О.Самбуудорж: Өнөө цаг үед хос бичигтэн байх нь хамгийн зөв шийдэл

        ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор, профессор О. Самбуудоржтой хөөрөлдлөө.

 

-Монгол хэл бичгийн судлаач, эрдэмтэнтэй уулзаж байгаагийнх монгол хэлний тухай, монгол хэл бичгийг сурч судлахын ач холбогдлын тухай эхлээд асууя?

 

-Монгол хэл хүн төрөлхтний өвөг хэлний нэг гэж болно. Хүн төрөлхтнийг анх дохио зангаанд суурилсан цөөн үгийн сан, хэлзүйн байгуулалттай хэлтэй болсон гэдэг. Мөн хүн анх хэлтэй болохдоо юмыг гаргах авиа, дүрс хэлбэрээр нь давтаж, дуурайж хэлдэг байсан гэдэг. Тухайлбал, монгол хэлний “цацах”, “царцаа” гэх мэт үгс эртний хүмүүсийн танин мэдэхүйн тусгал болж юмыг гаргах авиагаар нь бэлгэдэн нэрлэсэн шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, ийм үгс өвөг хэлний илрэл, түүний баримт болж байдаг. Улмаар хүн төрөлхтөн аж төрөх аргаа боловсронгуй болгохын хэрээр сэтгэх чадвар нь улам хөгжиж нэлээд хожуу үед бичгийн хэлтэй болсон байдаг. Зарим ард түмэн нийгэм, улс төрийн шалтгаанаар ийм амжилтад хүрч чадаагүй байдаг. Тэгэхээр монголчууд эртнээс уламжилж ирсэн өнөө цагт орчин үеийн нийгэм, шинжлэх ухааны бүхий л мэдлэг ойлголтыг тэмдэглэдэг бичгийн хэлтэй болсон ард түмэн гэж болно. Эх хэлээ сурах, хэлд орох гэдэг хүнд байгалиас өгсөн заяамал зүйл гэдэг. Иймд хүн хэлд орохдоо заяамал чадвараа ашиглан эх эцгийн хэлж ярихыг дагаж хэлсээр эх хэлнийхээ хэлзүйн байгуулал, үгийн санг сурч авдаг байна. Гагцхүү хүн төрөлхтний туулсан цаг хугацааны түүх, соёлын амьдралаас шалтгаалж хэл хэлний хэлзүйн байгуулал, үгийн сангийн илрэх хэлбэр өөр өөр байж болдог. Иймд өөрийн мэдлэг, соёл, түүхийн өв болсон эх хэлээ сурч, судалж байх нь монглчууд бидний эрхэм үүрэг. Ингэснээр бид орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг бүтээлчээр эзэмшиж улс орноо хөгжүүлэхэд ч тус болж чадна.

 

-Хэл зохиолын хүрээлэн нь эрдэм шинжилгээний, бас нийгмийн ухааны салбар байгууллага болохын хувьд бүх нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж боддог. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?

 

