Т.Номуунзул: Сильваг санамсаргүй сонгосон ч олимпод Д.Сумъяатай таарсан нь сонин

 

         Цаг үеэ мэдэрч уран бүтээлийнхээ гол дүр, сэдвийг сонгосон зохиолч, продюсер Т.Номуунзул, найруулагч Ж.Сэнгэдорж нарын “Цагаан хадаг” кино хэдхэн хоногийн дараа үзэгчдэд хүрнэ. Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяагийн амьдрал, их спортын нэгээхэн хэсгийг кинонд уран сайхнаар үзүүлжээ. Киноны зохиолч, продюсер Төрмөнхийн Номуунзултай ярилцсанаа хүргэе.

 

-Спортын сэдэвтэй кино бүтээх зорилгоо та биелүүллээ. Одоо кино шүүмжлэгч, үзэгчдийн сэтгэгдлийг сонсох үлджээ дээ?

 

-Кино зохиолоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж бичсэн. Түүнээс өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяатай хэд хэдэн удаа уулзсан. Би зохиолч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын эрхлэн гаргадаг байсан “Өчигдөр” сонинд сурвалжлагчаар ажилладаг байсан учраас хүнээс ярилцлага авах суурь мэдлэгтэй. Түүндээ үндэслэн зохиол бичих хугацаандаа Д.Сумъяатай ярилцаж, судалгаа хийсэн. Өмнө нь жүдо бөхийн талаар мэдлэггүй байсан учраас “Хугараагүй ноён нуруу” нэртэй Японы жүдочны өөрийнхөө амьдралын талаар бичсэн номыг авч уншсан юм. Түүнээс гадна Монголын жүдо бөхийн холбооныхонтой уулзаж судалгаа хийсэн. Энэ хугацаанд тамирчны сэтгэлзүйн талаар маш сайн судлах шаардлагатайг ойлгосон. Гэмтэж бэртэх, ялагдах болгонд тамирчны сэтгэлзүйд их нөлөөлдөг юм билээ. Тэр үед тамирчин хүн сэтгэлээр унахгүй байвал цаашдын амжилтад эерэгээр нөлөөлдгийг ойлгосон. Үүнд үндэслэн Д.Сумъяагийн бага наснаас нь эхлэн зохиолоо бичсэн. Тамирчны сэтгэлийн хатыг харуулахын тулд уран сайхны хэтрүүлгийг ч оруулсан. Кино зохиолын эхний хувилбарыг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан. Дараа нь кино компанийнхан уншиж, найруулагчид үзүүлээд нэлээд засвар оруулсан.

 

-Таны бичсэн кино зохиолын анхны хувилбарыг найруулагч Ж.Сэнгэдорж өөрчилсөн үү?

 

-Гол шугамыг нь алдуулаагүй ч нэлээд өөрчилсөн шүү. Найруулагчийн шийдэл гэдэг утгаараа янз бүрийн нугалаа, уналт оруулсан. Киногоо бид арилжааны гэхээсээ илүү бүтээл тал руугаа хийсэн учраас найруулагч сонгохдоо их анхаарсан. Тиймээс ч Ж.Сэнгэдорж найруулагчийг сонгосон. Гол нь Ж.Сэнгэдорж найруулагч бодит хүний амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” киног хийчихсэн байсан нь их нөлөөлсөн юм. 90 саяын Гансүхийг найруулагч өөр өнцгөөс харуулж чадсан.

 

-Гавьяат тамирчин Д.Сумъяаг олимпоос медаль аваагүй байхад эхлүүлсэн бүтээлийн зарим хэсгийн зураг авалт Риогийн үеийнхтэй адил байсан нь их бэлгэшээлтэй юм?

