Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг 2030 онд бүрэн устгана

 

        Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газрын хамтран санхүүжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”­ийн нээлт өчигдөр боллоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, НҮБ­ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Катахара нар төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг 4.3 сая ам.доллар, НҮБ­ын Хүн амын сан 853 мянган ам.доллараар санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газар мөнгөн бус хэлбэрээр 452 мянган ам.долларын хувь нэмэр оруулж, нийт 5.6 сая ам.долларын төсөвтэйгөөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэнэ. Төслийн хүрээнд 2030 он гэхэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгаж, жендерийн тэгш байдлыг хангах, жендерт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгааны талаар судалгаа явуулах, олон нийтийн мэдлэгийг сайжруулах, хүчирхийлэлд өртөгсдөд чиглэсэн үйл ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгох ажлыг хийх аж. НҮБ­ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Катахара “Жендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг нухацтай шийдвэрлэх, хүний эрх ялангуяа тус улсын охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангахын төлөө бид Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай байна” хэмээн онцоллоо. Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Одоогоос нэг жилийн өмнө “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг НҮБ­аас гаргаж байлаа. Харин өнөөдөр төсөл хэрэгжих боломж бүрдэн гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэндээ сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хууль зүй дотоод хэргийн яамны хүрээнд гэр бүл болон жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь бидний хариуцах гол ажлын нэг юм. Өнгөрсөн ээлжит бус чуулганы үеэр УИХ, Засгийн газарт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өргөн барьсан. Засгийн газрын баталсан анхны томоохон бие даасан хуулийн нэг болон ирэх сард батлагдана гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төсөл хэрэгжих боломж бололцоогоор хангасан НҮБ­ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамт олонд Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Шинээр батлагдах хуулийг хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг сургах, иргэд олон нийтэд таниулан сурталчлах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалалтад авах, аюулгүй байдлыг хангахад төсөл үр өгөөжөө өгнө гэдгийг онцолъё” гэлээ. Жендерт суурилсан хүчирхийллийн талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Жендерт суурилсан хүчирхийлэл гэж юу вэ. Гэр бүлийн хүчирхийллээс тусдаа ойлголт уу?

 

-Гэр бүлийн жендерт суурилсан хүчирхийллийн нэг төрөл юм. Энэ нь их өргөн хүрээтэй ойлголт. Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадуудын эсрэг хүчирхийлэл гэж нэрлэхгүйгээр жендерт суурилсан хүчирхийлэл гэж нэрлээд байгаа нь шалтгаантай холбоотой. Хүчирхийлэл үүсээд байгаа суурь шалтгаан руу нь хандахгүйгээр үүнийг зогсоож чадахгүй гэж үздэг. Олон нийт ихэвчлэн архидалт, ядуурал, боловсрол, гаднын олон хүчин зүйлээс жендерт суурилсан хүчирхийллийн шалтгааныг хайдаг. Гэтэл хамгийн гол нь хүмүүс хоорондын харилцаа, тэгш бус байдлаас бий болдогийг олон улсын төвшинд анхаарч үзээд байгаа. Тухайн нийгмээс эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай оноож өгсөн үүрэг хариуцлага, байр сууриас шалтгаалж үйлдэж байгаа үйлдэл болгоныг жендерт суурилсан хүчирхийлэлд хамруулдаг. Мэдээж хохирогч нь эрэгтэй, эмэгтэй хэн ч байж болно. Гэхдээ энэ төрлийн хүчирхийллээс манай улсад нэлээд түгээмэл үйлдэгддэг нь гэр бүл, гудамж талбайд болж байгаа бэлгийн хүчирхийлэл, ураг төрлийн хүчин, ажлын байран дахь бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, мэтийн өргөн хүрээний ойлголтыг авч үзнэ.

 

-Энэ төрлийн хүчирхийлэлтэй холбоотой судалгаа бий юү?

 

-Үндэстнийг хамарсан тодорхой судалгаа байхгүй. Одоо хэрэгжих гэж буй төслийн хүрээнд улсын хэмжээний судалгааг хийх байх. Цагдаагийн ерөнхий газар гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгтэй холбоотой судалгааг сүүлийн гурван жил хийгээд байгаа. Мөн Үндэсний стандартын хорооноос уг судалгааг хийдэг. Сүүлийн зургаан жилд зөвхөн гэр бүлийн хүчирхийллээс болж 95 хүн амь насаа алдсан байдаг. Мөн сүүлийн гурван жилийн дунджийг үзвэл жилд 24­26, он гарсаар арваад хүн гэр бүлийн хүчирхийллээс болоод амь насаа алдаад байна гэсэн тоон мэдээлэл бий.

 

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч нь?

 

-Ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд хохирогч болдог. Энэ нь эрх мэдлийн ялгаатай харилцааг харуулж байна. Яагаад гэвэл эмэгтэй хүн нөхөн үржихүйн үүрэг хариуцлагаасаа шалтгаалаад гэрт суух болдог. Үүнээс хамааран орлого хомс болох, хийж байгаа ажил нь үнэлэгддэггүй зэргээс үүдэн харилцаанд эрх мэдлийн ялгаатай байдал үүссэнтэй холбоотой. Зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн тухайд аваад үзэхэд 97 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд, гурван хувь нь эрэгтэйчүүд байдаг. Хохирогч болсон эрэгтэйчүүдийг аваад үзэхээр гэр бүлийн бусад эрэгтэй гишүүдийнхээ хүчирхийлэл дарамтад орсон байдаг.

 

Ж.ЖАВЗАНПАГМА
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Яг ш дээ (150.129.140.130)

    2016-09-29

    2030 он гэхэд хүчирхийллийг бүрэн устгана ч гэх шиг. Яаж ингэж худлаа хуцаж чаддаг бнаа. Хүний ертөнц байгаа цагт хүчирхийлэл байсаар л байх болно. Аль ч нийгэмд ийм хүчирхийлэл байсаар л байдаг. Энхжаргал жаахан юм уншиж тархи толгойгоо цэнэглэмээр юм...

  • АХ (122.201.19.30)

    2016-09-29

    Яагаад 30 он гэж? Өнөөдөр, маргааш, нөгөөдрийн дотор л устгах ёстой биш үү.

  • (202.131.225.147)

    2016-09-29

    Гарчигаас харвал эмэгтэйчүүд л хүчирхийлэл хийгээд байдаг мэт ойлгохоор байна.

  • ойн савдаг (202.131.228.20)

    2016-09-29

    Бямбацогтын ярианаас коммунист үзэл суртлын үнэр ханхалж байна.Социализм байгуулж байхад л иймэрхүү юм ярьдаг байсан. Ж нь 2000 онд Улаанбаатарт гэр байхгүй болно бүгд байранд орно гэх шиг.Нийгэм байгаа цагт хүчирхийлэл байж л таараа.

  • aaaaaaaaaaa (211.217.210.246)

    2016-09-29

    ter boltol ch olon hun hohirno doo zailuul...yun 2030 vee 2023