Б.Ганбаатар: Гол шалгуурыг үгүй хийснээр шүүх, прокурор, цагдаагаас халагдсан олон хүн өмгөөлөгч болчихсон

 

        Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.ГАНБААТАРТАЙ ярилцлаа.

 

-Манай улсын өмгөөлөгчдийн эрх зүйн орчны талаар мэргэжлийн байгууллагууд хамтран хэлэлцэж байна. Өмгөөллийн эрх зүйн орчин манайд ямар төвшинд байна вэ?

 

-Монгол Улс 2012 оныг хүртэл Өмгөөллийн тухай бие даасан хуультай байсан боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсантай холбогдуулан дээрх хуулийг хүчингүй болгосон. Үүнээс хойш шүүх танхимд иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй өмгөөлөгчдийн бие даасан байдал хангалтгүй болсон гэж хэлж болно. Бие даасан хуульгүй гэдэг нь өмгөөлөгчдийн ажлаа хийх нөхцөл, иргэдийг өмгөөлөх орчин, эргээд нийгэм, төрөөс ирэх дарамт шахалтаас мэргэжлийн үйл ажиллагаагаа хамгаалах боломжгүй гэсэн үг юм. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын талаар шат дараалсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаад өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг сайжруулах арга замын талаар хэлэлцэж байна. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг өөрчилж өөр нөхцөл, хуулиар явуулж буйг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ эрх зүйн байдал нь өнөөдрийн мэргэжлийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй нөхцөлд тохирч байна уу үгүй юу, сайжруулах уу, ямар арга замаар бид цаашид явах ёстой юм гэдгийг хуульчид ярилцаж байна. Үндсэндээ хоёр жилийн хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа явууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр эрх зүйн байдлаа ямар хэмжээнд байна вэ гэдгээ дүгнэж, ирэх сарын сүүлчээр болох Өмгөөлөгчдийн холбооны их хурлаар энэ талаар дахин нухацтай ярина. Улмаар төр, хууль тогтоох байгууллагад өөрийн гэсэн байр сууриа илэрхийлнэ.

 

-Эрх зүйн орчинг сайжруулахад хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?

 

-Дэлхий нийтийн жишгээр өмгөөллийн үйл ажиллагааг явуулахад хүлээн зөвшөөрсөн хоёр зүйл байдаг. Нэгдүгээрт, хараат бусаар явуулах, хоёрдугаарт эдийн засгийн хувьд хараат бус байх ёстой. 1986 онд Өмгөөллийн тухай анхны хуулийг тухайн үеийн Ардын их хурлын зарлигаар баталж байсан. Үүний дараа 1994, 1997, 2000 онд Өмгөөллийн тухай хуулийг баталж, шинэчлэн найруулсан байдаг. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл өмгөөлөгч нь бие даасан хараат бусаар ажиллах, өөрийн гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байх ёстой гэсэн санааг ярьсаар иржээ. Тэгэхээр бие даасан хуультай байна гэдэг түрүүн миний хэлсэн хараат бусаар ажиллах гол нөхцөл юм. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмгөөллийн үйл үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг Хуульчдын холбоонд хамааруулснаар бие даасан хараат бус байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг ярьж эхэллээ.

 

-Өмгөөлөгчид хариуцлага тооцох асуудлыг мөн ярьж байна. Үүний угтвар нөхцөл нь юу байх ёстой юм бэ?

 

-Өнөөдөр мэргэжлийн нэгдмэл хариуцлагатай байна уу эсвэл шүүх, прокурор нь тус тусдаа хуулиараа давхардсан эрх зүйн зохицуулалтаар явна уу гэдгийг хуульчид онцгойлон ярьж байна. Мэргэжлийн нэгдмэл хариуцлага байж болно. Нэгдмэл хариуцлагатай байя гэвэл гүйцэтгэлийг төгс болгох ёстой. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хариуцлага бол зөвхөн Хуульчдын холбоонд байна гэсэн үг. Гэтэл судлаачид, хуульчдын хэлж байгаагаар хоёрдмол хариуцлагатай болчихсон гээд байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн турш явж ирсэн хариуцлагын тогтолцооноос харахад тус тусдаа бие даасан субьект нэгтгэж, мэргэжлийн хариуцлагад оруулна гэдэг жаахан хүндрэлтэй. Тухайлбал, шүүх бол маргааныг тасалдаг, прокурор нь ялладаг, өмгөөлөгч цагаатгах талын нотлох баримтыг цуглуулдаг. Ийм эсрэг тэсрэг хүмүүсийг мэргэжлийн хариуцлагын хувьд нэгтгэх нь их хүндрэлтэй асуудал юм. Би буруу мэдээлэл аваагүй бол сүүлд Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар мэргэжлийн хариуцлагыг өөрийн дэргэдээ авсан гэсэн. Хэрвээ тэгж байгаа бол мэргэжлийн хариуцлагын нэгдсэн тогтолцоог эргэж харах ёстой.

 

-Өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг сайжруулснаар ямар ач холбогдолтой вэ?