 

-Хүмүүс “Юм үзэж хардаг уу” гэж асуух л шахаж байна. Ер нь жүдочны талаар кино хийх тухайгаа хүмүүст хэлэхэд гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа нарын амьдралаас сэдэвлэн хийвэл ямар вэ гэж санал тавьж байсан. Үүний дагуу тэдний талаар өнгөцхөн судалгаа хийхэд Д.Сумъяагийн амьдрал надад сонирхолтой санагдсан хэрэг. Түүний амьдралын талаар асуухаар уулзахдаа эрч хүчийг нь мэдэрч байлаа. Бас тамирчин хүнд байх ёстой шантардаггүй зан чанартай гэдэг нь ярианаас нь мэдрэгдсэн. Тамирчнаа олимпод оролцоход нь медалийн тавцанд зогсоосой гэж бид үнэхээр хүссэн. Гэхдээ түүнээс өмнө киноны зураг авалтаа эхлүүлчихсэн байсан. Дээр нь олимпын үеэр Д.Сумъяагийн жинд барилдах дэлхийн хүчтэй бөхчүүдээс сонгож зураг тавихад барилдсан жүдочид таарсан нь их сонин санагдаж байлаа. Д.Сумъяа Мацүмотог хүчтэй өрсөлдөгч гэж боддог тухайгаа ярьж байсан. Харин Сильваг санаандгүй байдлаар сонгоход таарсан юм.

 

-Риогоос ирснийхээ дараа Д.Сумъяа киногоо үзсэн үү? ­

 

-Нээлтийн үеэр киногоо үзүүлбэл сонин байх болов уу гэж бодсон. Риогоос ирснийхээ дараа “Яагаад намайг киноны гол дүрийн эзнээр сонгосон юм бэ” гэж гайхаад асууж байсан. Зарим барилдааны бичлэг бодит амьдрал дээр таараад танил дүр зураг шиг санагдсан болохоор биднээс тэгж асуусан байх л даа.

 

-“Цагаан хадаг” гэдэг нэр киноны үйл явдалтай хэрхэн уялдаж байгаа вэ?

 

-Сайн сайхан зүйлийг бэлгэдэж, дээр нь цагаан хадгийг хүн ээждээ барьдаг шүү дээ. Тиймээс тамирчнаа амжилт гаргаад ирэхэд нь ээж нь цагаан хадагтай угтаж аваасай гэж бэлгэшээж энэ нэрийг өгсөн. Түүнээс биш цагаан хадагтай холбоотой үзэгдэл кинонд гардаггүй.

 

-Киногоо дэлгэцэд гаргахаас өмнө шүүмжлэгчдэд үзүүлэх бодол бий юү? ­

 

-Үүнийг найруулагч шийдэх байх. Ер нь Ж.Сэнгэдорж найруулагч киногоо гаргахаас өмнө шүүмжлэгчдэд үзүүлдэг .

 

-Монголын кино урлагийн түүхэнд өөрийн орон зайг бий болгосон найруулагч Д.Төрмөнх таны аав. Кино зохиол бичихдээ ааваасаа хэр их зөвлөгөө авсан бэ? ­

 

-Кино зохиол бичиж эхлэхийн өмнө бид хоёр нэлээд удаан ярилцсан. Аав “Кино зохиолчдын библи”­ийг бичсэний хувьд үйл явдлыг хэрхэн өрнүүлэх талаар зөвлөгөө өгсөн юм. Зохиолоо бичиж дууссаны дараа хамгийн түрүүнд аавд уншуулахад юу ч хэлээгүй болохоор “Болчихсон юм байна даа” гэж бодсон.

 

-“Цагаан хадаг”-ийн нээлтийн үеэр жүдочид ирэх үү?

 

-Монголын жүдогийн шигшээ багийнхан киноны нээлтэд оролцоно. Учир нь, тэд киноны зураг авалтад оролцож тусалсан. Гол дүрийн жүжигчнийг бэлтгэл хийлгэхэд жүдочид маш их тусалж дэмжсэн. Киноны нээлтийг гурван театрт зэрэг хийнэ.

 

-Одоо эргээд харахад гол дүрийн жүжигчний сонголтдоо хэр сэтгэл хангалуун байна вэ?

 

