ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн тариалангийн бүс нутгуудаар ажиллалаа

 

        ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн болон ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь улсын үрийн нөөцийн тариалалт, хураалт,үрийн чанар    байдалтай газар дээр нь танилцлаа. Ажлын хэсэгт  ХХААХҮЯ-ны газар,хэлтсийн дарга нар, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга З.Нэргүй болон албаны бусад хүмүүс байлаа

 

Дархан–Уул аймгийн 4 сум хоорондоо газар зүйн байрлал, экологийн орчин, ургамлан бүрхэвч, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ашиглалт, зориулалтын хувьд харилцан адилгүй байдаг. Аймгийн нийт хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 75.3 хувь нь Хонгор суманд байдаг байна. Хонгор суманд үр тарианы үйлдвэрлэл,буудай, төмсний сортын үр үйлдвэрлэл, усалгаатай үр тарианы үйлдвэрлэл,таримал тэжээлийн үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд ажлын хэсэг улсын үрийн нөөцийн хураалтын явцтай газар дээр нь танилцсан юм. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Буурлын энгэрийг зорилоо. Монгол улс 1953 онд малын чанар сайжруулах үржлийн  ажилд малын нөхөн үржихүйн биотехнологийн хамгийн хямд, оновчтой, хялбар аргын нэг болсон зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, 1958 онд “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц”-ийг байгуулсанаар одоогийн Малын удмын сангийн үндэсний төвийн суурь тавигдсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн үндсэн үйл ажиллагаа нь мал сүргийг генийн түвшинд төрийн хамгаалалтад авч, малын үржлийн ажил, үйлчилгээнд биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг нэвтрүүлсэнээр малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэн мах, сүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгод чиглэгддэг.Малын удмын сангийн үндэсний төвд хээлтүүлэгч малын үр үйлдвэрлэх, хөврөл үр үйлдвэрлэх, генетик судалгаа хийх, малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг зохион байгуулах орчин үеийн шаардлагад нийцсэн дэд бүтэц байхгүй байгаа учраас энэ ажил, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэхгүй байна.  

 

Иймээс тус төвийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн, олон улсын жишигт хүргэх зорилгоор УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрт “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг шинээр байгуулах томоохон зорилтыг тусган хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү ажлыг 2011 оноос  эхлүүлэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газрыг авч, инженер-геологийн судалгаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийсний үндсэн дээр цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөө, иж бүрэн зураг төслийг гүйцэтгэн, 2 үе шаттайгаар төлөвлөн,  2013 оноос эхлэн эхний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажилд улсын төсвөөс 11,6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэн, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “НАБСАН” ХХК ажиллаж байна. 

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Буурлын энгэрт хийж байгаа цогцолборын эхний ээлжийн ажлын гүйцэтгэл 95,0 хувьтай байгаа бөгөөд захиргаа, үйлдвэрлэл, малын байрны зориулалттай 17 барилгын угсралтын ажил, нийт 11,0 км урт газар доорхи инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгээд байгаатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд газар дээр нь танилцлаа.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)