л хүний түүхэнд манлайлж иржээ. Орчин үеийн соёл иргэншил /цивилизация/ хэдийд үүссэн тухай асуудлыг аваад үзсэн ч хүн төрөлхтөн суурьшиж, хотууд үүсч эхэлсэн тэр үетэй холбогддог билээ.
Домгийн хот Атлантида, эртний соёл иргэншилт Хоёр мөрний улсууд, Мисир, Энэтхэг, Хятад, Грекээс эхлээд мөнхийн хот Ром, Маяа, Ацтек гээд хүний нийгмийн түүхэнд ул мөрөө гүн гүнзгий үлдээсэн болон одоо ч цэцэглэн хөгжсөөр байгаа улс, хотууд олон.
Ер нь ямар ч улс орны хөгжлийн нүүр царай нь улсын хэмжээний томоохон хотууд тухайн улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж байгаа үр нөлөө, эрх зүйн байдал, хүн амын төвлөрлөөс нь шалтгаалдаг байна. Үүнийг батлах нэгэн үйл явдал өнгөрсөн онд ОХУ-д болсон.
Оросын II Александр хаан хамжлагат ёсыг халж, хотуудад статусыг нь олгосон үйл явдлын 150 жилийн ой л доо тэр нь. Тэр үеийн Орос улсад хот гэж байхгүй губерн буюу мужийн зохион байгуулалттай байж. Үүнийг өөрчлөхдөө жишээ нь, Москва губерний Москва хот гэсэн байдлаар зохицуулсан байна. Ингэснээр Орос улсад хотууд жам ёсоороо цэцэглэн хөгжиж өнөөгийн хөгжлийн эх суурь нь тавигдсан юм гэдэг. Тэгвэл Монгол улс энэхүү жам ёсны хөгжлийн хаана нь явна вэ. Нэг талаар бүр хоцорчихсон явна бус уу. Хот гэдэг хүн ам олноор төвлөрч, хамтдаа бүтээж, харилцан шүтэлцээтэй амьдрахын нэр ч гэж болно.
Монгол улсад Дархан, Эрдэнэт гээд энэ шаардлагад нийцэх хотууд цөөнгүй ч статусаа алдаад удаж байна. Иймээс Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байх тэр үед бас нэгэн шинэ нэмэлт өөрчлөлтийг хийхийг санал болгон хэсэг гишүүд өргөн барьсан. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулах , хэлэлцэн батлах явцад Эрдэнэт, Дархан хотуудыг аймагтай адилтгах статустай болгосон шийдвэрийг цуцлан хуулиас тухайн заалтыг авч хотын статусыг нэмж тусгах зохих ёсны шаардлага гарч байгаатай холбоотой гэдэг мэдээж билээ. Зөвхөн Эрдэнэт, Дархан төдийгүй бусад томоохон хот суурингууд ч Үндсэн хууль ёсоор аймаг, сум, багийн зохион байгуулалттай болон жижгэрсэн билээ. Зарим нь аймаг эсвэл сумын харьяалалтай орон нутгийн хотын статустай болж бүр ч жижгэрсэн. Тиймээс томоохон суурин хот байсан, эсвэл шинээр зохион байгуулагдаж суурьшил үүссэн аймаг, сум, багууд хотын статусаа сэргээх, шинээр хотын статус авах хүсэлтээ УИХ болон Засгийн газарт гаргасаар иржээ. Энэ шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр УИХ-ын зарим гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан хэрэг.