- Хэл зохиолын хүрээлэн хэл шинжлэл, сурвалж бичиг, аман зохиол, ардын билиг, орчин үеийн утга зохиол судлал зэрэг олон салбарыг хамарсан өргөн судалгаа хийдэг. Салбар бүхэн өөр өөрийн үүрэг, судалгааны чиглэлтэй байдаг. Шинжлэх ухааныг нийгэм, байгалийн ухааны чиглэл гэж хоёр бүлэгт хувааж ойлгох юм бол Хэл зохиолын хүрээлэнгийн зарим салбарын судалгаа нийгмийн ухаантай, зарим нь байгалийн ухааны судлалтай илүү ойр байдаг. Хэл шинжлэл бол томьёолол, тоног төхөөрөмжид суурилсан туршилт судалгааг их шаардаж байдаг учир зарим эрдэмтэн тухайн салбарын судалгааг байгалийн шинжлэх ухаанд илүү ойр гэдэг. Хэл шинжлэлийн бүтээлийг загвар бүтцийг нь хараад юуны тухай судалсан, юу ярьж байгаа зэргийг ойлгож болдог. Хэл зохиолын хүрээлэнг 1921 онд анх Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасаг нэртэй байгуулсан. Тэр үеэс ард түмнээ соён гэгээрүүлэх, бүх нийтийг бичиг үсэгт сургах, шинжлэх ухааны нэр томьёог боловсруулах талаар ихээхэн ажлыг хийж ирсэн байдаг. Иймд ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол Улсад бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад их хувь нэмэр оруулсныг үнэлж, тус хүрээлэнг 1971 онд ЮНЕСКО алтан медалиар шагнасан байдаг. Ер нь тус хүрээлэнд ажиллаж байсан үе үеийн эрдэмтэд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Өнөө цагт ажиллаж байгаа бид ч ахмад үеийнхээ уламжлалыг таслахгүйг хичээх ёстой. Мэдээж энэ ажлыг нэр төртэй үргэлжлүүлэхэд бидний зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, эрдэм шинжилгээний залуу ажилтнуудыг хэр бэлтгэж байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарах билээ. Харамсалтай нь, өнөө цагт ажлын ачаалал, цалин мөнгө зэргээс шалтгаалж залуу үе судалгаа шинжилгээний ажилд зүрх сэтгэлээ зориулах нь багасч байна. Нөгөө талаар тухайн салбарт ажиллах ажилтнуудын орон тоо цөөн байна. Иймд нэг ажилтан өөр өөр олон чиглэлийн судалгаанд хүч цагаа зориулж байна. Цаашид манай хүрээлэн онолын суурь судалгаанаас гадна өнөөгийн нийгмийн өөрчлөлт, шинжлэх ухаан, технологийн хувьсал хөгжил, даяаршлын давалгаатай холбоотойгоор нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх талаар нэлээд чармайлт гаргаж ажиллах ёстой гэж бодож байна.

 

-Танай хүрээлэн төр, засагтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

 

- Өмнө хэлснээр бид сүүлийн үед онолын суурь судалгааны зэрэгцээ, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх талаар төр засагтайгаа олон зүйл дээр хамтарч ажиллаж байна. Үүнээс хийсэн хамгийн том ажил гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр “Монгол хэлний цахим их тайлбар толь”-ийг өнгөрсөн онд боловсруулж дуусгаад нийтийн хүртээл болгов. Тухайн толийг улам дэлгэрүүлэх, алдаа оноог засах талаар хэн ч оролцож болно. Хамгийн гол зүйл бол хүн бүхэн өөртөө хэрэгтэй зүйлийг уг толиос латин юмуу кирилл үсгээр бичиж сүлжээнд ороод ашиглах боломжтой. Мөн түүнчлэн манай хүрээлэн сүүлийн үед төрийн албанд ажиллах ажилтнуудын эх хэлний боловсролыг дээшлүүлэхийн тулд тэднээс шалгалт авах монгол хэлний сорил, монгол хэлээ сурч эзэмших сурах бичгийг бэлэн болгоод байна.

 

-Нийтийн эх хэлний боловсрол муудсан. Монгол хэл мөхлөө, харийн хэл соёлын нөлөө хэт их болж байна гэсэн хандлага нийгэмд бий. Үүнийг мэргэжилтний хувьд та юу гэж үзэж байна вэ?

 

-Монголын нийгмийн өөрчлөлт, шинжлэх ухаан, технологийн орчин үеийн хөгжил дэвшилтэй холбоотой монгол хэлний үгийн сан ихээхэн хувьсан өөрчлөгдөж байна. Ийм үзэгдэл монгол хэлэнд зөвхөн өнөө цагт бус XIII, XVI-XVII зууны үе, түүнчлэн ХХ зууны үед ч байсан. Ийм өөрчлөлт монгол хэлний хэлзүй, зөв бичих дүрэм, үгийн сангийн хэм хэмжээг дагаж нийгмийн хөгжил дэвшил, ард түмний мэдлэг боловсролд сайнаар нөлөөлж байгаа бол бид сайн зүйл гэж хүлээн авах ёстой. Хэрэв тийм бус харь хэлний үгээр чамирхаж, харийн соёлыг мухраар шүтэж, өөрийн хэлэндээ хүчээр тулган хэрэглэх гэж байгаа бол бид буруу зүйл гэж үзэх ёстой.

 

- Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгууллаа. Цаашид ямар үүрэгтэй, хэрхэн ажиллах юм бол?

