Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

 

Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг уриаллаа

 

Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Засгийн газраас ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдэд уриаллаа.

 

Уриалгад : “Улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө цагт Та бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн сонголт хийх нь хүндрэлээс гарч, өсөлтийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болно.

 

Үндэсний үйлдвэрлэгчид олон жилийн турш хүчин чармайлт гарган ажиллаж, техник, технологио шинэчлэн сайжруулсны дүнд импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж, чанар нь дээшлэн, дотоод, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар, нөөц, боломж бүрдлээ.

 

Иймд өрх гэрийн болон байгууллагынхаа хэрэгцээнд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг сонгохдоо Монголдоо үйлдвэрлэснийг худалдан авч, хэрэглэн улс орныхоо эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэжээ.

 

Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

 

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дараах үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нар өглөө.

-  Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судлан, санал боловсруулж танилцуулах

-   Стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжихийг судалж шийдвэрлэх

-  Үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтад харгалзан үзэх хөнгөлөлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжид  нэмэлт, өөрчлөлт замаар тусгахыг судалж, санал боловсруулан танилцуулах

-  Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийсэн байгууллагыг урамшуулах, худалдан авахыг дэмжсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх зэргийг үүрэг болголоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)