-Гол дүрийн жүжигчнээ зөв сонгосон. Жүжигчин хүн тамирчны дүрийг бүтээх амар ажил биш. Жүдо бол хамгийн түрүүнд унаж сурдаг спортын төрөл. Жүдогоор анхлан сурагчид бэлтгэл сургуулилтынхаа үеэр маш олон удаа шидүүлдэг юм билээ. Унахдаа биеэ суллахгүй бол бэртэх эрсдэлтэй. Тиймээс дасгалжуулагчид хамгийн түрүүнд биеэ хэрхэн суллахыг заадаг. Манай гол дүрийн жүжигчин ч гэсэн бэлтгэлийн үеэр тамирчин шиг л шидүүлж байлаа. Бэлтгэл дээр хөлөө гэмтээж, зураг авалтын үеэр мөрөө бэртээсэн. Ер нь гол дүрийн жүжигчин маань их тэсвэр тэвчээртэй байсан даа. Жүдочид татамигаа маш их хайрладаг. Өсвөр насны жүдочид татамигаа мөлхөж угаадаг. Жүдочид ч гэлтгүй энгийн хүн ч татамид гуталтай гарах ёсгүй. Энэ утгаараа жүдогийн тамирчид дэг журамтай, нэг нэгнээ их хүндэлдэг юм шиг санагдсан. Үүнийг ч манай гол дүр илэрхийлж чадсан гэж бодож байна.

 

-Уран бүтээлчид нэг зүйл хийж яваад шинэ санаа олдог. Энэ киног хийх явцдаа зохиол бичсэн үү?

 

-Нэг зохиол бичээд дуусч байгаа. Киноны зураг авалтын үеэр санаанд орж ирсэн зүйлийг нэлээд удаан бодож байгаад эхлүүлсэн. Би зохиолыг эхлээд дотроо ургуулан боддог. Яг зураг зурж байгаа юм шиг эхлээд бодож дуусгадаг. Үүний дараа л зохиолоо бичихгүй бол гацчих гээд байдаг юм. Энэ зохиолд нэг дуучны амьдралын талаар өгүүлнэ. Гэхдээ бодит хүн биш. Түүнээс гадна аав бид хоёрт нэг санал орж ирсэн. Сэдвийг нь харин нууцалъя.

 

-Уран бүтээлийн сэдвээс хазайгаад таны талаар асуумаар байна. Та хэр сайн зохиолч вэ?

 

-Ер нь бол би зохиолч биш л дээ. Багаасаа л энэ салбарт дурласан хүн. 15 настайгаасаа сонинд сэтгүүлч хийдэг байсан ч эдийн засагч мэргэжилтэй болсон. Мэргэжлийнхээ дагуу уул уурхайн компанид нэлээд удаан ажиллаж байгаад сүүлийн гурван жил хүслээрээ киноны салбар руу орж байна. Дээр нь урлагийн продюсерыг хөгжүүлье гэж бодсон. Энэ бодлоороо “Цонхон дээр суусан ялаа” цомгийг продюсерлосон. Харин “Цагаан хадаг” миний продюсероор ажилласан гурав дахь кино болж байна.

 

-Та урлагийн аль чиглэлийг түлхүү судалдаг вэ?

 

-Тэрийг илүү судалдаг гэж хэлж чадахгүй. Амьд хөгжим сонсох дуртай. Уран зураг сонирхдог. Манай өвөө эмээ, аав, аавын дүү нар зураач байсан нь үүнд нөлөөлсөн байх. Би ном унших дуртай. Цахим хэлбэрээр ном унших амтгүй санагддаг учраас зөвхөн цаасан ном уншихыг илүүд үздэг. Ер нь ном их унших тусам бичиж байгаа зүйл дотроос ундардаг гэж боддог.

 

-Ярилцсанд баярлалаа. Эцэст нь таны зохиолыг нь бичсэн киног үзэхээр хүлээж байгаа хүмүүст хандаж юу хэлмээр байна?

 

-Их спорт гэдэг утгаараа жүдогийн тухай Монголын анхны кино боллоо. Энэ киног хийсэн шалтгаан нь залуучуудад нэг зүйлд дурлаж, золиос гаргаснаараа үр дүнд хүрэх боломжтойг харуулахыг зорьсон. Хичээж, зүтгэж чадах л юм бол хэн ч амжилтад хүрнэ гэдгийг ойлгуулахыг хүссэн юм. Тиймээс миний бүтээлийг ирж үзээрэй. Та ч гэсэн хүссэн амжилтдаа хүрч чадна шүү гэж хэлье.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Irgen (89.24.97.71)

    2016-09-25

    Saihan yariltslaga boljee. Elite gej eniig l heldeg baih.

  • G (75.83.137.132)

    2016-09-25

    -Үүнийг найруулагч шийдэх байх. Ер нь Ж.Сэнгэдорж найруулагч киногоо гаргахаас өмнөшүүмжлэгчдэд үзүүлдэг . ( ene ih saihan sanagdlaa)