Б.Баяраа: Шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд албан ёсоор мэдэгдэнэ

        Дэлхийнбөхийннэгдсэнхолбооныээлжитхуралболж,Риогийнолимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдааны үеэр монгол дасгалжуулагчдын дэвжээн дээр гаргасан үйлдлээс шалтгаалан тэдний тэмцээн уралдаанд дасгалжуулах эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргасан. Үүнээс гадна Монголын чөлөөт бөхийн холбоог 50 мянган швейцарь франкаар торгохоор болсон билээ. Энэ талаар дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа.

 

-2019 оны наймдугаар сарыг дуустал та тамирчдаа дасгалжуулж, тэмцээн уралдаанд оролцох боломжгүй боллоо. Энэ шийдвэртэй санал нийлж байгаа юу?

 

-Энэ талаар ярихаас өмнө сүүлийн үед болсон үйл явдлын талаар ярих хэрэгтэй байх. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоонд “Маш нууц” гэсэн албан бичгийг өнгөрсөн сарын 25- ны өдөр ирүүлсэн. Энэ албан бичигт Монголын чөлөөт бөхийн холбоод болон хоёр дасгалжуулагчид ямар нэгэн арга хэмжээ авах талаар санал ирүүлээгүй. Зөвхөн шийтгэлийн санал ирүүлсэн. Үүнд, “Монголын чөлөөт бөхийн багийг дэлхийн ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргасныг дурдсан байлаа. Үүний дараа Монголын чөлөөт бөхийн холбоо албан ёсны хурал хийсэн. Хурлын үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирүүлсэн албан бичгийг танилцуулсны дараа Ц.Цогтбаяр бид хоёр саналаа хэлсэн. Олимп бол шударга өрсөлдөөн, шударга шүүлтээр зохион байгуулдаг хүн төрөлхтний хамгийн том наадам. Энэ наадамд хоёрхон хүн тангараг өргөдөг. Тухайн спортын төрлийг шударга шүүнэ гэж шүүгчид тангарагладаг. “Би шударгаар өрсөлдөнө” гэж тамирчин тангараг өргөдөг юм. Гэтэл Риогийн 65 кг-ын жингийн Г.Мандахнарангийн барилдаан дээр тэмцээнийг шударга шүүнэ гэж тангараг өргөсөн шүүгч дүрмийн алдаа гаргаж, тэмцээнийг шударга шүүнэ гэсэн тангаргаа зөрчсөн. Шүүгч тангаргаа зөрчиж, дүрмийн алдаа гаргаснаар үзэгчдийн дургүйцлийг төрүүлж “Mongolia, Mongolia” гэж биднийг дэмжиж байсан. Энэ үед бид Монгол Улс, тамирчныхаа эрх ашиг болон буруу шүүлтийг эсэргүүцэн шүүгчид шаардлага тавьж, “Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны дүрмийн 33 дугаар заалтыг та зөрчлөө. Энэ заалтад шүүгч ямар нэгэн торгуулийг санал болгосон бол хоёр шүүгчтэйгээ санал нэгдсэн тохиолдолд барилдааны цаг дуусахаас нэг секундийн өмнө ч хамаагүй зогсоогоод ялсан эсвэл ялагдсаныг үндсэн цагт тодорхойлсон байх ёстой. Гэтэл та шүгэлдэж зогсоолгүйгээр зөвхөн нэг шүүгчийн санал тавьсан байдлаар үндсэн цаг дууссан учир таны бүрэн эрхийн хугацаа дууссан” гэдгийг Азербайжаны шүүгчид хэлсэн. Шүүгч орос хэлтэй, лалын шашинтай хүн байсан. Тэр миний шаардлагыг ерөөсөө хүлээж аваагүй. Дараа нь би дэвжээний ахлах шүүгч дээр очоод өмнөхтэй адилхан шаардлага тавьсан ч хүлээж авалгүй хүчээр шийдвэрлэсэн. Чөлөөт бөхийн олон улсын дүрэмд “цаг дууссан тохиолдолд гурван шүүгч санал нэгдэж, оноо торгуулийн үйлдэл дээр шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Монголын зарим шүүгч 5.59 минутад хийсэн мэх 6.00 минут болоод цаг дууссан тохиолдолд мэхний үргэлжлэл яаж дууссан, ямар үнэлгээ өгөхийг цаг дууссаны дараа гурван шүүгч бичлэгийг үзээд санал нэгдэж болно гэж яриад байгаа юм. Энэ чинь мэхний үйлдэл. Мэхний үйлдлийн талаарх олон улсын заалтыг оноо, торгуулийн дүрэм журмын заалттай хольж, хутгаж ерөөсөө болохгүй.