 

-Нэр томьёо бол тухайн улсын шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн бодит илрэл болж байдаг. Нэр томьёо нь тогтолцоотой, нэг утгатай, товч, ойролцоо утгагүй, хэлний хэмжээг баримталсан байвал сайн юм. Ер нь монголчууд эрт цагаас нэр томьёог зохион боловсруулж ирсэн уламжлалтай. 1741- 1742 онд Монголын эрдэмтэд “Мэргэд гарахын орон” гэдэг нэр томьёоны толийг боловсруулсан бөгөөд энэ нь бурхны шашны болон бусад ухааны олон бүтээлийг дорно дахины хэлнүүдээс монгол хэлэнд орчуулахад ихээхэн ач холбогдолтой болсон байдаг. Монгол улс 1924 онд Улсын нэр томьёоны комиссыг 10 салбар зөвлөлтэй анх байгуулсан бөгөөд энэ комисс 1990 он хүртэл ажиллаж янз бүрийн салбар ухааны олон арван мянган нэр томьёог зохион боловсруулахад дэмжлэг үзүүлж, улмаар хэлэлцэн баталж нийтийн хүртээл болгоход ихээхэн анхаарч ажилласан байдаг. Иймд энэ зуунд шинээр зохион боловсруулсан олон салбар ухааны шинэ нэр томьёонууд Монгол Улсын хөгжил дэвшлийн бодит илрэл болж байдаг. Үүнийг бид дунд сургуулийн сурах бичгүүдээс эхлээд аль ч салбарын ойлголт ухагдахуунаас мэдэж болно. Гэтэл 1990 оноос тухайн комисс ажиллахаа больсон нь нэр томьёог буруу оноох, олон хувилбартай зохиох, нийтийн дунд төөрөгдөл үүсгэх нэг шалтгаан болоод байна. Иймд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс уламжлалыг сэргээж Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгуулж байгаа юм. Гэхдээ Улсын нэр томьёоны комисс шинэ нэр томьёог зохиох эрхийг өөртөө хүлээж байгаа биш, түүнийг зөв оноох, жигдлэх, боловсруулах, нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэлэлцэн батлах, нийтээрээ дагаж мөрдөхөд анхаарч ажиллах болно. Үүний үр дүнд нэг ойлголтыг өөр өөр үгээр нэрлэх, буруу нэршүүлэх, орчуулж хэрэглэж болох нэр томьёог шууд хэрэглэж байгаа зэрэг олон сөрөг зүйлээс зайлсхийж чадах юм.

 

-Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөлийг бүх аймаг, сум, дүүрэгт байгуулсан нь ямар ач холбогдолтой вэ?

 

-2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн “Монгол хэлний тухай хууль” эх хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон юм. Энэ хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн гишүүнтэй, мөн ажлын албаны даргатай ажилладаг. Зөвлөлийн гишүүд орон тооны бус ажилтнууд бөгөөд ажил үүргийн дагуу Зөвлөлийн даргыг БСШУС-ын сайд хашиж, гишүүд нь шинжлэх ухааны байгууллага болон их дээд сургуулийн холбогдох салбар, тэнхимийн эрхлэгчид байдаг. Тухайн зөвлөл Монгол хэлний тухай хуульд заасны дагуу монгол хэл, бичгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой судалгааны байгууллагаас боловсруулсан болон дүгнэлт гаргасан монгол болон кирилл бичгийн зөв бичих дүрэмтэй холбоотой асуудал, мөн шинэ нэр томьёо зэргийг хэлэлцэн батлах, нийтийн хүртээл болгох зэрэг хэд хэдэн үүрэгтэй ажилладаг. Иймд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөлийг аймаг, сум, дүүрэгт байгуулсан нь монгол хэлний зөв хэрэглээг бий болгоход ач холбогдолтой байгаа юм.

 

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын сүүлийн үед хийж буй судалгаа шинжилгээний ажлаас танилцуулна уу?

 

-Манай ахмад эрдэмтэд түүхэн хэл шинжлэлийн асуудлууд, тухайлбал, монгол хэлний үгийн бүтэц, үгийн гарал судлалаар томоохон бүтээл туурвиж байна. Харин дунд болон залуу үеийн судлаачид монгол хэлний хэлзүйн байгуулал, танихуйн хэл шинжлэл, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт амжилтад тулгуурласан авиа зүйн туршилт, цахим хэл шинжлэлийн судалгаа зэрэгт нэлээд анхааран ажиллаж байгаа.

