Үүлнээс дээгүүр

 

        Үүлнээс бас уулнаас дээгүүр, газраас долоон мянган бээрийн өндөрт аялж явна. Яасан уудам, ямар үзэсгэлэнтэй вэ миний эх орон.   Шаргал намрыг дэргэдээс нь биш дээрээс нь тольдов. Намар үнэхээрийн  үзэмж төгс улирал ажээ.  Хэсэг газартаа эгээ л зуныг санагдуулам нов ногоон харагдах  атлаа  ердөө алхмын төдий холдоход  шар, улаанаар тунарах нь эрхгүй нүд баясгана. Намар цагийг өнгө будгийн хослол хэмээн нэрийдээд онгоцны цонхоор ширтэн явахуйд монгол гэрийн хийц, хэлбэр хөдөө талын уянгатай  хэчнээн төгс хосолдгийг сая л анзаарав. Дээрээс нь, холоос харахад  энэ  бөмбөгөр цагаан сууц монголчуудын нүүдэлчин ахуй соёл, байгалийн сайхантай захиалсан мэт төгс зохицдог ажээ.
 

Нартай, цэлмэг өдөр таарчээ.  Цөөнгүй удаа хил давж,  агаарын аялал хийсэн ч энэ  өдрийнх шиг  эх орноо алган дээр тавьсан мэт тольдох боломж олдоогүй юм даг. Цаг агаар ярих юмгүй сайхан, тэнгэрт торох үүлгүй байсан нь аялалыг маань улам ч сонирхолтой болгов.  Өнгөрсөн хугацаанд  ихэвчлэн шөнө, эсвэл үүлтэй тэнгэрт, өвлийн цагаар ниссэн   маань сул тал болсон байж ч мэдэх юм.  Ямартай ч энэ удаад  хүрэлцэх хүртлээ нүд, сэтгэлийн хараа  бэлчээж явсаар эх орондоо ирсэн юм.   Өдөр шөнөгүй шахуу “шивдэг” их ажлаасаа  түр амсхийн Манжуурын чиглэлд ниссэн маань намар цагийг өмнөхөөсөө  ч илүү бахдах сэтгэлийг  төрүүлээд ирсэн билээ.   Ийнхүү сонирхолтой бас хачин сайхан цаг үед агаарын аялал хийх боломжийг  “Хүннү эйр”  компанийн хамт олон бидэнд олгосон нь энэ юм. Үеийнхээ таван  залуугийн хамт нэг баг болон гурван өдрийн аялалд гарсан бид замын турш онгоцны цонхонд “туссан” эх орноо магтан дуулсаар ирэв ээ.

 

 

1300 бээрийг хоёр цаг туулсан минь

 