 

-Төр өөрийгөө хамгаалсан маш олон байгууллагатай. Аюулаас хамгаалах, тагнуул, цагдаа гэх мэт. Гэтэл ард иргэдийг мэргэжлийн үүднээс ганцхан өмгөөлөгч л хамгаалдаг. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг сайжруулна гэдэг их эрх мэдэлтэй болгох гээд байгаа зүйл биш. Ерөөсөө мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь таатай нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг. Өмгөөлөгчид эрх мэдэл өгнө гэдэг тийм өндөр баталгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмгөөллийн хуулийг бий болгосноор нэгдүгээрт, хараат бус, хоёрдугаарт, олон улсын жишгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад таатай нөхцөл бүрдэнэ.

 

-Манай улсад хэчнээн өмгөөлөгч ажилладаг вэ?

 

-Хуульчдын холбооны гаргасан судалгаагаар шүүх төлөөлөх эрхээ нээлгэсэн 2100 гаруй хуульч бий. Тэднээс 190 гаруйг нь түдгэлзүүлсэн. Мэргэжлийн үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй 1900 орчим өмгөөлөгч бий.

 

-Иргэдийн дунд өмгөөлөгчдийн нэр хүнд буурч байгааг та юутай холбоотой гэж үздэг вэ?

 

-Өмгөөлөгчдийн нэр хүнд муу, үйлчлүүлэгч хоорондын харилцаа тааруу болсон нь тодорхой шалтгаантай. 2013 оны дөрөвдүгээр сарын 15­ныг хүртэл Өмгөөллийн тухай хууль үйлчилж байхад хуульчдын сонгон шалгаруулалтад орсны дараа тэд өмгөөлөгчийн дахин шалгалт өгдөг. Шалгалт өгсний дараа мэргэжлийн болон Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн клиник сургалтад хамрагдаж эрхээ авдаг байлаа. Гэтэл Хуульчийн эрх зүйн тухай хууль гарснаар шууд шүүхэд төлөөлөх эрх нээлгээд өмгөөлөгч болчихдог болсон. Өөрөөр хэлбэл, хүн бүхэн өмгөөлөгч хийх эрхтэй болчихож байгаа байхгүй юу. Өмгөөлөгч гэдэг нарийн мэргэжлийн, өндөр хариуцлагатай ажил. Хүн бүхэн би хийж чадна гэж гүйдэг ажил биш юм. 1994­2013 он хүртэл бид өөрийн үнэт зүйлтэй болчихсон байсан байгууллага. Үнэт зүйл гэдэг нь нийгэм, үйлчлүүлэгчээс тавьж буй шаардлагыг хэлж байгаа юм. Тэр шаардлагыг давсан хүн өмгөөлөгч болдог. Даваагүй нь өмгөөлөгч болж чадахгүй хуульчаараа үлддэг. Тэр шалгуурыг үгүй болгосон нь хамгийн том алдаа болсон. Энэ алдаа гарсантай холбогдуулан шүүх, прокурор, цагдаагаас халагдсан олон хүн өмгөөлөгч болчихсон. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ ёсзүйгээр хасагдсан болон хөөгдсөн хүмүүс өмгөөлөгчдийн гал тогоонд орж ирсэн. Улмаар эдгээр хүн өмгөөлөгч болох шаардлагад нийцсэн эсэх нь эргэлзээтэй. Тиймээс урьд нь байсан үнэт зүйлийг эргээд бий болгох ёстой гэж би боддог. Өмгөөлөгчийн шалгуур өндөр байх ёстой.Тэгж байж иргэдийн эрх ашгийг хамгаална.

 

-Өмгөөлөгчдийн ёсзүйн боловсролыг дээшлүүлэхэд холбооны зүгээс ямар ажил хийдэг вэ? ­

 

-Өмгөөлөгчдийн холбоо нь одоогоор ямар нэгэн төрийн байгууллагын холбоогүй. Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хуулиар сайн дурын үндсэнд байгуулсан байгууллага. Цэвэр мэргэжлийн өмгөөллийн байгууллага болсон гэсэн үг. Хуульч жил бүр дөрвөн кредитийн сургалтад хамрагдаж байх ёстой. Энэ дөрвөн кредитийг цуглуулах нь харьцангуй ойлголт бөгөөд судалгааны үндсэнд бид сургалтаа явуулдаг. Тухайн хуульчид өөрийнх нь мэргэшиж буй чиглэсэн сургалтыг явуулахад анхаарч байгаа. Нийт өмгөөлөгчдийн 80 хувийг сургалтад хамруулдаг. Үлдсэн нь янз бүрийн нөхцөлөөр сургалтад хамрагдчихдаг. Сургалтад хамрагдана гэдэг өөрийгөө боловсруулж байгаа хэрэг.

 

-Өмгөөлөгчид хэргийн талаар нэгд нэгэнгүй ярих болж. Үүнээсээ болж хариуцлага хүлээж байгаа нь ч бий. Үйлчлүүлэгчээ хамгаалах гэсэн тэдний энэ оролдлого зөв үү?