 

-Эрдэмтэд монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулах тухай байсхийгээд л хөнддөг. Эрдэмтдийн зохиосон өөр өөр дүрэм, хорь гаруй төрлийн толь бичиг, тайлбар ном гарсан байх юм. Нэг тогтсон дүрэмтэй байж болдоггүй юм уу?

 

-Монгол хэлний кирилл үсгийн зөв бичих дүрмийг засан сайжруулах эсвэл шинээр дүрэм зохиох ёстой гэсэн санал судлаачид болоод иргэдийн дунд үе үе гарч байдаг. Тийм яриа байдаг ч бид нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн зохион боловсруулсан хамгийн сүүлд 1983 онд хэвлүүлсэн “Монгол хэлний үсгийн дүрэм”- ийг бүх нийтээрээ даган мөрдөж байгаа. Монгол хэлний зөв бичих дүрэм байнга өөрчлөгдөж байгаа гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь тухайн дүрмээ хүн бүр нэг удаа ч гэсэн сайн уншиж үсгийнхээ дүрмийн дагуу бичиж сурах ёстой байгаа юм.

 

-Бид эх хэлээ зөв хэрэглэж сурахын тулд юуг анхаарах ёстой вэ?

 

-Мэдээж хүн бүхэн аав ээжээсээ сурсан монгол хэлээрээ зөв ярьж, бичиж сурах нь чухал. Үүний тулд хүн бүхэн эх хэлээ сурч эзэмших, хайрлаж хамгаалах ухамсартай байж сургуульд заасан хөтөлбөрийн дагуу сурах ёстой зүйлийг юуны түрүүнд сурч авах хэрэгтэй. Хэрэв хүүхдээ монгол сургуульд сургах боломж бүрдэхгүй, харь оронд удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаа бол гэр орондоо хүүхэдтэйгээ байнга монгол хэлээрээ ярьж, бас боломжтой бол гэрийн сургалтаар монголоор бичих, унших чадвар дадлыг эзэмшүүлэх нь зөв. Юм хоёр талтай учир тухайн орныхоо хэлийг бас сайн сурах хэрэгтэй. Энэ бүхнийг бидний хүүхэд хаана байсан ч ажилд орох, амжилт гаргахад нөлөөлөх нэг үндэс гэж ойлгож болно. Нэг хэлийг сайн сурвал нөгөө хэлийг сурч чадахгүй болдог гэсэн ойлголт байж болохгүй. Ер нь ухаалаг байх нь чухал.

 

- Монголчууд эртнээсээ босоо монгол бичиг хэрэглэж ирсэн ард түмэн. Кирилл үсэг бол Оросоос орж ирсэн харийн бичиг гэж үздэг хүмүүс байдаг. Босоо монгол бичгийг төрийн бичиг болгох тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Монголчууд эртний бичиг үсэгтэй, бичгийн хэлтэй ард түмний нэг. Монгол бичгийн бидэнд мэдэгдэж байгаа анхны дурсгал нь 1225 оны үед хамаарах “Чингисийн чулууны бичиг” байдаг. Тэгэхээр монгол бичгийн хэл XIII зуун юм уу түүнээс өмнөх үеийн монгол хэлний онцлогийг илүү их тусгаж, өнөөгийн монгол хүний ярианы хэлнээс баахан өвөрдсөн /өөр болсон/ тал байдаг. Нөгөө талаар монгол бичиг нь монгол хэлний хувьсал хөгжил, хууль зүйг танин мэдэхэд чухал баримт болдог. Хэдийгээр монгол бичгийг сурахад цаг хугацаа шаарддаг гэсэн ойлголт байдаг ч хүн бүхэн монгол бичгээ сурч эзэмших ёстой. Нөгөө талаар монгол бичгийн хэл ардын ярианы хэлнээс өвөрдсөн сурахад бэрхшээлтэй гэдэг ч юм уу тухайн үеийн Зөвлөлт Оросын бодлогоос шалтгаалан 1946 оноос кирилл үсгийг бичгийн хэлэндээ авч хэрэглэсэн байдаг. Гэхдээ бид бичгийн хэлээ бус, бичиг үсгээ сольсон гэж болно. Энэ хугацаанд шинжлэх ухааны олон бүтээлийг кирилл үсгийн бичгийн хэлээр бичиж хэвлүүлсэн байдаг. Өнөөгийн цаг үеэс харвал бид хос бичигтэй байх нь зөв шийдэл гэж би бодож байна.

