УИХ-ын намрын чуулганы цагийг тогтоолоо

 

        УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр захирамж гаргаж, 2016 оны УИХ-ын намрын чуулганы цагийг тогтоолоо. Захирамжид зааснаар УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт 10.00 цагаас эхэлж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоожээ. Энэхүү цагийн хуваарьт нийцүүлэн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулж байхыг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонд үүрэг болгосон байна. Түүнчлэн хуулийн дагуу намрын ээлжит чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээх ёстой. Харин энэ удаад амралтын буюу бямба гариг таарч байгаа учраас ирэх сарын 3-нд нээхээр болоод байна. Энэ удаагийн ээлжит чуулганаар 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Эдгээрийн дунд цаг хугацааны хувьд заавал хэлэлцэн батлах ёстой хэд хэдэн хуулийн төсөл бий. Тухайлбал, Монгол Улсын 2017 оны төсөв, Хүний хөгжлийн сангийн 2017 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хугацаанд нь батлах учиртай. УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хойшлуулсан. Мөн дээрх хоёр хуулийг дагалдаж гарсан таван хуулийг ёсчлон батлаагүй гэдэг шалтгаанаар хууль санаачлагчид нь буцаасан. Түүнчлэн дээрх таван багц хуульд багтаж байсан Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг Засгийн газраас дахин өргөн барьсан. Тиймээс ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл багтсан юм.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • pkxny (49.0.204.180)

    2016-09-27

    ардчилсан нэрээр халхавч хийсэн АН-ын удирдлагад гарсан шуналт хүн хувалз, ардаар халхавч хийсэн МАН-ын шуналт хүн хувалзнуудыг өөрийн гар хөлөөр дамжуулан идүүлэхийг багасгахын тулд орон нутгийн сонгуульд АН МАН-аас нэгч хүнийг гаргахгүй байхыг монголчууд минь мэдтүгэй