Их үдэд Улаанбаатараас  хөөрсөн бид хоёр цаг гаруй хугацаанд нисээд  зорьсон газраа хүрэв. Хэмжвэл Улаанбаатар хотоос Манжуур ороход 1300 орчим км. Газраар /машинаар/ явахад 22 цаг тасралтгүй довтолгож хүрдэг газарт хоёрхон цагийн хугацаанд нисээд  хүрсэн маань цаг хугацааг эвхсэнтэй ижил зүйл болов.  “Хүн төрөлхтний хамгийн  том ололт бол орон зай, цаг хугацааг туулах чадвартай  оньсон хөлөг бүтээсэн явдал” гэдэг энэ ажээ. “Хүннү эйр”-ийн энэ удаагийн аялалд 30 гаруй  хүн багтжээ.  Тэдний дийлэнх нь худалдаа хийхээр явж буйгаа хэлж байсан бол зарим  нь  цэвэр аялалын журмаар буюу боомтын хоттой танилцахаар яваагаа хэлж байлаа. Аль ч орон руу аялахад мэдээлэлтэй байх нь хамгийн чухал бөгөөд аялалын зардлаа бүрэн тооцоолсон байх хэрэгтэй.Харин ингэж нарийн тооцоолсон хүмүүс бол худалдаа эрхлэгчид байдаг. Энэ удаагийн аялалд  наймаа хийдэг хүмүүс цөөнгүй багтсан байв. Тэдний хэлж буйгаар “Хүннү эйр” компани хямдрал  зарласан төдийгүй  тус компанийн гэрээт  “Шангри Ла” зочид буудал төлбөрөө 80 хувиар  бууруулсан  нь зорчигчдыг ихээхэн татаж байгаа аж. Олон улсын сүлжээ буудал болох “Шангри Ла”-г Монголчууд хэдийнэ мэддэг болсон учраас  өргөнөөр үйлчлүүлдэг болжээ. Бидэнтэй  нэг нислэгт багтсан зорчигчдын олонх нь “Шангри Ла”-д бууж байгаа харагдсан. “Шангри Ла” буудал энгийн үедээ 1500-1700 юанийн үнэтэй  байдаг бол энэ удаад 260 юаниар  үйлчлүүлэх боломжтой. Онгоцонд хамт сууж таарсан, бизнес  эрхэлдэг Ж.Алтантуул эгчтэй зам  зуур хэсэг хөөрөлдөхөд тэрбээр  хэд хэдэн улс руу явж, бизнес эрхэлдэг гэнэ. Түүний хувьд “Хүннү эйр” компаниар анх удаа үйлчлүүлж байгаа төдийгүй тийзний үнэ,  гэрээт буудлынх нь өртөг хямдарсан зэрэг нь таалагдсан учраас үйлчлүүлж байгаагаа хэлсэн. Мөн  агаарын нислэг цаг хугацаа хэмнэдэг хамгийн том  давуу талтайг хэлж байв. Харин газраар явахад   зардлын хувьд нэг их ялгаагүй бөгөөд Манжуур орохын тулд эхлээд Эрээн орж байж дамжих шаардлага гардаг, зам зуур 2-3 хононо.  Харин онгоцоор нисэхэд хоёрхон цаг хангалттай бөгөөд   бараагаа татаад буцаад ирэхэд  гурван өдөр хангалттай байдаг  гэж байлаа. Энэ удаад түүнд болон надад ийнхүү цаг хугацаа хожих боломжийг “Хүннү эйр”-ийнхэн олгосон юм. Харин тус компанитай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл дуулгахад тэд энэ зун агаарын шинэ хөлөг оруулж ирээд байгаа.Тодруулбал, агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулаад таван жил болж буй энэ компанийн хамт олон сүүлийн жилүүдэд нислэгийн тоогоо нэмэгдүүлэх, агаарын тээврийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж буйг тухайлан дурдах нь зүйтэй болов уу. Тэд таван жилийнхээ ойн хүрээнд  АТR-72 маркийн агаарын шинэ хөлгийг  оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн долдугаар сараас эхлэн орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ. Мөн өнгөрсөн сард “Хүннү эйр”-ийнхэн Улаанбаатар- Бугат - Улаанбаатар чиглэлийн шинэ нислэг үйлдэж эхлээд байна.  Монгол Улс агаарын шинэ  замтай болсныг илтгэж буй энэ үйл явдал  бол зөвхөн “Хүннү эйр”-ийн төдийгүй Монгол Улсын агаарын тээврийн хөгжилд бодит түлхэц болсныг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.  “Хүннү эйр” өнөөдрийн байдлаар олон улсын 3 чиглэлд тогтмол болон захиалгат нислэг үйлдэж байгаа бол орон нутагт Мөрөн, Даланзадгад, Чойбалсан, Ховд, Улаангом, Улиастайн чиглэл тогтмол нислэг үйлдэж байна.

 

 

  Түмэн газрын жуулчин хөлхсөн  Манжуур

 