Энэхүү хуулийн төсөлд зөвхөн Улаанбаатарыг хотын статустай үлдээж, аймгийн төвүүдийг сум болгон жижигрүүлсэн Үндсэн хуулийн заалтыг ч өөрчлөхөөр тусгасан. Ер нь Монгол улсад 1991 оны шинэ Үндсэн хуулийг батлах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, тус хуулинд заавал нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага урган гараад байгаа. Тиймээс ч УИХ-ын 15 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Гэхдээ эдгээр гишүүдийнхээс дээрх төсөл нь өөр. Уг төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэртэй холбоотой асуудал хөндөгдөж байгаагаараа өөр хэрэг юм. Харин 15 гишүүний төслийн хувьд 2000 оны Үндсэн хуульд оруулсан дордуулсан гээд байдаг заалтуудыг өөрчлөх зорилготой. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээр ч хамтад нь хэлэлцүүлсэн. Төсөлд дурдсанаар 50 мянгаас дээш хүн амтай суурин газрыг хот гэдэг утгаар нь авч үзвэл Дархан, Эрдэнэт нь улсын чанартай хот болох ба 20-30 мянган хүн амтай Хархорин, Говьсүмбэр, Бор-Өндөр, Зүүнхараа, Замын-Үүд зэрэг нь бүсийн эсвэл орон нутгийн чанартай хотын хэмжээнд байж болно гэж үзэж байгаа юм. Хуучин хот байсан Эрдэнэт, Дархан, Чойр, Бор-Өндөр нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу засаг захиргааны шинэ нэгжид “аймаг, сум, баг” харьяалагдаад 19 жилийн нүүр үзсэн ба энэ хугацаанд давуу талыг олохоосоо илүүтэй алдсан нь их ээ. Мөн Улаанбаатараас өөр хотуудад статусыг нь олгох энэхүү зорилго тун удахгүй өрнөж эхлэх Монгол улсын хөгжлийн шинэ бүтээн байгуулалтын ажлуудтай ч уялдаж байгаа юм.
Шинээр уул уурхайн байгуулалт өрнүүлж байгаа Ханбогд, Цогтцэцийд тухайлбал тун удахгүй дор хаяж 20-30 мянган хүн төвлөрөн суурьших болно. Тэгэхээр тэнд хот байгуулагдаж таарна. Үүнээс гадна Сайншандад уул уурхайн болон хүнд үйлдвэрлэлийн төв байгуулагдаж 300-400 мянган хүн ам суурьшсан хот бий болгох асуудал яригдсаар буй. Энэ үүднээс авч үзвэл энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй шаардлага болоод байгааг тун ядах юмгүй тогтоочихож болохоор байна. Гэхдээ хотын статустай болгох үндэслэлээс эхлээд үр дүн нь юу байх болон Үндсэн хуульд Улаанбаатараас өөр хотуудыг аймаг болгосон асуудлыг хамгийн түрүүнд авч үзэж тайлбарлах ёстой.
Хотуудыг аймаг болгосон хурлыг нэлээд маапаан дагасан нь баримтаар нотлогддог. 1990-1992 онд тухайн үеийн АИХ-аас Монгол улсын шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлан гаргасан билээ. Энэ хурлаар хуучин байсан улсын чанартай зарим хотуудыг аймаг болгосон. Ингэхдээ зарим аймгаас АИХ-д сонгогдож ирсэн төлөөлөгчдийн үгээр Монгол улс Улаанбаатараас өөр хотгүй болгосон нь харамсалтай байдаг. Тухайн үед Үндсэн хуульд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн заалтуудыг батлах үеэр асуулт хариулт нь ч хуулийн шаардлага биелүүлэх хэмжээнд хүрээгүй дульхан болж өнгөрсөн нь АИХ-ын 1991 оны 12 дугаар сарын 18-ны хурлын протоколоос харахад тодорхой байгаа юм. Тиймээс эдүгээ зохих шаардлагыг хангах асуудалд анхаарал тавьж хууль тогтоох байгууллагаас уг алдаагаа засах ёстой гэж үзэж байгаа юм. Энэ асуудлыг эдүгээ нэг мөр болгон шийдвэрлэх нь сүүлийн жилүүдэд анхаарал татсаар ирсэн ч өдийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа Монгол Улсын засаг захиргааны шинэчлэлтийн асуудлыг ч нэг тийш болгоход ч тустай билээ.