 

-Мэргэжлийн хариуцлагын дүрмээр нэгэнт хүчин төгөлдөр шийдээгүй мэдээллийг олон нийтэд цацах ёсгүй. Аль ч тохиолдолд. Яагаад цацаад байна вэ гэхээр тухайн байгууллагын ажлын аргатай холбоотой гэж би ойлгодог. Тухайлбал, АТГ, Прокуророос мэдээлэл өгөөд байдаг. Гэтэл үүний цаана хүний нэр төр байгаа шүү дээ. Тухайн мэдээлж байгаа зүйл нь шүүхийн шийдвэрээр тогтоосон байвал хэлж байх нь зөв. Харин ямар ч шийдвэр гараагүй байхад мэдээлэл өгдөг нь Байцаан шийтгэх хууль болон мэргэжлийн ёс зүйгээр ч хориотой юм. Түүнчлэн өмгөөлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаар нэр хүндтэй болчихдог юм биш. Нэр хүнд гэдэг өөрийнхөө мэргэжил, мэдлэг боловсрол, ажил үйлсээр л олж авдаг зүйл. Түүнээс олны анхаарал татсан хэрэгт ажиллаад, олон удаа телевизээр гарчихвал мундаг гэсэн үг биш юм.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • tuul (202.126.89.199)

    2016-09-25

    umguulul gedgiig oilgohoo boliood udaj bn,odoo umguulugulch gej baihgui uvruu tuntiilgegch shine ner aldartai bolood bn, ene maani suuliin jiluuded bii bolson shine alban tushaaltanuud yum bnlee.

  • Зочин (202.179.31.59)

    2016-09-24

    Зүгээр л хууль ашигласан луйварчид ӨӨрийн аманд орсон мөнгөө л нэхэнэ Мөнгө эхэлж заавал бөөнөөр нь авна өгөхгүй бол дарамтална Нөгөө талд мэдээлэл өгөхөөс буцахгүй. Өмгөөллийн мөнгөө авчихаад ичихгүй замиын зардал хоолны мөнгө нэхэнэ бас болоогүй авилгалд өгөх мөнгө авна.Нэгэнт аваад мөнгө төлсөн бол дуустал явахаас аргаргүй болно Дахиад мөнгө яг л дахин очихгүй бол болдоггүй бөө шиг л болно. Төрөөм ямар хэрэгт хэдэн төгрөгөөр өмгөөлөхтйг хатуу заахгүй бол арай ч даварч байна мдаа

  • (202.72.242.5)

    2016-09-24

    шүүгч , прокурор байсан хүмүүс өмгөөлөгч нараас илүү мэдлэгтэй болохоор хүмүүс сонгоод байна даа

  • зочин (202.72.242.5)

    2016-09-24

    шинэ гарсан зүйл бүхэн шүүмжлэл дагуулдаг харин хуульч нарын хариуцлагыг дээшлүүлчихвэл аяндаа гайгүй болно доо өмгөөлөгчдийн холбоо гэж одоо хэдэн хүний нэр хүнд ашиг олох байгууллага болсон

  • зочин (202.72.242.5)

    2016-09-24

    шинэ гарсан зүйл бүхэн шүүмжлэл дагуулдаг харин хуульч нарын хариуцлагыг дээшлүүлчихвэл аяндаа гайгүй болно доо өмгөөлөгчдийн холбоо гэж одоо хэдэн хүний нэр хүнд ашиг олох байгууллага болсон

  • (202.55.184.226)

    2016-09-24

    өмгөөлөгч гэж байцаагч,прокурор,шүүгч нарын хооронд зуучилж мөнгө дамжуулж өгдөг гүүр. хэзээ ч өмгөөлж байгаа хүнийхээ талд үнэнч байдаггүй,далимдуулж мөнгө хахууль нэхэж авч өгдөг шүү дээ.

  • зочин (59.153.113.116)

    2016-09-24

    Хуульчийн гэрчилгээ авсан хүнээс өмгөөлөгчийн мэргэжлийн шалгалт авч байх ёстой.Одоо бол авахаа больсон. Тэгэхээр маш сул нөхдүүд шууд өмгөөлөгч болчихдог болсон.Шүүгч болох хүнээс шалгалт авдаг. Тэгвэл шүүх эрх мэдлийн хүрээнд ажлаа хийдэг хуульчдад ялгавартай хандаж болохгүй. Өмгөөлөгчдийн байгууллага хогийн сав биш биз дээ. Шүүхээс хөөгдсөн хүн шууд өмгөөлөгч болчихож болж байна.

  • jjj (203.91.115.46)

    2016-09-24

    өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээс мөнгө салгах,хоорондоо хуйвалдаж эвлэрүүлэн зуучлах,үйлчлүүлэгчид буруу зүйл зааж өгөх гээд хуулиар хүлээсэн бараг л бүх эрх үүргээ урвуулдаг энэнд нь үйлчлүүлэгч нарын эрх зүйн мэдлэг дутмаг ӨХ-оос тавих хяналт сул гээд олон зүйл байна аа