 

-Монгол хэл шинжлэлийн уламжлал шинэчлэлийн асуудал, өнөөгийн байдлыг та юу гэж дүгнэх вэ?

 

-Уламжлалгүй шинэчлэл байхгүй гэдэг. Ер нь шинжлэх ухааны төдийгүй аливаа сайны эхлэл ихэнхдээ урьдах сайн зүйлийн үргэлжлэл байдаг. Монгол хэл шинжлэл эртний уламжлалтай ухааны нэг. Монгол хэлний хэлзүйн анхны зохиолыг Сажа бандида Гунгаажалцан 1243 онд бичсэн. 1305 онд нэрт орчуулагч, бандида Чойжи-Одсэр “Зүрхний тольт” хэмээх алдартай хэлзүйн номоо бичсэн нь 1728 онд Алшаагийн рабжамба Данзандагва гэдэг хүний туурвисан хэлзүйн зохиолоор бидний үед уламжлан ирсэн байдаг. Дорно дахины уламжлалаар монгол хэлийг 1920, 1930-аад он хүртэл судалсаар ирсэн байдаг. Европын эрдэмтэд XVIIIXIX зуунаас, Монголын эрдэмтэд 1930- аад оноос монгол хэлийг өрнө дахины хэл шинжлэлийн аргаар судалж эхэлсэн. 1960- аад он гэхэд академич Ш.Лувсанвандан, Б.Ринчен нарын монгол хэл шинжлэлийн алдартай бүтээлүүдийг хэвлэж, өөр өөрийн дэг урсгалыг бий болгосон. Одоо манай эрдэмтэд уламжлалт олон аргыг бүтээлчээр хөгжүүлэхийн зэрэгцээ нейро, цахим, угсаа, соёл хэл шинжлэл, хэлний хэв шинжийн зэрэг орчин үеийн судалгааны олон аргыг бүтээлчээр эзэмшиж, судалгаа хийж байгаа. Иймд шинэ арга, шинэ чиглэлийг бид бүтээлчээр эзэмшиж, монгол хэл шинжлэлийг урагш ахиулахад хичээх ёстой. Энгийнээр хэлэхэд “Монгол хэлний тайлбар толь”, “3өв бичих дүрмийн толь” зэргийг зохион боловсруулахад ч орчин үеийн хэл шинжлэлийн арга, судалгааг бүтээлчээр ашиглаж сурах ёстой. Нэг онцгой бүтээл гарахад тухайн бүтээлийн арга зүйгээр олон сайн бүтээл бий болдог жамтай юм.

 

Б.Мөнх-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • unshigch (83.79.7.232)

    2016-09-26

    ynen buzartai mankuur yhruud. heden zuunii omnoh ni ch odoo tsagiinh ni mongol sudlaach uhaantai iumnuud ni bygd tovd nertei. archaagui shaaruud tovd nertei, tarhiig ni har tovduud bazna. tegeed bas ichihgui mongol hel sudlal gej iarina. ooriin bichig yseggui. orooliin bichig yseg tuuh soioloor gaihuulna

  • Монгол (103.229.120.15)

    2016-09-24

    Хүрээлэнгийнхэн нэг их юм хийж буй юм шиг худлаа ярьцгаагаад лбайдаг. Тэгсэн атлаа хэлний эрдэмтэд Дамдинсүрэн гуайнхаа дүрмийг эс хайхран эгшиг гээхгүй ч гэх юмуу дур дураараа бичицгээж ард түмнийхээ толгойг эргүүлээд байх юм. Үсгийн дүрмээ боловсронгуй болгох чадвар, авьяас байдаггүй юм уу???

  • (202.9.40.225)

    2016-09-24

    Хэлний мэргэжлийн хүн гэсэндээ ярилцлагаа уншиж зассан бололтой. Найруулгын бүтэц гайгүй юм. Баяр хүргье.