Манжуурт аль л бол аль газрын иргэнийг харж болно. Учир нь энэ хот хэдийнэ  олон улсын худалдааны томоохон төв болсон. Жилд дунджаар  дөрвөн сая гаруй  жуулчин хүлээж авдаг гээд бодохоор жижиг боомтын хотод ахадсан мэт сонсогдоно. Нөгөө талаас хаа сайгүй холхих жуулчид, Манжуурын хөгжлийг харахад эрхгүй барьцах  сэтгэл төрнө. Тэд ингэж хөгжиж байхад бид  давуу талаа хэрхэн ашигласан билээ гээд бодохоор эрхгүй   голох сэтгэл төрснийг нуух юун.  Эрээн хот хэдхэн жилийн дотор яаж сэргэснийг бид шагшдаг шиг Манжуурыг ч бас тэгж шагших цаг ойрхон иржээ.  Уугуул иргэд гэж бараг үгүй, суугуулаар дүүрсэн энэ хот Хонконг, Шанхай шиг хөгжихөд тун ойрхон байна.  Уг нь энэ хот  ердөө 260 орчим мянган хүн амтай ч жилд дунджаар зөвхөн аялал жуулчлалаас 250 орчим сая ам.долларын орлого олж байна.  Орос, Хятадын төмөр замын боомт, гарц болсон авсаархан хот гэхэд  аялал жуулчлалаас олох орлого багагүй байгаа биз.  Дээрх тоон дээр дотоодын жуулчдаас олох орлогыг тооцвол багагүй тоо гарна. Тэд аялал жуулчлалаа өндөр төвшинд хөгжүүлж байгаа төдийгүй, жуулчдын анхаарлыг юунд, хэрхэн татахаа   хэдийнэ мэддэг болсон нь илт.  Хаа сайгүй элдэв хөшөө баримал, нүд баясгах цэцэрлэгт хүрээлэн.    Гурван улсын хил залгаа оршдог учраас Монгол, Оросын жуулчид  дийлэнх хувийг эзэлдэг ч Хятадын гүний иргэд төдийгүй Солонгос тэр бүү хэл, америк жуулчид  ч сүүлийн жилүүдэд их ирэх болжээ.  Оросуудын бэлгэдэл болсон матрёшка хүүхэлдэй ерөнхийдөө хотын бэлгэ тэмдэг гэхэд болно. Хаа сайгүй л  ийм хүүхэлдэйн барималтай таарна. Тэр дундаа монгол, орос жуулчдын хамгийн ихээр зорчиж сонирхдог газар бол Матрёшкагийн талбай. Энд зургаан том, 200 ширхэг жижиг матрёшкагаас гадна, өнгө өнгийн 30 өндөг байдаг нь орос, монголын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдгийн илэрхийлэл ажээ. Мэдээж Манжуурт очоод  заавал үзэх зүйлийн нэг нь  дэлхийн хамгийн том хүүхэлдэй буюу Оросын Матрёшка хүүхэлдэйн талбай юм.

 

 

Манжуур бол  ерөнхийдөө худалдаа наймааны  хот. Тэр дундаа Монгол, Оросууд   голдуу очиж, наймаа хийдэг. Эндээс  үслэг эдлэл худалдаж авалгүй буцсан хүн бараг үгүй. Булга, шуба гэх мэт үслэг эдлэлийн  хот учраас жуулчид сонирхохгүй бас худалдаа хийлгүй өнгөрнө гэж үгүй. Үслэл эдлэлийн тухайд манайд зардгаас хоёр дахин бага үнээр худалдан авах боломжтой. Жуулчдынх нь олонхийг  Монгол, Оросууд бүрдүүлдэг учраас хэл нэвтрэлцэхгүйн зовлон бараг гарахгүй. Цаашилбал, Манжуурт очсон хүнд үзэж харах  зүйл мундахгүй.  Онгоцны буудлаас буугаад матрёшка парк, арслан зааны музей, цэцэрлэг ч бий. Арслан зааны музейд  л гэхэд амьд мэт сүрдмээр зааны хөшөө олон бий. Тус цэцэрлэгт 88 тооны зааны сүрэг бий. Мөн  Манжуур толгой бол заавал үзэх ёстой зүйлийн нэг. Энэ толгойн тухайд манайхаар Зайсан л гэсэн үг. Эндээс Манжуур хотыг бүхэлд нь тольдох боломжтой.  Дээрээс нь Манжуурт очоод үзэх ёстой хамгийн чухал зүйлийн нэг бол яах аргагүй шөнийн гэрэлтүүлэг.   Хэдий хэв, хийцийн хувьд өөр ч  нэг өнгийн гэрэлтүүлгээр асах шөнийн байшингууд ихэр юм шиг харагдана. Хотын удирдлагууд  уг гэрэлтүүлэгт ихээхэн  анхаарал хандуулдаг бөгөөд нэг шөнө Манжуурыг гэрэлтүүлэхийн тулд Засгийн газраас 300  орчим мянган юанаар хэмжигдэхүйц хэмжээний цахилгаан зарцуулдаг байна. Хэрвээ та энэ хотыг зорих гэж байгаа бол 23.00 цагаас өмнө  шөнийн Манжуурыг үзэх хэрэгтэй. Түүнээс хойш бүх гэрэлтүүлгийг нэгдсэн журмаар унтраадаг.

 


 

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.116.131)

    2016-09-30

    ЗӨВ ШҮҮ