Ж.Сауле: Өвчтэй малыг устгалд оруулаагүйн гай одоо гарч байна

 

 

       ХХААХҮ-ийн дэд сайд Ж.САУЛЕТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та ажлаа авангуут гоц халдварт өвчин гарсан зүүн аймгуудаар яваад ирсэн. Тэнд байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

 

-Дэд сайдын ажлыг авсныхаа дараахан зүүн аймгуудад шүлхий, цэцэг өвчний дэгдэлт гарсан гэсэн мэдээллийн дагуу яваад ирсэн. Манай улсын нутаг дэвсгэрт 2016 оны долоодугаар сарын эхээр дэгдсэн шүлхий өвчний голомт бол Төв, Говьсүмбэр аймагт байгаа юм. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан суманд шүлхийн дөрвөн голомт байна. Бид өвчний дэгдэлтийг бууруулхын тулд хорио цээрийн дэглэм, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үзлэг тандалт, судалгааг хийж, шүлхийгээр өвчилсөн малыг дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу устгах арга хэмжээ авч ажиллаж байна. Харин цэцэг өвчин өнгөрсөн оны нэгдүгээр сард Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Дорноговь, Дундговь аймаг төдийгүй Улаанбаатарт ч гарсан. Энэ өвчнөөр 215 мал хорогдож, 5975 малыг устгалд хамруулж, 4810-ыг нь эмчилсэн. Дээрх өвчний дэгдэлт үндсэндээ хумигдах шинжтэй болсон.

 

-Монголд гарч байгаагүй мялзан өвчин Ховдод гарсан гэсэн мэдээлэл байна. Та бас баруун аймгуудаар яваад ирсэн учраас энэ талаар мэдээлэлтэй байгаа байх?

 

-Ховд, Баян-Өлгий, Увс аймагт хил дамнасан мялзан төст өвчний шинж илрээд байгаа юм. Манайд урьд өмнө нь гарч байгаагүй учраас вакцин нь Монголын эмийн бүртгэлд байхгүй. Баян-Өлгийн нэг, Увсын хоёр, Ховд аймгийн 11 суманд энэ өвчин илэрсэн. Одоогийн байдлаар нийтдээ 999 өрхийн 7975 толгой мал өвчилж, 12 мянга гаруй мал хорогдсон гэсэн мэдээлэлтэй байна. 603 мянган малыг эмчилж, 4524 мал өвчтэй байгаа. Энэ өвчинтэй тэмцэхээр Ховдод 42, Баян-Өлгийд хоёр, Увсад 15, Завхан хоёр, ГовьАлтайд хяналтын гурван цэг, 250 албан хаагч ажиллуулж байна.

 

-Вакциныг оруулж ирж бүртгэлжүүлэхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ?

 

-Эдгээр өвчнөөс сэргийлэх вакцин, ариутгал, х а л д в а р г ү й ж ү ү л э л т и й н бодист болон хүмүүсийн хөдөлмөрлөсөн хөлсийг өгөөгүй өр төлбөр бий. Үүнийг Улсын онцгой комисс хуралдаж, шуурхай арга хэмжээ авч 13.2 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газраас шийдэж өгсөн. Мялзан өвчний вакцин худалдаж авахад 3.9 тэрбум, 43.2 саяар оношлуур, 277.5 сая төгрөгөөр халдваргүйжүүлэлтийн бодис шууд гэрээ байгуулах замаар худалдан авахаар болсон.

 

-Вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэх вэ?

 

-Гоц халдварт мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг баруун таван аймгийн өвчин гарсан сэжигтэй хамгаалалтын бүсийн малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 55 сумын 9.5 сая малд хийхээр тооцоолоод байна. Мялзангийн вакцинийг оруулж ирээд эмийн бүртгэлд бүртгүүлсний дараагаар вакцинжуулалтыг эхлүүлнэ. Энд 100 оюутан, 141 дүйцүүлэх цэргийг дайчлах санал тавьж байгаа. Оюутнуудыг ажиллуулах Засгийн газрын тогтоол гарчихсан. Вакцинжуулалтын ажлыг 10 хоногийн дотор хийх ёстой . Тиймээс хүн хүч их шаардлагатай.

 

-Гоц халдварт өвчний дэгдэлтийн гол шалтгаан нь юундаа байна вэ?