 

-Г.Мандахнарангийн барилдааны цаг дуусахаас сүүлчийн мөчид гаргасан үйлдлийн талаар хүмүүс яриад байгаа шүү дээ?

 

-Тэмцээний сүүлийн гурван секундийн үйл ажиллагааг нарийн ажиглавал Г.Мандахнарангийн өрсөлдөгч нь дайрч байгаа. Тэр үед Г.Мандахнаран хажуу тийшээ болон дэвжээнээс гарч зугтаагүй. Өрсөлдөгч бөхийнхөө дайралтаас зайлж байгаа нь харагдана. Энэ нь барилдааны үед байдаг л тактикийн ажиллагаа. Зай авах тактикаар Г.Мандахнаран өрсөлдөгчийнхөө өмнө гараа өргөсөн. Тэр гараа өргөсөн байдал нь “Чи миний хаанаас ч барьж болно” гэсэн байдалтай байсан. Гэтэл Узбекийн тамирчин гараа алдалсан байдалтай манай тамирчныг барьж авч чадахгүйдээ цухалдсан янзтай байгаа. Ер нь барилдааны дүрэмд тамирчин хүн барилдааныхаа хугацаанд шүүгчийн шийдвэрт нөлөөлөх үг хэл болон үйлдлээр нөлөөлөх эрхгүй гэсэн байдаг. Гэтэл Г.Мандахнарангийн өрсөлдөгч шүүгчид хов зөөж байгаа юм шиг орилсноос гадна барилдахгүй гараа алдлаад зогссон. Ингэхээр хоёр тамирчны гурван секундэд болж байгаа зүйл гэвэл нэг нь баярлаад зай авах тактик хэрэглэж, нөгөө нь хожигдлоо хүлээж, сэтгэлээр унан шүүгчдийн шүүлтэд нөлөөлөх гэж бүхий хүчээ дайчилж байгааг харуулсан. Гэтэл 5.58 минутад дэвжээний шүүгч “Оноо торгууль өгье” гэж санал гаргасан байгаа юм. Энэ саналыг гаргахдаа хажуугийн буюу дэвжээ ахалсан хоёр шүүгчтэй санал нэгдсэн тохиолдолд барилдааны үндсэн цаг дуусахаас өмнө шүгэлдэж барилдааныг зогсоогоод оноо торгуулиа өгсөн бол өнөөдөр бид юу ч хэлж чадахгүй. Гэтэл шүүгч дүрмийн дагуу ажиллаагүй. Энэ бол олимпын түүхэнд байхгүй асуудал. Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос шүүлтийн буруу үйл ажиллагаанд албан ёсны тайлбар өгөхгүй байгаа нь бас л дүрмээ зөрчсөн хэрэг юм.

 

-Ц.Цогтбаяр дасгалжуулагч та хоёрын тэмцээн уралдаанд оролцох эрхийг гурван жилээр хассан нь Монголын чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо руу явуулсан саналтай холбоотой гэж та үзэж байгаа юм уу?

 

-Би тэгж бодоод байгаа юм биш. Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос ирсэн мэдэгдэлд тэгж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын талаас ирүүлсэн захидлын дагуу бид дасгалжуулагчдын эрхийг хасах шийдвэр гаргалаа гэж албан ёсны орчуулгатайгаа байж байна. /баримтыг үзүүлэв/ Дээр нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос ирүүлсэн бичигт “Шүүлтийн хариуцлагыг бид шүүхгүй болно” гэсэн байгаа.

 

-Монголын чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо руу явуулсан захидал ямар агуулгатай, юу бичсэн талаар та бүхэнд танилцуулаагүй гэж ойлгож болох уу?

 

-Бидэнд үзүүлээгүй. Гэтэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос ирүүлсэн бичигт “Монголын чөлөөт бөхийн холбооноос наймдугаар сарын 31-нд ирүүлсэн захианд үндэслэн Спортын шүүхээс тухайн хэргийг нарийвчлан авч үзээд дараах шийдвэрийг гаргалаа” гэсэн байсан. Одоо хүртэл ямар захидал явуулснаа үзүүлээгүй. Тиймээс бид тэр захидлыг шаардах болно. Гэхдээ бичгийг үнэн зөвөөр нь өгөх үү гэдэгт эргэлзэж байна. Хүмүүс мэднэ шүү дээ. Хуурамч визийг скайнердаад Азийн аваргад оролцох гэж байгаа тамирчин, дасгалжуулагчдаа Арабын шоронд саатуулсан шүү дээ.