Асуудлыг зөвхөн Эрдэнэт, Дархан хотуудад ч хамааруулж авч үзэх биш харин ч нэлээд өргөн хүрээнд авч үзэх шаардлага байгааг дээр хэлсэн. Тиймээс жишээ татаж болох юм. Өгүүлж буй хоёр аймгийн тухайд Дархан сум 100 гаруй мянган хүн амтай бол Орхоны Баян-Өндөр сум 90 гаруй мянган оршин суугчтай байна. Тэгвэл эдгээрээс гадна 10 мянгаас дээш хүн амтай Чойр, Зүүнхараа, Хархорин, Замын-Үүд нь сумын статустай. Түүгээр ч тогтохгүй Хэнтий аймгийн нутагт орших Бор-Өндөр нь засаг захиргааны нэгжийн хувьд Дархан сумын 5 дугаар баг. Бор-Өндөр нь хайлуур жоншны уулын баяжуулах үйлдвэр, махны үйлдвэртэй, төмөр зам болон төвийн цахилгаан сүлжээнд холбогдсон, орон нутгийн хотын статустай 30 мянган хүн амтай. Харин Дархан сумын нөгөө дөрвөн баг нь нийлээд 1800 орчим хүн амтай ихэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид буюу малчид.
1991 оноос өмнө Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс ч том шахуу Хатгал хот гэж байсан нь шинэ хуваарилалтаар Алаг-Эрдэнэ сумын нэг баг болоод эдүгээ мартагдсан буйд нэгэн гацаа шиг л болчихсон байна. Эндээс олон зөрчил, завсардал үүсдэг ба хамгийн гол нь энэ заримдаг статус нь хот түүний хөгжил, хотжих үйл явцыг хааж улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, оролцоог бууруулах үндсэн шалтгаан болж ирсэн юм.
Энд нэг жишээ дурдахад, УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу 2002 онд Орхон аймгийг Булган аймагтай нэгтгэх талаар санал асуулга явуулахад түүнд оролцогсдын 80.7 хувь нь нэгдэх буруу гээд зогсохгүй 76.6 хувь нь Эрдэнэтийг бие даасан улсын чанартай хотын статустай болгон хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Эдгээрийн хот гэдгийг батлах бас нэг шалгуур нь сүүлийн хэдэн жил шилжигсэд олноор ирэх болсон явдал. Энэхүү хүн амын төвлөрлөөс улбаатай хотуудын ерөнхий төлөвлөгөө алдагдах, байгаль орчин бохирдох, газар эзэмших, ашиглах, өмчлөх харилцаанд зөрчил, доголдол үүсэхээс эхлээд олон тооны хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд статусыг сэргээж, холбогдох эрх зүйн орчинг сайэруулах нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Шинээр бүтээн байгуулалт хийгдэх Өмнөговьд гэхэд л тун удахгүй 30 мянгаас дээш хүн амтай хотууд бий болох нь ойлгомжтой болсон. Одоогийн засаг захиргааны хуваариар бол тэд бас л нэг сум болон хувирч бусад сумд шиг ямар ч хөгжил дэвшил байхгүй газар болох нь. Мөн энэхүү жижигрүүлсэн засаг захиргааны хуваарь нь төсөв мөнгөний зарцуулалтаас эхлээд олон зүйл дээр томоохон хот суурингуудад хүндрэл үүсгэж байгаа юм. Дархан, Эрдэнэтийн нэг багт гэхэд 5000-9000 хүн харьяалагдаж байгаа нь төсөв мөнгө, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс авахуулаад хүндрэл учруулдаг ажээ. Аймгийн захиргаа, тэгээд сумын захиргаа гээд нэг хотод хоёр ч захиргааны байгууллага байх болсон. Гэхдээ 1000-2000 хүнтэй сумын захиргаанаас 100-аад мянгаас 10 гаруй мянган хүнтэй хотыг харьяалах сумын захиргаа хэр их ачаалал үүрдэгийг тоож, тооцож үзэх нь зүйд нийцнэ. 20-30 багийн хүн амтай тэнцэх иргэдтэй Дархан, Эрдэнэтийн багийн засаг дарга нар ямар ачаалал дунд ажилладаг байх нь вэ гэдгийг бодоод үзэхэд асуудал юунд байгааг түвэггүй ойлгож болох нь эндээс харагдаж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ бидний өргөн барьсан төслийг хойшлуулалгүй авч үзэн шийдэх нь зүйтэй. Хүний нийгмийн эрс шинэчлэлт, хөгжлийн түүхийг хотжилт бичиж ирсэнийг бүү мартая.
Unen.mn сайт нийтлэлч О.Ганхуяг