CNN-ийн үзэгчид Хиллари Клинтоныг дэмжлээ

 

        АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн телевизийн анхны мэтгэлцээн орон нутгийн цагаар энэ сарын 26- нд Нью-Йорк мужийн Хемпстед хотын Хофстрад их сургуульд боллоо. Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон болон Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Доналд Трамп нар ийнхүү анх удаагаа нүүр тулсан мэтгэлцээн хийжээ. 90 минутын турш үргэлжилсэн мэтгэлцээнийг 100 сая хүн үзсэн нь АНУ-ын телевизийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй мэтгэлцээн болсон аж. Нэр дэвшигчдийн мэтгэлцээний үр дүнг барууны мэдээллийн агентлагууд өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа бөгөөд CNN телевизийн үзэгчдийн 62 хувь нь анхны мэтгэлцээнд Хиллари Клинтон ялсан хэмээн үзжээ. Харин 26 хувь нь Доналд Трампыг дэмжсэн байна. Мэтгэлцээнийг NBC сувгийн хөтлөгч Лестер Холт хөтлөн явуулсан аж. Мэтгэлцээнд улс төр, эдийн засаг, аюулгүй байдал гэсэн гурван сэдвийг хөндсөн зургаан асуулт багтсан ба өрсөлдөгчид хэрхэн хариулсныг тоймлон хүргэе. Халз мэтгэлцээн АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагын тухай асуултаар эхэлсэн бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон эхэлж үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд шийдвэрлэх нийгэм, эдийн засгийн бодлогоосоо товч танилцуулсан байна. Харин Д.Трамп өрсөлдөгчөө Ерөнхийлөгч байх хангалттай тэвчээр, сэтгэлийн хаттай хүн биш гэж тодорхойлсон аж. Тэрбээр “Ерөнхийлөгч хүн ямар ч хэлэлцээрийг байгуулах чадвартай байх ёстой ба Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонд тийм чадвар байхгүй” гэжээ. Худалдаа, эдийн засгийн тухай хоёр дахь асуултад Д.Трамп “30 жил худалдаа, эдийн засгийн талаар ярьсан ч нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна. Ялангуяа Хиллари Клинтоны нөхөр төрийн тэргүүн байхдаа байгуулсан Хойд Америкийн худалдааны гэрээ АНУ-ын түүхэн дэх хамгийн муу гэрээ болсон. Бид худалдааны гэрээний нөхцөлийг өөрчлөх хэрэгтэй” хэмээн шүүмжилжээ. Түүний шүүмжлэлийн хариуд “Доналд Трамп, та бол өөрийн бодлоор л амьдардаг хүн” хэмээн Хиллари хариулжээ. Ажлын байрны тухай асуултад Х.Клинтон “Шинээр ажлын байр бий болгох нь эдийн засгийн ач холбогдолтой. Жижиг бизнес, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хөгжлийг дэмжих шаардлагатай” хэмээсэн бол Д.Трамп “Бид ажлын байрны шударга хуваарилалтыг бий болгох ёстой. Гадаадын цагаачид америкчуудын ажлын байрыг хулгайлж буйг зогсоох хэрэгтэй” гэв. Д.Трампын энэ мэдэгдэл дундаж давхаргын цагаан арьст америкчуудын үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд үзэгчдийн дургүйцлийг төрүүлсэн тухай шинжээчид онцоллоо. Харин Хилларигийн байр суурь өнгөт арьст америкчууд болон бусад үндэстний цөөнхүүдэд таалагдаж, үзэгчдийн дэмжлэг авахад нөлөөлсөн байна. Холбооны нөөцийн тухай асуултад Трамп, “АНУ-ын Холбооны нөөцийн системийн үйл ажиллагаа Төв банкны үүргийг гүйцэтгэж байна. Хиллари Клинтон шиг улстөрчид буруу шийдвэр гаргаж эдийн засгийн нөхцөл байдлыг доройтууллаа” гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж буй онцлох сэдэв болох захидал харилцааны нууц, татварын талаар өрсөлдөгчид байр сууриа илэрхийлсэн байна. Д.Трамп “Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа хувийн и-мэйл хаягаа албаны хэрэгцээндээ ашигласан нь санаатай хийсэн үйлдэл” хэмээжээ. Харин Хиллари Клинтон алдаагаа хүлээн зөвшөөрч “Энэ бол санаатай үйлдэл байгаагүй. Алдаа байсан” гэв. Мөн Д.Трамп татварын асуудлаа нууцалдаг. Тэрбээр Уолл Стритийн банкируудад өртэй байх. Магадгүй татвараа төлөөгүй ч байж мэднэ. Америкчууд үүнийг мэдэх эрхтэй. Д.Трамп татвар төлөлтийн тайлангаа олон нийтэд ил болгох ёстой гэж мэдэгдлээ. Харин үүний хариуд Д.Трамп “Хэрэв Хиллари Клинтон хувийн мэйл хаягаа ашиглан бичсэн 33 мянган захидлаа олон нийтэд ил болгосон тохиолдолд би татварын тайлангаа зарлахад бэлэн байна” гэжээ. Харин АНУ дахь угсаатан үндэстний тухай сүүлчийн асуулт нэр дэвшигчдийн дунд ширгүүн маргаан дэгдээсэн юм. Афро америк болон испани хэлтнүүд хэзээ, хэний гарт амиа алдах бол гэсэн айдас дунд амьдарч буйг Д.Трамп онцолсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ дахь арьс өнгөний үзлийг арилгахын тулд хичээн ажиллана гэв. Харин Хиллари Клинтон АНУ-д сүүлийн үед үүссэн нөхцөл байдал, арьс өнгөний үзлийг арилгахын тулд жирийн иргэд болон хууль сахиулах байгууллага цагдаа нар хоорондын итгэлцлийг дахин бий болгох шаардлагатай гэж үзэж буй юм. Мөн улс оронд газар аваад буй зэвсэгт халдлагад цэг тавих хэрэгтэй гэлээ. Түүнчлэн үндэстний цөөнхүүд цаашид давуу эрх эдлэх ёстой бөгөөд энэ нь юуны өмнө хар арьст америкчуудад хамаатай гэдгийг дурджээ. Энэ бол Ардчилсан намын төдийгүй Америкийн улс төрийн дээд төвшнийхний байр суурь мөн гэдгийг тэрбээр онцолсон байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)