 

-Ц.Цогтбаяр багш та хоёр ямар арга хэмжээ авахаар ярилцаж байна вэ?

 

-Бид шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо руу албан ёсоор мэдэгдэнэ. Олон улсын олимпын хороонд ч өөрсдийнхөө байр суурийг танилцуулна. Ямар ч арга хэмжээ авсан бид айхгүй. Нэг зүйлийн талаар бас бодох хэрэгтэй. Монголын чөлөөт бөхийн холбоог 50 мянган швейцарь франкаар яагаад торгов. Энэ асуултад хариулах хэдэн тайлбар хэлье. Монголын чөлөөт бөхийн холбооны томилолтоор Монголын хоёр шүүгч олимпын өмнө Оросын Холбооны Улсад очоод тус улсын аварга шалгаруулах тэмцээнийг буруу шүүснээс Дагестаны баг тэмцээнийг албан ёсоор хаяад явсан. Энэ нь тамирчин дасгалжуулагчдын дургүйцлийг асар их төрүүлсэн. Дээр нь энэ асуудал Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны удирдлага болон зарим улс орныхны дургүйг хүргэсэн ажиллагааг олимпын өмнө явуулсан. Мөн Монголын баг Азийн аваргад оролцохоос өмнө хуурамч визийн асуудлаар олны хэл амны бай болсон. Түүнээс болж Монголын чөлөөт бөхийн гаргах амжилт буурсан.

 

-Тэр тэмцээний үеэр дасгалжуулагчид тамирчныхаа оронд барилдсан биз дээ?

 

-Тийм. Энэ мэтчилэн дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд байгаагүй сонин зүйл болсон. Дээрээс нь Асашёорюүгийн сошиал ертөнцөөр цацсан мэдэгдэл байна. Дэлхийн бөхийн холбооны төлөөлөгчдөд арав, арван мянган доллар халаасанд нь хийж өгөөд бөхийн медалийг бид хуваарилуулдаг зэрэг замбараагүй мэдээ мэдээлэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд гомдол, санал болж очиж байгаа шүү дээ.

 

-Буруу шүүлт явуулсан монгол шүүгчдийн хариуцлагагүй үйл ажиллагаа олимпын наадамд нөлөөлсөн гэж та бодож байна уу?

 

- Нөлөөлөөгүй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл дэвжээний болон хажуугийн шүүгч лалын шашинтай. Дээр нь Узбекийн бөх лалын шашинтай. Дегастаны чөлөөт бөхийн багийн гомдол, санал нөлөөлөөгүй гэх аргагүй байгаа биз дээ. Үйлийн үр гэж байна. Үүний золиосонд бид орчихсон гэж хэлэхэд ч буруутахгүй.

 

-Риогийн дэвжээн дээр хамт байсан хоёр дасгалжуулагч нь холбооноос гарчихаар Г.Мандахнарангийн сэтгэл зүйд хүнд туссан байх. Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос шийдвэр гаргасны дараа та хоёр тамирчинтайгаа уулзсан уу?

 

-Энэ үйл явдал зөвхөн Г.Мандахнарангаар тогтохгүй Монголд чөлөөт бөхөөр хичээллэж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдад хүндээр тусч байгаа. Энэ удаагийн шийтгэл Риогийн дэвжээн дээр хувцсаа тайлсан хоёр дасгалжуулагчаас болоогүй юм. Өмнө нь болсон олон асуудлаас үүдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар 2019 оны наймдугаар сарын 20- ныг дуустал дотоодын болоод олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болоод байна. Саяхан л Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын бөхийн дэвжээн дээр тамирчидтайгаа ид хаваа гайхуулж байсан тэд одоо ажилгүй болсон. Гэхдээ тэднийг дэмжиж байгаа хүн олон байгааг Б.Баяраа дасгалжуулагч хэлж байсан юм. Биднийг ярилцах өдөр тэрбээр ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн харьяа Биеийн тамир, спортын тэнхимийн багш болж, анхны хичээлээ заахаар оров.

 

Б.Сэлэнгэ

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (103.229.123.138)

    2016-09-27

    Ширээний болон талбайн теннис, шатар, усан сэлэлт, ойр, холын зайн гүйлт, биллярдаас бусад спортын шүүлт олон улсад луйвар, хахууль, шударга бусын шуудай болжээ.

  • (139.5.216.131)

    2016-09-27

    ЗӨВ ШҮҮ

  • (202.9.44.178)

    2016-09-27

    хоёр дасгалжуулагчид амжилт хүсье