 

-2012-2016 оны хооронд гарсан гоц халдварт өвчинтэй малыг устгалд ерөөсөө оруулаагүй байна. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас бидэнд гоц халдварт өвчин гарсан тохиолдолд тус малыг шууд устгах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Энэ ажлыг өнгөрсөн жилүүдэд гүйцэтгээгүй учраас дээрх өвчний дэгдэлт ихэсчээ. 2012 онд бид ажлаа өгөхдөө баруун бүсийг эрүүл бүс гэж өгсөн байдаг. Эрүүл бүсийн малын махыг гадагшаа экспортлох бүрэн боломжтой. Гэтэл биднийг ажлаа өгсний дараа энэ бүсэд шүлхийн дэгдэлт гарч эхэлсэн. Өнгөрсөн Засгийн газар шүлхийг устгаагүй учраас одоог хүртэл уг өвчний дэгдэлт буурахгүй байгаа юм.

 

-Удахгүй отрын улирал эхлэх гэж байна. Энэ нь гоц халдварт өвчинтэй тэмцэхэд хүндрэл учруулах уу?

 

-Нөлөөлөлгүй яахав. Отрын бүсэд орж гарч буй малд ямар ч хяналт байхгүй байснаас цэцэг өвчин тархсан. Тиймээс отрын бүсийг цэгцэлж, хяналтад авч нэгдсэн нэг горимд оруулна.

 

-Энэ ажлыг өмнө нь хийж байсан. 2011 онд гарсан шүлхийг долоохон хоногт дарж байсныг хүмүүс мэднэ. Гэтэл гоц халдварт өвчний дэгдэлт зогсохгүй байгаа нь ямар учир шалтгаантай гэж та харж, юу гэж дүгнэж байна вэ?

 

-2008-2012 оны хооронд би энэ ажлыг хийж байсан. Тэр үед Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу ажиллаж байжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гоц халдварт өвчнөөр өвчилсөн малыг устгалд оруулаагүй шалтгааныг гайхаад барахгүй юм. Хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар өвчилсөн малыг устгалд оруулаагүй байна. Гэтэл 2013-2015 оны мал устгалын мөнгийг одоо хүртэл олгоогүй гэх юм. Өнөөдөр бид данс нь улайсан, өрөндөө баригдсан Засгийг хүлээж авсан. Өнгөрсөн жилүүдэд нэг наст ургамал тарьж, хогийн ногоон уутанд өч төчнөөн тэрбумыг үргүй зарцуулсан хэрнээ мал эрүүлжүүлэх талд юу ч хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Ер нь төрөөс малчдын талаар баримтлах бодлого алдагджээ. Малыг эрүүлжүүлэх ажил зогсонги байдалд оржээ. Ийм замбараагүй үйлдлийн гайг бид зохицуулах гэж зүтгэж байна.

 

-Гоц халдварт өвчинтэй тэмцэхэд цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Гоц халдварт өвчнөөс сэргийлэх нь хариуцлагын асуудал. Тиймээс энд хариуцлагын зуд нүүрлэсэн нь илт байгаа юм. Хорио цээрийн дэглэмээ чанга барьж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, ажлын стратегаа зөв боловсруулбал энэ ажлын ард гарч болно. Цаашлаад чадваргүй, хариуцлагагүй төрийн албан хаагчид ихээр бий болсон. Зарим нь гоц халдварт өвчний талаар анхны мэдэгдэхүүнгүй. Ажлын туршлагагүй, ямар стратегаар ажиллаж байгаагаа мэдэхгүй хүмүүсийг өнгөрсөн дөрвөн жил ажиллуулжээ. Хамгийн гол нь өнгөрснөө муулах гэж байгаадаа биш тэдний алдаа дутагдлыг нөхөхийн тулд шуурхай тэмцэж ажиллах болж байна. Гэхдээ маш их хугацаа алдаж байна. Түүнчлэн энэ сарын 21-22-нд Булган аймагт гоц халдварт өвчинтэй холбоотой сургалт зохион байгууллаа. Үргэлжлүүлэн ажлын хэсгээ өргөтгөөд зүүн аймгийн шүлхий, цэцэг өвчин болон баруун аймагт гарсан мялзан өвчний байдалтай танилцаж, хяналт тавьж ажиллана.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (103.57.94.220)

    2016-09-27

    энэ казак авгайг дэд сайд болоход л малын элдэв овчин гарах юм монголын мал аж ахуйд их халтай хасагмаа юм даа Оор хийчих малын эмч зоо техникч хасаг биш хун олддоггуй юм уу МАНд

  • (202.9.44.210)

    2016-09-27

    Ийм өвчин дэлгэрээд байгаа шалтгааныг ярихгүй юм.. Болохгүй л байгаа байлгүйдээ. Зарим хүний биззнес байж магадгүй.

  • зочин (103.9.88.162)

    2016-09-27

    дэд сайдаар малын эмч тавьсан бол ийм бйадалд орохгүй л байсан байх даа, одоо яах вэ

  • зочин (49.0.204.180)

    2016-09-27

    хуц мангармаа минь