Зургаан сартай хүүхдэд вакцин хийснээр гаж нөлөө үзүүлэхгүй

 

        ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.СУВДМААГААС дараах зүйлийг тодруулав.

 

-Улаанбурхны вакциныг зургаан сартай хүүхдэд хийх юм байна. Өмнө нь есөн сартайд нь товлолт вакцинд хамруулдаг байсан. Үүнд ямар нэгэн гаж нөлөө гарах уу?

 

-Жил бүрийн есдүгээр сарын дунд үеэс ханиад, томуу идэвхждэг. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор улаанбурхан өвчин дэгдэх магадлал өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Улаанбурхны вакцинжуулалтыг өмнө нь есөн сартайд нэг, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаа урьдчилан сэргийлэх үүднээс зургаан сартай хүүхдэд 0 буюу хамгийн бага тунгаар хийхээр болсон. Вакцинжуулалтын ажлыг ирэх сарын 3-наас эхлүүлнэ. Зургаан сартай хүүхдэд вакцин хийснээр гаж нөлөө үзүүлэхгүй. Үүнийг эмч нар зөвлөлдсөний эцэст Зөвлөх хорооны зөвшөөрөлтэйгөөр хийж байгаа юм.

 

-Вакцинжуулах ажлыг орон даяар зохион байгуулах уу?

 

-Нярай хүүхдийн ванцинжуулалтыг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймаг болон нийслэлийн есөн дүүргийн харьяа эмнэлгүүдэд хийнэ.

 

-Нийтээр вакцинжуулалтад хамруулах үед жирэмсэн байсан эхчүүд төрснөөсөө хэдий хугацааны дараа хийлгэх вэ?

 

-Нийтээр вакцин хийх үед жирэмсэн байсан эхчүүд төрснийхөө дараа шууд хамрагдах боломжтой. Хүүхэд есөн сар хүрээд улаанбурхны вакцин хийлгэдэг. Гэвч өнгөрсөн өвөл есөөс доош сартай хүүхдүүд улаанбурхнаар өвдөх тохиолдол их гарсан. Тиймээс эхчүүд төрсний дараа вакцинаа хийлгээд хөхөөрөө дамжуулан хүүхдээ дархлаажуулах хэрэгтэй. Ингэснээр нярай хүүхэд улаанбурхнаар өвдөх тохиолдлыг бууруулах бүрэн боломжтой. Мөн эхээс нь гадна бага насны хүүхэдтэй гэр бүлийн гишүүд нь бүгд вакцинд хамрагдсан байх шаардлагатай.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)